Хөгжим эгшиглэсэн урлагийн сургуулийн үүдээр ороход хөгжмөөс өөр зүйл яримгүй санагдавч, энэ эрхэмтэй зарчмын дагуу өөр бусад зүйлийг ярихаас өөр арга байсангүй. М.Булган гэсэн өрөөний хаалгыг татвал тэрээр төгөлдөр хуурынхаа ард аанай л хэдэн хүүхдээ тойруулчихсан суух. Нуулгүй хэлэхэд багш, шавь нарын хоорондын яриаг тэгтлээ сайн ухсангүй. Тэд хөгжмийнхөө хэлээр ярьж буй бололтой. Багш нь шавь нараа зэмлэх нь нотоор юм, шавь нарын хариулах нь ч мөн л хөгжмийн хэлээр юм. Урлагийн бурхад мэндэлсэн их өргөөнд үүнээс өөр юу ч байх билээ дээ гэж бодож сууснаа хэлэхэд таатай байна. Чингээд “Хан шувуу”, “Насны баясгалан”, “Үнсье чамайгаа” хэмээн олон сайхан дууны аяыг зохируулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч М.Булгантай уншигч олноо уулзуулж байна.
-Та бас л хүүхдүүдээ цуглуулаад сууж байх шив. Тэгэхээр энэ зүгээс яриагаа эхэлье дээ. Саяхан манай хүүхдүүд олон улсын наадмаас өндөр шагнал авч байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Манай хүүхдүүд сайн шүү дээ. Ер нь дэлхийн нэртэй томоохон наадмуудаас гол төлөв гран при шагнал л авна. Манай сургуулийн сургалтын чанар, багш нарын ур чадвар эндээс харагдаж байгаа гэж хэлж болно.
-Дэлхийн хэмжээний наадамд шагнал авна гэдэг манай хөгжмийнхөн дэлхийн хэмжээнд очжээ гэж ойлгож болох нь ээ?
-Манай хөгжим элдвийн урсгал, чиглэл хөөж туйлшраад байдаггүй. Сонгодог юм сонгодогоороо л байдаг. Чайковскийн нэрэмжит хөгжмийн томоохон наадамд оролцоход тусгай хөтөлбөрийн дагуу хөгжмөө тоглодог. Хөтөлбөрт орсноор дэлхийн сонгодогуудыг л тоглоно гэсэн үг. Монгол туургатан байна. Үндэснийх нь хөгжим бүгд ижил шүү дээ.
-Таны “Хан шувуу”-г мэргэжлийн хүрээнийхэн ч тэр, сонсогч олон ч сонсож, ярьж явдаг. Миний хувьд ч цаг үеийг даасан сайн бүтээл гэж боддог. Энэ дууг төрсөн түүхээс хууч дэлгэвэл сонин байх даа?
-Би энэ дууг зориуд бодож яваад бичсэн юм. Ардчилсан хувьсгал эхэлж байх ерээд оны үед нийгэм хэцүү байлаа. Бид чинь картын бараанд орчихоод, дэлгүүрийн лангуу хоосон. Энд тэндгүй цомхотгол гээд хүнд үе байсан. Энэ үед эрчүүд маань ажилгүй болж, амьдралын хүнд хэцүүгээс болон гутарч, архинд орж байсан үе. Зарим нэг нь хашиж байсан албаа орхиод ганзагын наймаанд явж байв. 10 дугаар ангиа төгсөөд шууд л шат дараалалттай их дээд сургуульд элсэх юм уу, ажил эрхэлдэг байсан хэмнэл алдагдаж, амьдралын эрхээр сурагчийн ширээний араас ганзагын наймаа хөөсөн. Бид их хүнд үеийг давсан даа. Манай эрчүүд чинь харахад ханхар сайхан, уулзахад элдэв илүү яриагүй, бардам хэрнээ хариугүй эмзэг улс шүү дээ. Тэгээд л ийм хүнд үед олон сайхан эр хүнийг амьдралыг өөдрөг хараасай гэсэндээ ийм дуу хийе гэж бодож байсан юм. Нэг өдөр манай яруу найрагч С.Оюун над дээр ээжийн тухай шүлэг бариад ирсэн. Тэгэхээр нь би эрчүүдэд зориулсан яг ийм л шүлэг бичиж аль гээд санаагаа хэлж гуйсан. Тэгээд л “Хан шувуу” төрсөн.
