NBA-гийн супер од Коби Брайнтын хувьд хоёр ч хүнд бэртлийг даван туулж, гарч ирж буй 36 настай, ахмад тоглогч билээ. Бэртэл гэмтлээс гадна нас нилээд явж буй түүнийг удахгүй зодог тайлна гэх мэдээлэл гараад байгаа. Харин энэ талаар Коби Брайнт хэлэхдээ ” Энэ бол нилээд хүнд бэртэл. Би худлаа хэлэхгүй. Иймэрхүү зүйл тохиоход олон зүйл л бодогддог шүү. Гэхдээ би өөрийгөө хурцалж, энэ бүхнийг өдөр өдрөөр даван туулсан. Үр дүнд нь одоо би маш сайхан байна” гэсэн байна.
Харин зодог тайлах талаар асуухад Коби “Өөрийнхөө сонголтоор зодог тайлахыг хүсэх нь ямар ч тоглогчийн хувьд том зүйл. Мэдээж, надад өөрийнхөө сонголтоор зодог тайлах аз завшаан хангалттай тохиох байх. Хамгийн гол нь ахиад хүнд бэртэл авахыг л хүсэхгүй байна. Яг одоо надад хоёр жилийн гэрээ байгаа. Дараа нь юу болохыг би мэдэхгүй байна. Гэхдээ би хоёр жилээс ч удаан тоглож чадна” хэмээн өгүүлжээ.
Тэгвэл “Лос-Анжелес Лэйкэрс”-ийн шинэ дасгалжуулагч Байрон Скотт “Би Кобиг улирлын 82 тоглолтонд тоглоно, бүр сайн тоглоно гэж хүлээж байгаа. Тэр одоо ч 23, 24 оноог нэг тоглолтонд дунджилж чадах залуу. Бидний хамгийн чухал зүйл бил түүнийг эрүүл чийрэг байлгаж, улирлын 82 тоглолтонд бүгдэд нь тоглуулах хэмжээнд минутыг нь хязгаарлахад оршиж байгаа. Би Кобитой ярилцсан, бэлтгэлээ хийж байхыг нь ч харлаа. Бүр тавын эсрэг тавд тоглож байхыг нь ч харлаа. Тэр зодог тайлах яагаа ч үгүй байна лээ” гэжээ.