Ч.НАРАНТҮЯА: Азийн наадмын алтан медаль миний гомдлын хүлээсийг тайлсан

олон улсын хэмжээний мастер Ч.НарантуяаДөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадамд аваргална гэдэг тэр бүр олдоод байхгүй амжилт. Ялангуяа чөлөөт, жүдогоос бусад төрөлд шүү дээ. Солонгосын Инчон хотод болсон тивийн олимпоос алтан шаргал медаль зүүсэн Монголын таван тамирчны нэг нь буудлагын олон улсын хэмжээний мастер Ч.Нарантуяа юм. Урт бууны төрөлд өрсөлдөж, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн тэрээр “жүдогийн тамирчдынхаа харамсалтай ялагдлын хариуг авах зорилготой байсан” хэмээн даруухан өгүүлсэн. 32 жилийн өмнө буюу 1982 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон Азийн наадмаас манай эрэгтэй урт буучид багаараа алтан медаль хүртэж байсан түүхтэй. Харин хувийн амжилтаар түрүүлсэн тохиолдол Монголын буудлагын спортын түүхэнд үгүй билээ. Тэгвэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, олон улсын хэмжээний мастер Ч.Нарантуяа нэгэн шинэ амжилтын эзэн болсон нь энэ. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Алтан медаль авч байх мөчид юу бодогддог юм байна?
-Ямар ч байсан Монголын багийн таван алтан медалийн нэгийг нь би авчирлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Буудлагын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэндээ баярлаад ханахгүй нь. Азийн наадмаас алтан медаль авч байх мөч юутай ч зүйрлэшгүй юм билээ. Тэр сайхан мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Хамгийн түрүүнд гэртээ очиж ээж, аавдаа үнсүүлэхийг хүсч байлаа.

-Та тэмцээн болохын өмнө жүдогийн ордонд тамирчдаа дэмжиж байгаа харагдсан. Их л тайван байж дээ?
-Ер нь бол нэг их сандраад байдаггүй л дээ. Энэ нь миний давуу тал юм шиг байгаа юм. Буудахынхаа өмнө тэмцээн уралдаан үзэж, баг тамирчдаа хэрхэн оролцож байгааг харж,
тэднийгээ дэмжихииг л хүссэн. Магадгүй жүдогийн тэмцээн үзсэн нь намайг хурцалсан ч юм бил үү.

-Та тэгж бодож байна уу?
-Би хувьдаа Солонгосын баг манай жүдочдыг илт луйвардлаа гэж бодсон. Манай жүдочид илүү байсан ч шүүгчдийн нөлөөгөөр ялагдал хүлээж медалиас мултарсан шүү дээ. Барилдааны дараа би өөртөө “Нарантуяа, чи заавал алтан медаль авах ёстой. Тэр медалиа Солонгосын багт ялагдсан жүдогийн тамирчдадаа зориулах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Нэг ёсондоо жүдочид маань луйвардуулж ялагдсаны хариуг би авлаа.

-Өөрийгөө сайн хурцалж чаджээ. Бэлтгэл хэр байсан бэ?
-Ер нь бэлтгэл сайн байсан. Буудлагын тамирчид маань Азийн наадмын өмнө дэлхийн аваргад оролцсон шүү дээ. Тийм болохоор бэлтгэл болон форм сайтай байлаа.

-Тийм байна. Нэлээд ачаалалтай байсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. 2014 он гараад л бидний ачаалал хоёр дахин ихэссэн гэхэд болно. Дэлхийн аваргад би шигшээд шалгарах тун дөхсөн ч бага зэрэг аз дутсан. Тэр үед үнэхээр их сэтгэлээр унаж, өөртөө гомдоод явж байлаа. Харин Азийн наадмын алтан медаль миний гомдлын хүлээсийг бага ч болов тайлсан. Одоо олимпийн эрх олгох дэлхийн цомын тэмцээнүүд хүлээж байна. Эрхээ авахын тулд бүх хүчээ дайчилж бэлтгэлээ хийнэ. Эрх авч чадвал олимпод анхаарлаа хандуулна даа.

-Таны амжилт бас буудлагын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Яг л бокс шиг?
-Харин тийм ээ. Манайхан ч тэгж хэлж байсан. Би бас өөрөө судалж үзсэн. 1982 онд С.Адилбиш багш тэргүүтэй дөрвөн хүн багаараа алт авсан юм билээ. Түүнээс биш хувийн дүнгээр алтан медаль хүртсэн тохиолдол огт байхгүй. Анхных нь би болж байна. Тэр ч үүднээс бүр их баяртай байгаа.

