Бүсгүй минь чи, хайртай залуугаасаа юу хүсэж буйгаа мэдэх үү? Та хоёрын хайр дурлалын харьцаа ямар байгааг анзаарсан уу?
Хэн нэгэн залуутай амраг сэтгэлийн холбоотой болсон бүсгүй хүн бүр өөртөө энэ асуултыг тавих хэрэгтэй. Магадгүй чи сэтгэл дотроо маш их зүйлийг мөрөөддөг байж болно. Гэтэл энэ бүхэн чинь хий хоосон горьдлого, итгэл найдвар тээгээд яваад байсан байж болох шүү дээ.
Хэрэв хайртай залуудаа сэтгэл дундуур байгаа бол доорхи зүйлүүдийг анхааралтай ажиглаарай.
– Тэр чамд хэрхэн хандаж буйг,
– Түүний байгаа байр байдлыг,
– Хэлж буй үг яриаг нь…
Эдгээр байдлыг нь анзаарч чадвал та хоёрын үерхэл нөхөрлөл ямархуу түвшинд байгааг ойлгож болно. Гэхдээ яаран эцсийн дүгнэлт хийх хэрэггүй. Ердөө л доорх хэдэн зүйлийг анзаарахыг хичээгээрэй.
– Тэр өөрөө санаачилж чам руу утасддаггүй бол,
– Биелүүлэхэд хүндрэлтэй, заримдаа бүр боломжгүй зүйл амладаг бол,
– Шинэхэн авсан гоёлын даашинзыг чинь тоохгүй байвал,
– Үнэтэй салонд янзлуулсан үсний хэлбэрийг чинь анзаарахгүй бол,
– Чамайг огтхон ч магтдаггүй бол,
– Ерөнхийдөө үл тоомсорлосон байдалтай ханддаг бол,
– Төрсөн өдрийг чинь ор тас “мартчихдаг” бол,
– Төрсөн өдрийн бэлэгний тухайд санахыг ч хүсэхгүй байвал,
– Тавьсан асуултаас чинь бултаж зайлдаг бол,
– Асуусан зүйлийг чинь өөр яриагаар дүйвүүлэн өнгөрөөдөг бол…
Хэрэв хайртай залуу чинь иймэрхүү шинж байдалтай байвал, чамд үнэн сэтгэлээсээ хайртай эсэх нь эргэлзэж болно. Гэхдээ харьцаагаа шууд таслах гэсний хэрэггүй. Магадгүй энгийн сайхан нөхөрлөл, найрсаг харьцаа та хоёрт тохирох ч юм билүү.
Хэрэв түүний тухай бодох бүр зүрх сэтгэл чинь догдолж, ухаан санаа тогтворгүй болчихдог бол, ажиллаж сурахад чинь төвөгтэй, саад болоод байгаа бол, байнга гуниглуулдаг бол, тэр байдал нь мөддөө өөрчлөгдөхөөргүй бол…
Энэ тохиолдол түүнийг шууд орхи. Өөр олон сонирхолтой учрал чамайг хүлээж байгаад итгээрэй.