-Таны ярианаас анзаарч байхад бусдаас илүү эр хүнийг ойлгодог, хүндэлдэг нь мэдэгдэж байна?
-Би эр хүнийг дээдэлж хүндэлж явдаг. Намайг бага байхад ээж маань аавыг яаж хүндэлж, хайрлаж бусад эрчүүдийг яаж хүндэлдэг байсан тэр хүмүүжлийнх байж магадгүй. Манай эрчүүд чинь би л бүхнийг чадах ёстой, бусдаас илүү байх ёстой гэсэн омголон бодолтой, нэрэлхүү улс байдаг. Монголчууд бид чинь ер нь эрчүүдээ их дээдэлдэг ард түмэн шүү дээ. Хүүхэд уйлахад хүртэл “Эр хүн байж ингэж болохгүй” гэх жишээний л байдаг. Зах зээлд шилжээд энэ байдал алдагдаад ирэхээр эрчүүд маань их гутарсан даа. Тэгээд би эрчүүдээ алдахад нь тусалж, хэлж ухааруулж явахсан гэсэн чин хүсэлтэй байдаг даа. Тиймээс би эрчүүддээ урам хайрлах гэж энэ дууг хийсэн. С.Оюун шүлгийг нь бичээд аваад ирэхэд их таалагдсан. М.Найдалмаа, А.Бүтэд, Б.Жавзандулам гээд гурван мундаг дуучин дуулсан даа.
-Тэгээд ч “Хан шувуу”-г тэр бүрий хүн аваад дуулчихгүй байх аа. Тийм үү?
-Энэ гурван дуучнаас өөр дуулах хүн одоохондоо төрөөгүй л байна даа. Ер нь энэ гурвын хэмжээнд очих дуучин хараахан төрөөгүй. Сайхан залуучууд сурч байна. Алсдаа төрөх л байлгүй дээ. “Хан шувуу”-г захын нэг дуучин аваад дуулчих дуу биш гэж боддог.
-“Хан шувуу”-ны түүхийг сонссон чинь “Насны баясгалан”-гийн түүхийг бас сонсмоор санагдлаа. Энэ дууг дуулдаггүй оюутан гэж байддаггүй шүү дээ?
-“Насны баясгалан”-г бол ёстой амьдрал үзээгүй оюутан, гал халуун байхдаа л биччихсэн. Нэг их хөгжилтэй, цээжин дотор вальс эргэлдээд л хурдан ч бичсэн дээ. 1973 оноос хойш үе үеийн оюутнууд дуулж байна даа. Анх бичээд л Б.Зангад гуай дуулсан цагаас хойш 36 жил болчихсон байна шүү. Үүнийг Б.Зангад гэдэг хүн амилуулж ард түмэнд хүргээгүй бол өдийд миний нэг хавтсанд тоостой байж болох л юм. Тэгэхээр манай уран бүтээлчид гэдэг бол аугаа их хүмүүс байдаг даа.
-Та ингэхэд аль нутгийн хүн байна вэ?
-Саяхан шог зохиолч И.Цэрэнжамц ах таараад чи аль нутгийнх вэ гэж байна. Тэгэхээр нь би Архангай гэсэн чинь чиний аав Булганых тэгэхээр чи Булган аймгийн уугуул Архангайн суугуул юм. Манай үхрийн хашаанд нохой ирээд гөлөг гаргачихвал би түүнийг тугал гэж нэрлэхгүй биз дээ гээд инээдэм болж байлаа. Би чинь Архангайд төрсөн юм чинь Архангай гэлгүй яахав дээ. Хүн хаа төрөх нь чухал биш шүү дээ. Өнөөдөр Монголдоо байгаа нь л чухал.
