Холивуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нарыг өнгөрсөн долоо хоногт Францад нууцаар хуримласан хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байсан билээ. Тэдний хуримын талаарх ганц ч зураг байхгүй байгаа нь эргэлзээтэй байгаа гэж “TMZ” сайт хүртэл бичсэн юм. Тэгвэл удаан хугацааны туршид оньсого шиг байсан тус хуримын талаар Жоли өөрийн байр сууриа илэрхийлсэн тухай “www.hollyscoop.com” мэдээллээ.
Жоли өөрийн твиттер хуудастаа “Жинхэнэ нөхөртэй байх сайхан юм” хэмээн жиргэж, Брэд болон зургаан хүүхдийнхээ зургийг байршуулсан аж. Тэрбээр “Хуримаа хийсэн минь үнэн. Гэр бүлд минь аз жаргал хүсээрэй” гэжээ.
Тэдний хуриманд дуучин Селин Дион оролцож, ая дуугаа өргөсөн байна. Брэд Жоли нар 2005 онд “Ноён хатагтай Смит” уран сайхны кинонд хамт дүр бүтээснийхээ дараа дотносож, улмаар хамтран амьдарч эхэлсэн юм. Тэднийг өнгөрсөн жил сүй тавьсан хэмээж байсан ч хосууд энэхүү мэдээг батлаагүй билээ.