“-Зөв хө! Аз хүү байхад мөнгө ч гарт шүү” гээд хүмүүсийг уриалж явсан Одноог дуудав. Угаасаа мөрийтэй тоглоом, азанд итгэдэггүй Даваа жаахан хаширлаж байснаа: “-Эхлээд зүгээр нэг хаяад үзье” гэхэд залуу чөргөр хар гараараа хүснэгтээ имэрч: “-Гэхдээ хожлыг олгохгүй гэж түрүүн сонссон байх. Том хожил таарвал харамсалтайяа? Тэгж байхаар тогло л доо?” гэхэд Даваа үзээд алдахаар шийдлээ. Шоог шидээд дугаарыг шалгавал дөчин мянгыг хожих байж. “-Ээ, энэ сайхан боломжийг алдах ч гэж. Аз гэж байдаг л юм шиг байна даа” гэж бодонгоо нэлээн хэдэн хүн нэмж ирсэнийг анзаарав. Одоо саарал малгайт хүмүүст үйлчлээд Давааг ч анхаарах завгүй болжээ. Тэдний дундаас урт цувтай залуу эхнэрийн хамт: “-Алив, би би” гэж өндөлзөнө. Харсаар байтал тэд эхний удаад наян мянгыг хожив. Урамшуулалд нь дахин хаях эрхээ эдэлж, харин сүүлийнх дээр тавин мянгыг хожиход саарал малгайт шогширон толгой сэгсэрч: “-Ямар гээчийн аз нь шовойсон нөхдүүд вэ, Хаха” гэж хүйтнээр инээгээд: “-Та хоёр наад мөнгөө барьцаалаад дахиад тоглож болно шүү” гэхэд эхнэр нь жуумалзаж:
“-Одоо хэрэггүй ээ, хэт шунавал аз харьдаг гэсэн” гэж цааргалав. Харин нөхөр нь ятгасаар тоглож, дахин хожоод бөөн баяр болцгоолоо. Тэр бүрийд саарал малгайт Одноогоос мөнгө авч, хожсон хүмүүст тарааж байв. Үүнийг нүдээрээ харсан Даваагийн сонирхол улам хөдөлж уулгамч хүн шиг:
“-Одоо би, би тоглоё” гээд түрийвчээ ухахад тоглоомчид хэдийнээ хэтэвчин дэхийг нь бүртгэж амжихыг анзаарсангүй. Түүгээр ч барахгүй шоогоо атгаад шивших зуур мөнөөх хоёр эмэгтэй, түрүүний эхнэр нөхөр бүгд хожлын мөнгийг Одноод сэм буцааж өгч байлаа. Овоо олзтой болсондоо урамшин хожлоо барьцаалж тоглосоор нэг мэдэхэд бүр гурван зуун мянгатай болчихжээ. Хожсон мөнгөө гартаа барьж үзээгүй ч тоглосоор л. “Одоо болох биш үү?” гэсэн бодол эргэлдэвч, хүмүүс аз хийморьтойг нь шагшицгаахын хэрээр Даваа улам хөөрцөглөнө. Саарал малгайт: “-Ёстой сайн эр байна даа чи. Одоо тэгээд бүгдийг нь барьцаалах юм уу?” гэхэд Даваа түрүү түрүүчийн хожилдоо эрдэж гялалзсан нүдээр инээн үг дуугүй толгой дохив.
“-Одоо алдвал юу ч үгүй үлдэж магадгүй шүү хө, тэгвэл эхний төлбөр таван зуун төгрөгийг л буцаадаг дүрэмтэй” гээд зальжин инээсээр шоог атгууллаа. Тоглоомын амтанд нэвт орсон Даваа түрүүний эмэгтэйгээс ч дутахааргүй сурамгай шившээд шидэв. Шунал хуруулсан азын шоонууд тавлах мэт эргэлдсээр ердөө л “Дөрөв”-ийн тоо буулаа. “-Дөрөв…, дөрөв!” гэж чичирсэн
хуруугаа гозойлгож цаасанд нүүрээ наах шахна. Адтай шооны маданд унасан Даваагийн нүд харанхуйлах шиг болоход цугласан олон зэрэг шахуу “Ээ, арай ч дээ” гэлцэх нь сонсогдов. Тэдний дундаас нэг нь: “-Хм, их шуналтвал ингэж балардаг юм, за мөнгийг нь өг өг!!” гэж ёжтой инээнэ. Саарал малгайт гарынхаа хир, хөлсийг шингэтэл атгасан таван зуун төгрөг сарвайлаа. Даваа даруй түүнийг заамдаж: “-Би дахиад тоглоё. Надад мөнгө байна!!” гэж уурсахад: “- Оо ёо ёо, яах нь вэ хө? Нэгэнт ингэсэн хүн хожно гэж байдаггүй юм” гэхэд: “-Гэхдээ чи хожлыг минь хүний урманд ганц удаа харуулаагүй. Чамд ер нь мөнгө байсан юм уу?” гэж омогшиход: “Зүгээр байгаарай нөхөр минь!!! Хүн бүрт өгч байсныг нь чи өөрөө харсан биз дээ! За баяртай” гээд ялсан дийлсэн хүний байдлаар бахдалтай гэгч нь явж одов. Юу ч үгүй хоцорсон Даваа бухимдах, харамсах зэрэгцэн халаасаа тэмтрээд хэтэвч нь алга болсоныг сая л мэдлээ. Бүр ч сандран цагдаа дуудахаар гар утсаа хайтал бас байдаггүй. Өнөө улайран дэмжиж байсан хүмүүс ч сураггүй. Дэмий л хөмхийгөө зуугаад хамгийн ойрхон цагдаагийн газрыг хайлаа.
“-Азын шоо, алтан шоо, шоогоо хаяж мөнгөө хожоорой” гэх эмэгтэйн дуу цангинасаар ард хоцорлоо.