-Тэгээд хэдийд нь Улаанбаатарын хүн болчихов?
-Улаанбаатарт гурван настай бага орж ирсэн. Тэгээд аав маань аспирантурт сурахаар яваад ээж намайг Архангай руу өвөө эмээ рүү явуулсан юм. Архангайд очиж, 1-4 дүгээр ангиа төгсөөд л хотод ирсэн.
-Багадаа хөгжим тоглож байв уу. Урлагийн замд хөтөлсөн ямар нэгэн хүчин зүйл байгаа даа?
-Намайг багад аав маань Өвөрмонголд багшилсан юм. Тэнд очиход бидний байранд нэг төгөлдөр хуур байсан. Төгөлдөр хуур цаанаасаа л байсан байх. Аав маань хятад эмэгтэйгээр надад хөгжим заалгаад, тэр эмэгтэй намайг манай дүү нарыг хараад өхөөрдсөн үү яасан нэг удаа шарсан банш авчирч, ээжтэй танилцаж байсан. Тэгэхэд л анх баншийг шарж болдог юм байна гэж мэдсэн. Тэнд л анх хөгжим сурсан. Тэгээд тавдугаар ангиасаа Хүүхдийн ордны найрал дуу, хөгжмийн дугуйланд явдаг байсан. Хүүхдийн ордны төгөлдөр хуурын багш Норжин, найрал дууны багш Дарьсүрэн нараас их юм сурсан даа. Энэ л миний урлагийн том суурь болсон. Би чинь 23 дугаар сургуулийг төгссөн юм.
-Дунд сургуулиа төгсөөд л хөгжмөө бараадсан уу?
-Бидний үед чинь их дээд сургуулийн хуваарь ирдэг, хүүхдүүдэд оноож өгдөг байв даа. Надад Их сургуулийн цахилгааны инженерийн ангийн хуваарь таарсан. Би их дургүй. Аав л миний охин сайхан мэргэжил шүү дээ. Муухан эр хүнээс дээр эмэгтэй инженерүүд олон л байдаг гээд ятгаж байсан. Миний хувьд хэл, зураг их сонирходог учраас англи хэл сурна гээд, үүнийхээ дагуу Багшийн дээдэд хэлний ангид шалгалт өгөөд тэнцчихсэн. Тэгээд байж байтал манай 23-ын дуу хөгжмийн багш сургууль дээр таараад багш нь мэргэжлээ дээшлүүлъе, боловсроё гээд дуу хөгжмийн багшийн ангид элссэн гээд явж байна. Тэгээд чи багаасаа л хөгжим тоглодог сонирхолтой хүн энд ор гэсэн. Үүнийг аав ээждээ хэлтэл миний охин чадах юм уу, өөрөө л мэд гэлээ дээ. Ингээд л шалгууллаа. Тэнд Л.Мөрдорж, Ш.Эрдэнэбат, Э.Долгорсүрэн гээд мундагуудад шалгуулаад тэнцсэн. Ингээд л багш маань хэлний ангид орж, би хөгжмийн ангид орж байсан түүхтэй. Шинэ ертөнцөд ороод анх нэлээд хөл алдсан. Дандаа том улс Шараа багш гээд бүгд хөгжмийн хэлээр л ярина. Багадаа төгөлдөр хуур гайгүй тоглож байсан маань юм юмны суурь болсон.
-Оюутны жилүүд юу байхав. Нэг л мэдэхэд өнгөрнө. Сургууль төгсөөд амьдралд хөл тавьсан тухай хууч дэлгэвэл сонин байх?
