Дэлхийн ухаалаг утасны зах зээлд ноёлдог хоёр гол компаний нэг болох Apple тун удахгүй буюу ирэх сард iPhone 6 утсаа олон нийтэд танилцуулахаар болжээ. Тус компани шинэ загварын iPhone 6 утсыг шинэ эриний гар утас гэж тодорхойлж байна. Олон нийтийн дунд энэ утасны талаар хэдийнэ шуугиан дэгдсэн. Утасны дэлгэц өмнөхөөсөө илүү том байх ба цоо шинэ үйлдлүүдтэй байх гэнэ.
Харин ирэх сард болох шинэ утасны танилцуулгын талаар анхлан мэдээлсэн Жон Пакзовский шинэ утасны дэлгэцийн хэмжээ 4.7 болон 5.5 инч байна гэжээ. Мөн шинэ эриний A8 процессортой байх гэнэ.
iPhone 6 утасны онцлогууд
- Илүү том дэлгэц, нарийхан загвар
- Хоёр шинэ хэмжээ: 4.7 болон 5.5 инч
- Илүү хурдан буюу A8 CPU-тэй
- 2014 оны намар худалдаанд гарна
Одоогоор энэ утсыг хэзээ зах зээлд гаргах нь тодорхойгүй байна. Гэхдээ Apple компанид тогтсон уламжлал ёсоор тэд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсны дараа долоо хоногийн баасан гарагт борлуулалтаа эхэлдэг. Хэрэв энэ удаад ч тэр жишгээ дагавал 9 дүгээр сарын 19-нд шинэ үеийн ухаалаг гар утас худалдаанд гарна.
Тус компани 5.5-ийн хэмжээтэй дэлгэц бүхий гар утас үйлдвэрлэхэд багагүй хүндрэлтэй тулсан гэдэг яриа тархсан. Үүгээр зогсохгүй том хэмжээтэй утасны үйлдвэрлэлээ зогсооход хүрсэн гэдэг мэдээлэл ч цацагдсан юм.
Хэрэв энэ үнэн бол зааны хэмжээтэй гэж нэрлэсэн энэ утсыг 4.7 инчийн ухаалаг утсаа худалдаанд гаргасны дараа л танилцуулах бололтой. Энэ нь тус компаний хувьд цоо шинэ зүйл биш. Учир нь өнгөрсөн жил тэд iPad Air таблет компьютерийг зах зээлд гаргаад дөнгөж 10 хоногийн дараа жижиг iPad-ээ танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл тэд хэрэглэгчиддээ байнга хоёр сонголт санал болгодог.
iPhone 5s болон iPhone 5c утаснуудыг нэг өдөр танилцуулж байв. Нэг загвартай эдгээр утаснууд нь жилийн өмнөх iPhone 5 загварын үргэлжлэл байсан юм. Харин энэ удаад iPhone 6 цоо шинэ загвартай болжээ.
Ирэх сард болох шинэ бүтээгдэхүний танилцуулгыг Apple-ийн түүхэнд байгаагүйгээр өргөн хэмжээнд, ёслол төгөлдөр зохион байгуулах юм байна. Тэд энэ оны эцэс гэхэд 80 сая ширхэг iPhone 6 утас борлуулах тооцоо ч хийжээ. Тус утсыг зохион бүтээгчид хэрэглэгчдийн дунд тэдний бүтээсэн том хэмжээтэй утас заавал шуугиан тарина гэж үзэж байгаа юм.
Ямартаа ч шинэ бүтээгдэхүүнээ гаргасан Apple компани энэ намар их л завгүй байх бололтой. Тэд энэ оны эхний 7 сарын турш нам гүм байсан юм. Мөн тус компаний удирдлагууд оны эцсээс өмнө цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн танилцуулна гэсэн амласан. Энэ нь бугуйндаа зүүх ухаааг төхөөрөмж болох iWatch байж болзошгүй. Энэ бугуйвч хэрэглэгчийнхээ эрүүл мэнд, фитнесийн зөвлөх нь байх юм. Энэ төхөөрөмж гар утасны үйлдлийн систем болох iOS 8-аар ажиллана.
Үүгээр зогсохгүй Apple компани iPad Air болон iPad mini загварын таблет компьютерийнхаа дараагийн загварыг энэ намар гаргана.
Эх сурвалж: appleinsider.com