Н.Уугантуяа: Хөгжим гэдэг өөрөө яруу найраг, яруу найраг өөрөө хөгжим юм билээ

Н.УугантуяаТөрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг мэдэхгүй, түүний бүтээлүүдийг нь сонсоогүй монгол хүн гэж үгүй билээ. Харин түүний том охин Н.Уугантуяа “Морин хуурын чуулга”-д менёжер, мөн хөгжимчин гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Тиймээс “Морин хуурын чуулга” болон өөрийнх нь уран бүтээлийн талаар Ж.УУГАНТУЯАТАЙ ярилцсанаа хүргэе.
-Морин хуурын чуулга сүүлийн үед хөл хөдөлгөөн ихтэй байх шиг байна. Чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг удирдаач Н.Батчулууны биеийн байдал тааруу байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Үүнтэй холбогдуулан та бүхэн хандивын аян зохион байгуулж байгаа гэсэн. Энэ талаар эхлээд ярих уу?
-Саяхан буюу арав хоногийн өмнө Н.Батчулуун багшийн биеийн байдлын талаар эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийх шаардлагатай гэсэн. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөр өндөр гарсан болохоор бид олон талт аян өрнүүлэн ажиллаж байна. Одоогоор “Морин хуурын чуулга” болон Улсын филармонийн дэргэд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Н.Батчулуун ахын гэр бүл, ах дүү, хамаатан садан болон Монголын урлагийн байгууллагад хамтран зүтгэдэг түүний шавь нар болон найз нөхдийн бүрэлдэхүүн багтсан байна. Энэ хүрээнд бид “Эгшгэн өргөл” гэдэг сайхан сэтгэлийн аян өрнүүлж аяны хүрээнд энэ сарын 21-22-ны  өдрүүдэд Соёлын төв  өргөөний концертын танхимд хандивын тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Урлагийн бид чинь тэр болгон хөрөнге мөнгө цуглуулаад байх боломж байдаггүй. Хөрөнгө гээд яривал өөрийн уран бүтээлийн цомог, ном төдийхөн л байдаг. Амьдралд энэ мэт гэнэтийн зүйл тохиоход үнэхээр хүнд байдалд ордог юм байна шүү гэдгийг одоо л багшаасаа харж байна. Одоогоор багшийн маань нутаг Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс, мөн зарим нэг урлагийн байгууллагууд нэг өдрийн цалингаа хандивлах төрөл бүрийн тусламж ирсээр байна. Энэ бүхэн бидэнд маш том дэмжлэг болж байгаа. Бид бас удахгүй Дорноговь аймагт тоглохоор төлөвлөж байна. Сайхан сэтгэлт түмэн олон ч гэсэн энэхүү сайн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл манай чуулгын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Мөн бидний бэлтгэсэн тоглолтыг ирж үзсэнээрээ ч та бүхэн энэхүү сайн үйлсэд хандив өргөж байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
-Эмчлүүлэх эмнэлэг нь тодорхой болсон уу?
-Багш маань одоогоор донороо хайж байна. Донор нь хурдан олдвол өнөө маргаашгүй явах төлөвлөгөөтэй байгаа. Дэлхийд элэг шйлжүүлэн суулгах мэс заслаараа тэргүүлдэг Солонгосын “Ассап” гэдэг эмнэлэг байдаг юм байна. Тэр эмнэлэгт хагалгаагаа хийлгэнэ гэж урьдчилан тохиролцоод бэлдээд л байж байна.
-Таныг чуулгыг анх байгуулагдсан үеэс эхлэн ажиллаж эхэлсэн гэж ярьдаг юм билээ. Анх чуулгад хөл тавьж байсан тухайгаа ярихгүй юу?
-Тиймээ, энэхүү чуулгыг анх байгуулагдсан цагаас нь эхлэн ажилласан. Тухайн үед би хамгийн залуу уран бүтээлч нь байлаа. Учир нь, би наймдугаар ангийн сурагч байсан. Тухайн үед цаг төрийн байдал, нийгмийн амьдрал их хэцүү болохоор цалин хөлсгүй байсан үе л дээ. Анх бид бүгд цалингүй ажилладаг байлаа. Шууд цалин хөлс амлаад мундаг сайн уран бүтээлчдийг урьж тоглуулж чуулга байгуулах боломжгүй байсан. Тэр үед шинээр чуулга байгуулах нь битгий хэл, байгаа театр чуулгууд нь цалингаа тавьж чадахгүй тийм хүнд үе байлаа. Гагцхүү морин хуурын чуулгыг байгуулах юмсан гэсэн чин эрмэлзлэлээс өөр зүйлгүй Н.Батчулуун багш маань шавь нараа л түшиж байсан. Шавь нараа бүрдүүлж, бэлтгэл сургуулилт хийлгэж, тоглолт хийж эхэлсний дараа л энэ “Морин хуурын чуулга” гэдэг нэр олон түмэнд танигдах эхлэл нь тавигдсан. Өнөөдөр манай чуулгад 30 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Үүний 10 орчим нь чуулгыг анх үүсгэн байгуулахад тулгын чулууг нь тавьсан хүмүүс байдаг. Морин хуурын чуулгыг анх байгуулалцаад ажилласан хэдий ч амьдралын эрхээр өөр газар ажиллаж амьдарч байгаа хүмүүс ч олон байгаа. Гэхдээ тэдний сэтгэл хэзээд чуулгадаа бидэнтэй цуг байдаг. Энэ удаагийн аяны явцад ч харагдаж байна. Жишээ нь, Америк, Япон, Германд байгаа шавь нар нь тэнд бас хандивын тоглолт хийхээр төлөвлөж байна. Өдөр цаг, газраа товлочихсон гээд бидэнд мэдэгдэж байгаа. Тэгэхээр “Морин хуурын чуулга” бол зөвхөн нэр хүнд, уран бүтээл, чадвар гэдгээсээ гадна сэтгэл дээр тогтож байдаг хамт олон учраас бид үүнд их бахархалтай байдаг.