-Төгсөөд л УАДБЭЧ-д очсон. Нэрт бүжиг дэглээч Ц.Сэвжид, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гэсэн хоёр мундаг хүний удирдлагад ажилласан. Тэнд туслах найруулагч, концертмейстерээр очсон юм. УАДБЧ-д гурван жил ажиллахад их ч юм сурсан, амьдралын багагүй туршлагыг тэндээс авсан гэж боддог. Үүний дараа 1976 онд Хөгжим бүжгийн сургуульд ирээд өнөөдрийг хүртэл 30 гаруй жил багшилж байна.
-Багшлахын зэрэгцээ уран бүтээл хийнэ гэдэг эмэгтэй хүнд ахдсан ачаа санагддаг. Эмэгтэй хүний ар талд айл гэрийн эзэгтэйн үүрэг, ээж байх гээд хариуцлага их бий?
-Ер нь аливаа нэг салбарт амжилт гаргая гэвэл аль нэгийг нь заавал хаях болдог хуультай. Би нөхрийнхөө хоолыг хийгээд, хүүхдүүдээ асраад, айл гэрийн эзэгтэйн өдөр тутмын амьдралд орооцолдоод байсан бол өдий зэргийн өндөрлөгт хүрээ ч үү үгүй ч үү. Намайг нөхөрт гараад тусдаа гарахад аав минь та хоёр арай бусдын ижил урсгал амьдралтай болохгүй байлгүй гэж бодож байна. Тэгэхээр хэн нэгнээ дэмжиж, ар талаа дааж явах хэрэг гарна даа гэж байсан. Энэ л үнэн үг юм даа. Миний хань, үр хүүхэд, найз нөхөд дэмжиж байгаагүй бол би өдий зэрэгт хүрэхгүй л байхгүй юу. Намайг найз нөхөд гээд л өөрийгөө ярихгүй юм гэдэг. Энэ чинь амьдралын үнэн байхгүй юу. Өнөөдөр би, би гээд ганцаараа яваад байсан бол би хэн ч биш байна биз. Тэгэхээр өнөөдөр намайг хүрээлж дэмжиж байсан тэр хүмүүс намайг бий болгосон гэж боддог. Тиймээс тэднийгээ ярих их дуртай даа.
-Уран бүтээл төрөх агшин гэж бий. Удаан зовоож байж төрсөн бүтээл бий биз дээ?
-Байлгүй яахав. “Тэнгэрийн суварга хайрхан”, “Хүн танаа”, “Нүдэн булаг” гээд нэлээд зовоож төрсөн шүү. Ер нь уул усны дуу их зовоодог. Аргагүй шүү дээ, уул ус гэдэг чинь зүгээр нэг хийчих сэдэв биш. Тэгээд хүн байна. Хүн гэдэг чинь юу билээ. Мөн “Аавдаа” дуу зовоож төрсөн. Эднийг зүгээр нэг хөнгөн бичиж болдоггүй.
-Тэгвэл шууд л зовоолгүй төрчихсөн дуу?
-Оюутан дэврүүн байхдаа ч бичсэнийг ч хэлэх үү бараг л 10 минутанд биччихсэн. Ёстой л дэвэрч бичсэн дуу даа. Мөн “Үнсье чамайгаа” бас амархан төрсөн. Үнсэнэ гэдэг чинь юу билээ, аугаа зүйл шүү дээ. Энэ бүгд бодолд орж ирээд л шууд биччихсэн.
-Нийтийн дуучид олширсон. Энэ нь нийгэмд сөрөг зүйлийг бий болголоо гэх юм?
-Чухам юу нь сөрөг байгаа хэрэг вэ.
-Яахав дээ. Энэ хит дуучдыг хараад зарим залуучууд болсон болоогүй дуулах гээд мөнгө төгрөгөө үрээд амьдралаа орхиод байна гэсэн шүүмжлэл явах юм?
