Б.Энхцацрал: Өөрийгөө ялахад багшийн минь зөвлөгөө тус болсон

 Монголын бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн энэ сарын 2-нд UB PALACE-т болж өндөрлөсөн билээ. Тэмцээнд 27 байгууллагын 89 тамирчин эрэгтэй, эмэгтэй, фитнесс, модель ангилалд өрсөлдсөн юм. Тэднээс түрүүлсэн тамирчин энэ сарын 24-26-нд Макаод болох Азийн АШТ-д оролцох эрхтэй. Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцох модель мисс Б. Энхцацралтай ярилцлаа.
-Спортын төрлүүдээс фитнесс сэтгэлийг тань юугаараа тэгтэл их татав. Хичээллэхээр дурлаж байсан түүхээ сонирхуулж яриач?

-Миний спортоор замнасан түүх урт биш л дээ. Арван жилийн сурагч байхдаа би бие султай, өвчинд өртөмтгий, биеийн тамирын хичээлд орох дургүй хүүхэд байсан. Тиймээс эм уухгүй, спортоор хичээллэж эрүүл болъё гэж боддог байв. Өнгөрсөн жилийн наймдугаар сард спортын ямар нэгэн төрлөөр хичээллэж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлье гэж бодоод “Тайхар” клубийг зорьсон. Тэнд дөрвөн сар хичээллээд “Perfect” клубт орж, Г.Жамц багшийн удирдлагад фитнессээр хичээллэсэн.

“Perfect” клубт хөл тавьсан тэр өдрөөс хойш миний зорилго өөр болсон. Нэг удаа хамт олонтойгоо бодибилдинг фитнессийн тэмцээн сонирхож үзлээ. Нөхөд маань “Чи фитнессээр хэдэн сар хичээллэлээ. Хотын аварга шалгаруулах тэмцээнд ороод үзээч” гэж ятгасан. Багш нар маань ч намайг дэмжив. Анхныхаа тэмцээнд оролцохдоо ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилт базаасан болохоор их ядарсан. Тэмцээний эмэгтэй фитнесс, модель мисс ангилалд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн. Шагнал маань надад энэ спортоор тууштай хичээллэх урам зориг, эрч хүч хайрлаж билээ. Өөрийгөө ялахад багшын минь зөвлөгөө тус болсон.

-Энэ жилийн бодибилдинг, фитнессийн УАШТ таны хувьд хоёр дахь том тэмцээн чинь байлаа. Тив, олон улсын тэмцээнд оролцдог алдартай тамирчидтай өрсөлдөхөд амаргүй л байсан биз?

-Би өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Одоо ч гэсэн өөртөө нэг л итгэхгүй байгаа. Богинохон хугацаанд хичээллээд ийм том амжилт гаргана гэдэг амар байгаагүй. УАШТ-д фитнессээр олон жил хичээллэсэн, амьдралаа энэ спортод зориулж яваа мундаг тамирчид өрсөлддөг. Тэднийг ардаа орхиж, түрүүлэхэд надаас сэтгэлийн хат, тэсвэр хатуужил, зориг их шаардсан. Өмнө нь хараад биширдэг байсан тамирчдаа ялж, энэ жилийн тэмцээний модель миссээр шалгарсандаа сэтгэл өндөр байна. Бодибилдинг, фитнессийн тамирчид хоолны дэглэм нарийн, чанд баримталдаг. Багш маань бидэнд зөвлөгөө өгч, “Тамирчин хүн тэмцээнд ялж, ялагдаж болно. Тиймээс сэтгэлийн тэнхээтэй байх ёстой” гэж захидаг. Энэ жилийн УАШТ-д би сэтгэл зүйн хувьд их тайван оролцсон. Өрсөлдөгч тамирчдаа хараад бага зэрэг эмээж байсан ч өөрт байгаа авьяас, ур чадвар, мэдрэмж бүхнээ дайчилж гаргасан. Модель ангиллын финалд шалгарсан таван тамирчинд багтсанаа сонсоод сэтгэл тайвширсан. Шүүгч тайзан дээр миний нэрийг дуудаж, цом, алтан медаль,өргөмжлөл гардуулахад багшын минь хэлсэн үг бодогдож, дүр төрх нь өөрийн эрхгүй нүдэнд харагдсан. Шагналаа гардаж авах мөчид багшаараа их бахархсан даа.

-Модель мисс ангиллын финалд шалгарахад Г.Жамц багш тань юу гэж зөвлөсөн бэ?

-Тэмцээний өмнөх өдөр багш бидэнд тамирчин хүн ямар байх ёстой талаар сайн зөвлөсөн. Багш маань заримдаа ярихаасаа илүү харцаараа зөвлөдөг. Тайзан дээр гарахын өмнө “Чи тэмцээний энэ шат хүртэл өрсөлдлөө.Тайван байгаарай” гэж захисан.

