Үзэсгэлэнтэй эхнэртэй, 6 хүүхэдтэй, 47 настай Холливудын од эрийн толгойд юу эргэлддэг бол? Хоёр ч удаа дэлхийн хамгийн тачаангуй эрийн цолыг хүртэж байсан жүжигчин, продюссер Брэд Питт өөрийн ертөнцийг нээж байна. Түүний Parade сэтгүүлийн 9 дүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагыг толилуулъя.
Ижилт хүйстэнтэйгээ гэрлэх эрхийн тухайд
Жич: Тэр Америкийн бүх нутаг дэвсгэрт иaжил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрдөг болохоос нааш Энжитэй гэрлэлтээ батлуулахгүй гэж ам гарсан . Түүндээ ч үнэнч яваа. Америкад одоо хүртэл эрх тэгш байдал зөрчигдөж байгааг харахад итгэмээргүй байдаг. Би энэ тал дээр үзэл бодолдоо бат зогсоно. Одоо л гэрлэлтийн эрх тэгш байдлыг шийдэхгүй юм бол бидний дараагийн үе ч бас энэ асуудалтай нүүр тулах болно. Нью Йоркод ижил хүйстэнтэйгээ гэрлэх хууль батлагдсан нь сайн хэрэг. Хүн болгон өөрийнхөө сонгосон амьдралаар амьдрах эрхтэй байх ёстой.
Ер нь гей хүмүүс гэрлэлээ гээд ямар муу зүйл болно гэж? Айх зүйл байхгүй шүү дээ. Зүгээр л бид шашинлаг нийгэмд өссөн болоод ижил хүйстэн хүмүүсийг ялгаварлаж үздэг. Ийм үзэлтэй хүмүүсийг хараад би өрөвддөг юм. Гэхдээ би шашин шүтэхийг буруутгаж байгаа юм биш шүү. Шашин бүрээс суралцах юм олон бий. Миний уурыг хүргэдэг ганц зүйл бол шашны суртал ухуулгууд хүмүүст яаж амьдрах ёстойг нь зааж сургах гээд байдаг. Үүнээс нь болоод хэсэг хүмүүс зовж тарчилж байна. Шашин шаналлыг ч бас авчирч байна. Миний гэр бүл бүгд Христ. Энэ тал дээр бид нэг байр суурьтай биш ч гэсэн бид бие биедээ хайртай хэвээрээ.
Хүүхэд үрчилж авах тухайд
Энжи бид хоёр учраад удаагүй байхдаа л хүүхэд үрчилж авна гэж шийдсэн. Гэрлэлтээ батлуулаагүй учраас би үрчилж авч чаддаггүй юм. Тиймээс Энжи өөрийнхөө нэр дээр үрчилж авдаг. Бид дөнгөж уулзаж эхлээд л охин үрчилж хамтдаа өсгөхөөр шийдсэн. Хэрэв хэн нэгэнд хайр хэрэгтэй бол бидний гэр бүлд үргэлж орон зай нээлттэй байгаа. Чиний амьдарч байгаа газар, харьцаж байгаа хүмүүс чинь зовж шаналж байгаа юм шиг харагдвал ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж би боддог. Эхлээд тэднийг ойлгож, дараа нь туслах ёстой. Би хүмүүст аль болох олон орноор аялахыг зөвлөдөг. Тэгээд нүдээ нээ, олж хар гэж хэлдэг.
Сэтгэл хангалуун эр байхын тухайд
Би “сэтгэл хангалуун амьдрал” гэдэг үгэн дээр өргөлт өгмөөр санагддаг юм. Би өөртөө үнэнч үлдэж, зөвхөн өөрийнхөө хүссэн сонголтыг хийж, чин сэтгэлээсээ хайрлах эмэгтэй Энжигээ олж, хайраар дүүрэн гэр бүлийг бий болгож байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Гэр бүл болно гэдэг бол эрсдэлтэй наймаа, хэдий чинээ их хайрлана, төдий чинээ их золиос шаарддаг учраас. Гэвч би бүх золиосыг гаргахад бэлэн байна. Би 90-ээд оны ихэнх өдрүүдийг хов живнээс зугатааж өнгөрүүлсэн. Буйдан дээр суугаад, хүмүүсээс нуугдаж өдөр хоногийг өнгөрүүлж байгаа өөрийгөө хараад залхаж эхэлсэн. Гэнэтхэн л утгагүй гэдгийг нь ойлгосон юм. Сонирхолтой амьдралын тухай өгүүлсэн кино зохиолыг тэгтлээ хайдаг хирнээ, би өөрөө сонирхолтой амьдарч чаддаггүй байсан юм билээ. Тэр үеийн гэрлэлт минь ч үүнд нөлөөтэй байх. Гаднаасаа бүхнийг хэвийн болгож харагдуулах гэж хичээдэг байсан ч, үнэндээ дотроо тийм ч сайхан байгаагүй. Миний амьдралдаа хийсэн хамгийн ухаантай, том үйл бол хүүхдүүдийнхээ ээж байх эмэгтэйгээр Энжиг сонгосон явдал юм. Тэр бол гайхалтай ээж. Би түүнтэй учирсандаа туйлын их жаргалтай явдаг.