-Үүнд ямар буруу байхав дээ. Чадалтай авьяастай нь концертоо тоглоод, цомгоо гаргаад явж л байг. Тэгээд ч манай ард түмэн чинь дуучин түмэн шүү дээ. Хэрэв дуулна гэж ирээд чадахгүй бол өөр замаа сонгоно биз дээ. Цаг хугацаа, шалгуур гэж нэг юм бий. Тэр шигшээд л өгнө. Хэрэв чадаж байвал цааш нь сурч, өөрийгөө хөгжүүлнэ, энэ бол байх л зүйл гэж боддог.
-Та томоохон уран бүтээлд хүч үзэх бодол байна уу?
-Бодож төлөвлөсөн юм бий. Би гэхдээ хийгээгүй юмаа урьдчилан ярих, дүгнэх дургүй. Манай зарим уран бүтээлчид нэг юм хийчихээд энэ дажгүй болчихлоо гээд явж байдаг. Нэг шүлэг биччихээд энэ тун гайгүй болчихлоо гээд бариад ороод ирдэг. Тэгэхээр нь би энэ ч дээ л гэж боддог. Ер нь юмыг урьдчилан хэлэх хэцүү. Би аливаа нэг юм хийчихээд дандаа голдог. Олон л бүтээл хийсэн, дандаа голж байж. Гэхдээ өөртөө итгэх итгэлээ алдчихсан юм биш. Өөртөө итгэх итгэл бол байнга намайг дагаж байдаг. “Хан шувуу”-г бичээд анх голж л байсан. Тэгээд дуурьт симфонитой дуулахад нь сонссон. Гайгүй ч юмшиг, хүмүүс ч их хүлээж авч байгаа санагдсан. Манай уран бүтээлчид яагаа ч үгүй өөрсддөө дүн тавьдаг. Энэ бол буруу л даа.
-Аливаа уран бүтээлчдэд уран бүтээлээ хийдэг таатай цаг үе гэж бий. Таны хувьд хэдийд нь амжуулах уу?
-Өдөржин ажилтай байдаг учраас би гол төлөв шөнөөр юмаа хийдэг дээ. Аливаа зүйлийг хийхдээ цаана нь гарах гэж улайрна. Тэгээд ч гарын үзүүр төдийхнөөр юм хийхийг хүсдэггүй. Амьдрал, ар гэр, үр хүүхэд, хань ижилдээ зориулах цагаасаа хумсалж байж л уран бүтээл хийж байгаа хэрэг шүү дээ. Шөнжин суугаад үүрээр юмаа дуусгаад босоход нойр ч хүрэхгүй их жаргалтай байдаг. Ер нь л цаг зав бага байна даа. Сүүлийн үед найз нөхөдтэйгөө ч уулзахыг больсон. Утсаар л ярих болжээ.
-Сүүлийн үед хүмүүс хүүхддээ хөгжмийн боловсрол эзэмшүүлэхийг зорьдог болжээ. Мэдээж үр дүн бий, чухам юу байна вэ?
-Эцэг эхчүүд маань идэх хоолноосоо илүүчилж, хүүхэддээ хөгжмийн боловсрол олгохыг зорьдог болсон нь сайн хэрэг. Хөгжим гэдэг чинь гоо зүй, Тэгэхээр хүүхдэд нэн тэргүүнд гоо зүйн мэдлэг байх хэрэгтэй. Үүнийг л хөгжмөөр олгож байгаа хэрэг. Төрөөс ч тэр хүүхдэд гоо зүйн мэдлэг олгохыг зорьж, тусгай бодлого барьдаг. Үүндээ хөгжмийг оруулж өгөх хэрэгтэй. Хятадад хүүхдэд хөгжмийн боловсрол олгохыг илүүд үздэг. Манай “Садо шагж” хөгжмийн төвийг олон хүүхэд төгссөн. Саяхан хүүхдүүд маань тоглолтоо хийгээд их баяртай сууна.
-Уран бүтээлч хүнд алдаж болохгүй тийм мэдрэмж төрөх үе бий. Энэ тухай юу гэж бодох юм?