-Охиноо фитнессээр хичээллэхэд аав, ээж тань нэг их дуртай байгаагүй л болов уу?

-Гэрийнхэндээ фитнессээр  хичээллэхээр шийдсэнээ дуулгахад тийм ч таатай хүлээж аваагүй. Эхэндээ “Чи бие муутай, фитнессээр хичээллэх хэрэггүй” гээд дэмждэггүй байв. Намайг анхныхаа тэмцээнд орж, хүрэл медалиар шагнуулсан тэр үеэс гэрийнхэн маань ойлгож, дэмждэг болсон. Одоо тэд маань миний фэн болсон шүү дээ. Хамт олон маань ч гэсэн ойлгодог болж байгаа. Би фитнессээр хичээллэхээсээ өмнө мяраалаг охин байлаа. Ангийн хүүхдүүд намайг бондгор гэж өхөөрдөж цаашлуулна. Ангийнхан маань тэмцээнд оролцсон зураг харчихаад “Хүүеэ, энэ чи мөн гэж үү” гэж их гайхсан. Фитнессээр хичээллэхэд биеийн жин чухал биш. Хамгийн гол нь өөхөө шатааж, булчингаа зөв хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Спортоор хичээллэснээс хойш өвчин, зовиур хэлэхээ больж эдгэрсэн шүү.

-Фитнессийн дасгал хүнд шүү дээ. Тэвчээртэй хүн л энэ спортод үлдэж, амьдралаа зориулдаг. Бэлтгэл хийхдээ халширч шантарсан удаа олон байв уу?

-Надад халширсан удаа цөөнгүй. Гэхдээ зорилгоо эрхэмд тавьж, тэвчээртэйгээр урагшилсан. Аливаа зүйлд тууштай хандана гэдэг амжилтад хүрэхэд том алхам болдог. Энэ спортод өөрийгөө зориулж яваа. Би спортын гайхамшгийг мэдэрч эхэлсэн үеэс тамирчин хүний зовлон жаргалыг илүү ойлгодог боллоо. Спорт хүнийг өөрчилж, тэвчээр хатуужилтай болгодог юм билээ. Надад ямар нэг асуудал тулгарвал бухимдахгүйгээр тайвнаар хүлээж авдаг. Хэр баргийн зүйлд шантрахгүй, аливаа зүйлийг эерэг талаас нь харж, хэн нэгний хэлсэн шүүмжийг хүлээцтэй сонсон, өөрт хэрэг болох зүйлийг тусгаж авдаг.

-Та спортын төлөө дуртай амттанаасаа татгалзаж чаддаг уу?

-Чаддаг. Хоолны дэглэм барьж чадахгүй бол фитнессээр хичээллээд үр дүнд хүрэхгүй. Сэтгэлийн хатыг тамирчин хүн зөвхөн хоол хүнс бус өөр олон зүйл дээр гаргадаг. Би гурван сарын турш ногоо, тахианы цээж мах чанаж давсгүй идлээ. Хүний бие өөх тос, уураг, нүүрс ус гэсэн гурван төрлийн зүйлээс энергиэ нөхдөг. Бодибилдинг, фитнессийн тамирчид хоол хүнсэндээ өөх тос хэрэглэдэгүй. Тэмцээний өмнөх өдөр ус хасаж, балга ч ус уухгүй. Хэцүү санагдсан бүхнийг сэтгэлийн тэнхээгээр даван туулж, ард нь гарсны дараа л спорт ямар хатуу, бас ямар гайхамшигтай болохыг мэдэрдэг.

-Багш тань энэ жилийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бил үү?

-Тийм ээ. Багшийг маань Г.Жамц гэдэг. Бодибилдингээр олон жил хичээллэсэн туршлагатай тамирчин. Улсын хоёр удаагийн аварга, ОУХМ цолтой. Энэ сарын 26-нд Макаод болох Азийн АШТ-д 16 тамирчин оролцохоос дөрөв нь манай клубийн тамирчин. Багш нар маань бидэнтэй чөлөөтэй, нээлттэй харилцана. Зөвлөхийн зэрэгцээ амьдралын ухааны хичээл заана шүү дээ. Тэд өнөөдөр хийх ёстой ажлыг маргааш гэж хэзээ ч хойшлуулдаггүй. Ажлыг цаг хугацаанд нь амжуулж сурсан. Тамирчин хүнийхээ хувьд багш нарынхаа хөдөлмөрч, олонтой эвсэг харилцдаг зангаас суралцахыг боддог.

-Тэмцээний дараа алжаалаа тайлж, тухтай амарсан уу?

-Хоёр хоног амраад л бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсэн. Үүрэг, хариуцлага шагналтай хамт дагаад ирэх шиг санагдсан. Олны итгэл, найдварыг даана гэдэг хэцүү. Тиймээс надад тэмцээнд амжилтгүй оролцох эрх байхгүй.

-Дизайнер мэргэжлээрээ ажиллах юмсан гэх бодол төрдөг үү?