Аав байж сурах тухайд
Би өөрийгөө автоматаар сайн аав болж чадсанаа хараад одоо хүртэл гайхдаг. Аав болох төрөлхийн инстинкт эр хүн бүрт байдаг байх. Би одоо тэр инстинктэндээ бүрэн дүүрэн итгэлтэй байдаг. Жишээ нь шөнө нэг л дуу авиа гарах юм бол би зөн совингоороо орноосоо босдог. Хүүхдүүдэд минь миний тусламж хэрэг болсон байж магадгүй учраас тэр. Эсвэл тэдний хэн нэг нь уурлаж эхлэх үед, анхаарлыг нь өөр зүйлд яаж сатааруулж тайвшруулахаа би мэддэг. Би тэдэнд “Та нар гэрээ завааруулж болно оо. Гэхдээ дараа нь заавал цэвэрлэх хэрэгэй” гэж хэлдэг юм.
Алдар нэрийн тухайд
Энжи, бид хоёрын тухай хэвлэл дээр бичсэн юмыг би олж хардаггүй. Тийм юм нүдэндээ торуулахыг би хүлээн зөвшөөрдөггүй юм. Зүгээр л мэдэхийг огт хүсдэггүй хэрэг. Би аль 90-ээд оны үеэс л энэ бүхэнд бууж өгсөн. Хүмүүс яаж зүгээр л хэн нэгний амьдралын тухай зохиож бичиж болдгийг би ойлгодоггүй юм. Би лав тэгж чадахгүй байсан. Би сэтгүүлзүйн сургуульд явж байсан л даа. Тэнд надад “Сэтгүүлчийн ёс зүй” гэдэг хичээл орж байхад, “Сэтгүүлч дуулиан шуугиан, хов живийн маягтай зүйл нийтэлж, бусдын өмнөөс ярьж болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл хичнээн олон шар хэвлэлд “Баттай эх сурвалжийн мэдээлснээр…” гэдэг үг байдаг билээ. Намайг үнэхээр гайхшруулдаг нэг зүйл бол, сэтгүүлчид намайг 100 хувь мэддэг юм шиг л, ямар нэг зүйлийн тухай миний бодол мэдрэмжийг өмнөөс минь дүрсэлж бичдэг. Би эхэндээ үүнтэй тэмцэх гэж оролддог байсан л даа. Гэхдээ ийм зүйлтэй тэмцэх нь хүртэл утгагүй гэдгийг ойлгоод, буугаад өгчихсөн.
Кино дүрүүдийн тухайд
Би нэг төрлийн дүрд хоёр удаа тоглохгүйг хичээдэг. Би ганцхан жанраар алдаршиж, өөрийгөө брэнд болгож чаддаг төрлийн хүн биш байх л даа. Би бол ихэнх зүйлийг чаддаг хирнээ, алинд нь ч шилдэг нь байж чаддаггүй тийм л хүн. Би яг 2 төрлийн дүрийг л давтаж тоглож байсан. Тэр дүрүүдийг би эхний удаад тийм ч сайн гаргаж чадаагүй юм шиг санагдсан учраас, хоёр дахь дээр нь төгөлдөршүүлэхийг хүссэн хэрэг.
Кино бүтээх тухайд
Киноны эх зохиол анхны хувилбараараа л хамгийн төгс байдаг. Гэтэл киног хийх явцад, зохиолыг хэтэрхий олон хүн өөрчлөх гэж оролддог. Өөрсдийнхөө бодолд бас үзэгчдэд тааруулахын тулд. Тэгээд л эцсийн үр дүнд өнөөх кино чинь жинхэнэ утга учраа алдаж орхидог. Ийм явдал байнга давтагддаг. “Эр зоригийн дууль”-д тоглож байхдаа би романтик хэсгүүдэд нь тийм ч дуртай байгаагүй. Гэвч кино тэгээд л хийгдчихсэн. Кино дууссаны дараа надад хамгийн таалагддаг хэсгүүдийг дундаас нь хасчихсан байсан. Тэд надад маркетингийн судалгаа явуулж үзэхэд үзэгчдэд тэр хэсэг нь таалагдаагүй гэж тайлбарласан юм. Энэ цагаас хойш л би судалгаатай зөрчилддөг болсон юм даа. Судалгааны хариу бол зүгээр л хүмүүсий тавьсан асуултанд үзүүлж байгаа хариу үйлдэл гэж би хувьдаа боддог. Жинхэнэ чанартай зохиолыг ойлгож чаддаг цөөн хүмүүс бий. Би тийм хүмүүстэй л хамтарч ажиллахыг хичээдэг.
Goolingoo.mn