-Алдаж болохгүй агшин амьдралын жирийн өдөрт зөндөө олон таардаг байх. Чухам хэдийг нь авч, хэдийг нь авч чадахгүй өнгөрдгийг мэдэхгүй юм. Аливаа уран бүтээлчид гэдэг бол тэнгэрлиг улс байдаг даа. Гагцхүү тэр заяасан авьяасыг хөгжүүлэх, эс хөгжүүлэх нь тухайн хүний л хэрэг.
-Манайд оюуны өмчийн хулгай гэж нэг сүрхий зүйл байна. Таны дууг хэн хамаагүй дуулж л байдаг. Юу гэж бодогддог вэ?
-Манайд оюуны өмчийг хулгайлах, хүний уран бүтээлийг дуртай газраа, хэн дуртай нь ашиглах гэдэг бол жирийн явдал болжээ. Тэр бусдын уран бүтээлийг дураар хэрэглэж байгаа хүмүүс зохиогчоо хүндлэх ухамсартай байх хэрэгтэй. Өнөөдөр миний нэг дууг нэг удаа дуулаад л 500 мянган төгрөг авч байгаа тохиолдол байдаг. Тэгэхэд хөгжмийн зохиолчид нэгнээ өвдөхөд халаасандаа 500 мянган төгрөг байхгүй л байдаг. Бид ч энэ тухай ярьж л байна. Дуучид дэндүү ухамсаргүй хандах явдал газар авлаа. Яахав. Шинэ залуу уран бүтээлчдийг бол бид дэмжинэ, тэд тодорхой хугацааны дараа байр сууриа эзлээд, бусад зүйлийг ойлгоод хөгжмийн зохиолчидтой гэрээ хийх ч юм уу ямар нэг хэл чимээ өгдөг болно гэж боддог.
-Та олон жил уран бүтээл хийсэн хүн дуучидтай гэрээ хийдэг биз дээ?
-Хийнэ. Гэхдээ миний гэрээ их сонин. Тэр бол би дуу хийгээд уран бүтээлчдэд өгөх ч юм уу, тэд миний дууг дуулахад та нар миний уран бүтээлчийг дуулж байна. Тэгэхээр намайг хүссэн үед дуудсан газарт ирж дуулж өгөөрэй л гэдэг.
-Уран бүтээлч хүнд захиалгаар бүтээл хийх үе байдаг. Та ер нь хэдэн төгрөг авч байсан бэ?
-Мэдээж бага зэрэг юм авч л байсан. Тэр нь 20, 30 гээд л бага шүү дээ. Тэгэхэд манай дуучид бидний дуугаар их мөнгө олж байдаг. Зарим нь бүр нэг сайхан уран бүтээлч дуулж байгаа дууг дундуур орж авч дуулах гээд болохгүй юм их байна. Энэ байдалтай хатуу тэмцэх цаг болжээ. Би ч өөрөө зарим нэг дуучидтай тэмцэнэ гэж бодож байна.
-Та өдий олон жил уран бүтээл хийчихээд цомог хэвлүүлээгүй гэж сонссон юм байна?
-Харин тийм. Надад 200-аад дуу байна. Цомог хийлгэх санаатай бэлдэж байна. Мөн ном ч бэлдлээ. Ажлын хажуугаар амжихгүй юм даа. Тэгээд ч ном их ажилтай юм. Нот засахаас эхлээд ажиллах юм зөндөө.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийв?
-Бодож байгаа юм бий. 5-6 дуу бичлээ, дуучид дуулж байна. Өнгөрсөн жил үндэсний найрал хөгжимд зориулсан бүтээл хийсэн. Үүнийг маань улс үнэлж авсан. Улс урын сангаа баяжуулах бодлогын хүрээнд авч байгаа хэрэг. Өнгөрсөн жил улсад бүтээлээ үнэлүүлсэн, сургуулийн маань 70 насны ой, өөрөө Урлагийн гавьяат зүтгэлтэн цол авлаа гээд 2008 он сайхан жил байлаа.
С.Ууганбаяр