-Би Баянзүрх дүүргийн 48-р сургууль дүүргээд,ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологи, интерьер дизайны ангид суралцаж, 2011 онд төгссөн. Их сургуулиа дүүргээд магистрт суралцаж, өнгөрсөн хавар төгслөө. Фитнессээр хичээллэхийн хажуугаар мэргэжлээрээ ажиллах бодол бий. Магистр суралцаж байхдаа судалгааны ажил хийж, эрдэм шинжилгээний хуралд суудаг байв. Тэр үед эрдэмтэн, судлаач болдог юм бил үү гэдэг бодол төрж байсан. Өнгөрсөн жил ШУТИС-ийн магистр, докторуудын эрдэм шинжилгээний хуралд оролцож, шилдэг илтгэгч болж, сургуульдаа багшилсан. Би одоо “МСS Property LLC” компанид ажилладаг. Ажлын удирдлага, хамт олон маань намайг ойлгож, сайн дэмждэг.

-Найз нөхдөө фитнессээр хичээллүүлэхээр уриалж байна уу?

-Найзууддаа “Фитнесс гоё спорт. Та нар хичээллээч” гэж санал тавьдаг. Сүүлийн үед хамт олон маань саналыг минь дэмжиж, фитнессээр хичээллэдэг болсон. Би гурван охинтой айлын дундах нь.Эгч, дүүгээ фитнессээр хичээллэхийг уриалж байгаа. Тэд маань энэ жилийн хотын болоод УАШТ-ийг зорьж ирээд үзсэн шүү.

-Фитнессийн эмэгтэй тамирчдаас хэнийг их хүндэлдэг вэ?

-Г.Гансаруул эгчээр их бахархдаг. 2011 оноос хойш фитнессээр тасралтгүй хичээллэж байгаа. Одоо 34 настай. Тэрбээр амьдралынхаа хэв маягийг өөрчилж, тамирчин хүн өөрийгөө хэрхэн ялж, амжилтад хүрч чаддагийг харуулсан. Фитнессийн тамирчдад уйгагүй хөдөлмөрч зангаараа үлгэр дуурайл болж яваа хүн дээ.

-Бодибилдинг, фитнессийн тамирчид уураг, амин дэм их хэрэглэдэг. Сард хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Бидний хэрэглэдэг уураг, амин дэм, витамин өндөр өртөгтэй. Миний хувьд сард хоёр сая төгрөг зарцуулдаг. Булчингаа хөгжүүлэхэд уураг их нөлөөлдөг юм. Спортоор хичээллэдэг тамирчдад энерги авах, эрч хүчээ нөхөхөд олон төрлийн эрдэс бодис, витамин хэрэглэх шаардлагатай болдог. Заримдаа дуртай амттанаа хүсэж, тэвчээр алдагдах үе цөөнгүй. Тийм үед тэвчиж, зорилгоо түрүүлж боддог. Харин тэмцээний дараа дуртай зүйлээ идэх хамгийн сайхан аз жаргал шиг санагддаг.

-Спортын өөр төрлөөр хичээллэхийг хүсдэг үү?

-Усанд сэлэлтээр хичээллэх бодол бий. Фитнесс эмэгтэй хүний хувьд залуу насны спорт. 25-30 нас амжилт гаргах оргил үе нь байдаг. Харин бодибилдинг бол арай өөр. Эрэгтэйчүүд 40-өөс дээш насандаа амжилт илүү гаргадаг юм билээ.

-Та хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бэ?

-Тайван зантай. Сэтгэлийн эмоци, хөдлөлөө дарж чаддаг. Тэмцээнд оролцоход энэ зан, чанар маань нөлөөлдөг юм.

-Ойрын таван жилд хийхээр төлөвлөсөн зорилгоосоо хуваалцаач?

-Ирэх жилийн тэмцээнд оролцож, амжилтаа бататгана.Боловсролдоо түлхүү анхаарч, хэлний мэдлэгээ дээшлүүлж, эрдмийн зэрэг горилох бодол бий. Миний хувьд боловсрол, спортыг зэрэг хөгжүүлж, хос морьтой урагшилна гэж бодож байгаа.

-Найз нөхөдтэйгээ уулзах зав гаргаж байна уу?

-Найзуудтайгаа уулзалгүй удлаа. Макаод болох Азийн АШТ-д оролцчихоод найзуудтай уулзана. Өдөр болгон бэлтгэл сургуулилттай байдаг болохоор гэртээ харьж, аль болох тухтай амрахыг боддог. Одоогоор Макао ямар хот вэ болох, бас тэнд Азиас ямар улсын тамирчид бидний өрсөлдөгч болж оролцох талаар судалж байна даа.

Г.Батцэцэг

чехол macbookdubai incall escorts


Б.Энхцацрал: Өөрийгөө ялахад багшийн минь зөвлөгөө тус болсон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.