-Инчоны Азийн наадам монголчуудын хувьд ярих, дурсах, бахархах амжилтаар дүүрэн байлаа. Хувь хүнийхээ зүгээс наадмыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Наадам сайхан боллоо. Зарим нэг булхай, луйврыг эс тооцвол шүү дээ. Монголд спорт ямар өндөр төвшинд хөгжсөний илрэл нь энэ удаагийн Азийн наадам байсан болов уу. Хэдийгээр би сагсан бөмбөгийн тэмцээнийг тухтай үзэж чадаагүй ч тэднээр маш их бахархсан. Хүмүүс одоо спортыг харьцангуй сайхан ойлгодог болжээ. Энэ чигээрээ урагшилж Монголын   спортын бүх төрөл жигд хөгжөөсэй гэж би боддог. Ялангуяа багийн спорт дэлхийн төвшинд өрсөлдөх боломж байгааг хүн бүр ярих боллоо. Спортоор амжилт гаргахын эх үүсвэр нь мөнгө санхүү шүү дээ. Тиймээс тамирчдаа санхүүгээр сайн дэмжээд өгвөл удахгүй бид спортын аль ч төрөлд дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд байна гэсэн бодолтой явдаг.

-Ингэхэд анх яаж буудлага спортод хөл тавьсан юм бэ?
-Миний анхны багш Б.Доржпалам гэж хүн байдаг. Олон хүн мэднэ дээ. Урт бууны төрөлд олон сайн шавь бэлтгэсэн. Дараа нь шигшээ багт ороод С.Адилбиш багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаах болсон. 10-аад жилийн өмнөөс энэ спортоор хичээллэж эхэлсэн дээ. Мэдээж спортоор хичээллэнэ гэдэг тийм ч амар биш. Хамгийн гол нь гэр бүлийн дэмжлэг маш чухал байдаг. Тэр ч утгаараа би аав, ээждээ маш их баярлах ёстой хүн. Тив, дэлхий, олон улсын тэмцээнээс авсан медаль бүрээ тэдэндээ зориулдаг юм. Хэрвээ аав, ээж минь намайг дэмжээгүй бол өдийд би ийм амжилт гаргахгүй байсан болов уу. Магадгүй буудлагын спортыг сонирхоод л өнгөрөх байсан биз.

-Буудлагын спортоор хичээллэхэд маш хүнд юм шиг санагддаг. Хүнээс тэсвэр тэвчээр маш их шаардана биз?
-Тэгнэ. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд маш удаан зогсоно. Гар чилэх тохиолдол ч байна. Ялангуяа урт бууны төрөл бүр ч хэцүү. Дээрээс нь нэлээд өндөр өртөгтэй. Зөвхөн бэлтгэл хийх суманд л гэхэд өчнөөн сая төгрөг зарцуулна шүү дээ. Асар өндөр зардал гаргаж хичээллэж байгаа мөртлөө тэр спортдоо амжилт гаргахгүй бол харамсалтай биз дээ. Нэг эхлүүлсэн бол шантарч, ухарч буцах зам байхгүй.

-Та шантарч байсан уу?
-Тийм. Гэхдээ намайг хурцалж, урам өгдөг хүн олон учраас шантарснаа амархан мартдаг.

-Танд цаг зав хэр их гардаг юм бол?
-Маш бага. Миний нэг өдрийн ихэнх цаг нь бэлтгэл дээр өнгөрдөг. Тэгж байж л өдий хэмжээний амжилт гаргаж байгаа юм шүү дээ. Хамгийн гол нь миний завгүй байдлыг ойлгож, дэмждэг хүн олон учраас би одоо ч гэсэн тайван байна. Ар тал найдвартай гэсэн үг л дээ.

-Спортоор хичээллэх залуучуудын тоо олширсон байна. Буудлагын спортыг сонирхогчид нэмэгдэж байна уу?
-Ер нь нэмэгдэж байгаа шүү. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа эгчийг олимпоос мөнгөн медаль авснаас хойш буудлагын тамирчид эрс нэмэгдсэн гэхэд болно. Ялангуяа гар буугаар хичээллэгсдийн тоонд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон. Одоо хүн бүр л спортод анхаарал хандуулах болж. Хүүхдээ тамирчин болгоно гээд л… Олимп, дэлхийн аваргад амжилт гаргавал тэр нь насан туршийн амьдралын баталгаа болж чадаж байгаа учраас тэр биз.

-Мундаг тамирчин болохгүй юм аа гэхэд ядаж эрүүл мэндэд хэрэгтэй гэж хүмүүс хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нийлнэ. Ядаж л зөв төлөвшинө шүү дээ. Спортын аль ч төрлөөр хичээллэхэд байх хүнд зөв төлөвшил бий болгодог. Аливаа зүйлд хүлээцтэй ханддаг болно. Спортоор хичээллэх нь зөвхөн амжилт гаргахдаа биш, олон талын ач холбогдолтой гэдгийг хэлмээр байна.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн боломжийг танд үлдээе?
-Эхлээд намайг үргэлж дэмжиж, надтай хамт байсан Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье. Та бүхэнтэйгээ баяраа хуваалцана гэдэг миний хувьд том завшаан юм. Дээрээс нь мэдээж аав, ээж болон гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлье. Мөн надад үргэлж тусалж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Тавантолгой” хувьцаат компанийн удирдлагууддаа талархаж явдгаа хэлмээр байна. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж, илүү өндөр амжилт гаргахаар хичээх болно.

Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/чехлы для айфона 5cwhat are escorts


Ч.НАРАНТҮЯА: Азийн наадмын алтан медаль миний гомдлын хүлээсийг тайлсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.