БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал өнөөдрөөс эхэллээ.
БНХАУ-ын төрийн тэргүүн сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард төрийн тэргүүнээр сонгогдсон Си Зиньпин даргын хувьд гадаад улсад хийж байгаа хоёр дахь айлчлал нь энэ болж байгаа аж. Харин түүнийг дагалдан Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны хоёр гишүүн ирсэн бөгөөд бусад төлөөлөгчдийн дотор Монгол улсад саяхан албан ёсны айлчлал хийсэн Хятадын Гадаад харилцааны яамны сайд, хэвлэл мэдээллийн байгууллагын 80 гаруй төлөөлөгч, инженер техникийн ажилтнууд багтаж байгаа аж.
БНХАУ-ын дарга Си Зиньпинг мөн дагалдан түүний эхнэр Пэн Лиюань ирсэн бөгөөд Хятадын соёлын өдрүүдийг тэрээр албан ёсоор нээх юм байна.
Пэн Лиюань 1962 оны арваннэгдүгээр сарын 20-нд Шандун хязгаарын Юньчэн сууринд төрсөн, Хятадын алдартай дуучин. Тэрээр 1985 оны долдугаар сард Коммунист намд элссэн бөгөөд одоо Хятадын улс төрийн удирдах газрын харьяа Дуу бүжгийн чуулгын дарга, Бээжингийн Их сургуулийн профессороор ажилладаг юм байна.