-Байгуулагдсанаас хойш хэдэн оноос эхлэн гаднын орнуудаар тоглов. Сэтгэлд үлдсэн тийм нэгэн тоглолт байдаг л биз дээ?
-Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ 1996 оноос хойш тасралтгүй олон оронд тоглосон. Жишээ нь ОХУ, Япон, Солонгос, Хятад, Канад, Франц, Итали, Америк зэрэг орнуудад давтагдсан тоогоор гэвэл нэлээд их тоо гарна. Цөөн бүрэлдэхүүнээр ч хэд хэдэн гаднын оронд тоглосон байдаг. Тоглосон орнуудынхаа жагсаалтыг харвал их сонирхолтой тоо гарах байх. Сэтгэлд үлдсэн тоглолт гэвэл бид яруу найрагчидтай хамтарч тоглолт хийж байсан. Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэн, Болор цомын эзэн Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нар байсан санагддаг. Яруу найраг хөгжим хоёр гайхамшигтай хоршдог гэдгийг тэгэхэд л ойлгож билээ. Хөгжим гэдэг өөрөө яруу найраг; яруу найраг өөрөө хөгжим юм билээ. Энэ л тоглолт сэтгэлд их тод үлдсэн байна.
-Чуулгын хөгжимчин, менежер хүнийхээ хувьд цаашдаа ямар ажлууд телөвлөж байна вэ?
-Уран бүтээлүүдээ сайжруулна. Мөн “Морин хуурын чуулга”-аа олон улсын төвшинд хэрхэн авч явах вэ гэдэгт их санаа тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд өөрийгөө ч гэсэн байнга бэлдэж, мэргэжил дээшлүүлэх мэргэших зэрэг ажлыг хийж байдаг юм. Манай уран бүтээлчид ч ялгаагүй зевхөн хөгжмөө тоглоод зогсохгүй, дөвхар маш их олон мэргэжлийг эзэмшиж байдаг. Өмнө хэлсэн, чуулга маань сэтгэл дээр тогтдог гэж. Дотроо өөрийн гэсэн тайзны зураач, найруулагч, нягтлан, менежертэй төдийгүй хувцас дизайнаа хүртэл бид өөрсдөө бүтээдэг. Тийм болохоор тухайн хариуцсан чиглэлийнхээ дагуу уран бүтээлчид маань мэргэшиж сургалтанд хамрагддаг болсон.
-Морин хуур бусад хөгжмийн зэмсгийг бодвол их өвөрмөц хөгжим. Энэхүү хөгжмийг анх мэдэрсэн үеэ дурсвал?
-Намайг анх 11 настай байхад ӨМӨЗО-ны алдарт хуурч Чи Булаг гэдэг хүн аавд морин хуур бэлэглэсэн юм. Үүнээс яг нэг жилийн дараа буюу 1990 онд би Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид Н.Батчулуун багшийнхаа шавь болон орж байлаа. Тухайн үед энэхүү ангид гурван охин орж суралцсаны нэг нь манай чуулгын морин хуурч Б.Уянга гэдэг охин байдаг. Нөгөө охин маань яг мэргэжлээрээ яваагүй л дээ. Ингээд бодохоор морин хуур хөгжмийг мэдэрч эхэлсэн үе гэвэл 12 настайгаасаа л юм уу даа.
-Тэгэхээр таны бага нас урлагтай их ойр байжээ. Аав тань бас таныг бэлддэг байсан байх, тийм үү?
-Тиймээ, урлаг гэдэг өөрөө бага наснаас эхэлдэг зүйл шүү дээ. Өнөө үед сонгодог хөгжмийн хүүхдүүдийг зургаан настайгаас нь эхлэн авдаг. Харин ардын хөгжим, ардын бүжгийн ангийн хүүхдүүдийг тавдугаар ангиас нь авдаг юм шүү дээ. Тэгэхээр бүр багаас нь өөрсдийнх нь замыг сонгоод эхэлчихсэн байдаг. Мэдээж тэр хүүхэд бага учраас ямар мэргэжил эзэмшихээ мэдэхгүй байж болно. Тийм болохоор аав ээж нь чиглүүлэх эсвэл тухайн хүүхэд үнэхээр байгалиас заяасан сод авьяастай байгаад, би ийм л хүн болно гэсэн зорилготой болох тохиолдлууд байдаг. Хүүхдээ урлагийн хүн болгохыг хүсч байгаа хүмүүс бол багаас нь мэргэжлийн сургуульд сургах хэрэгтэй. Тэнд хүүхдийг өдрийн 7-8 цаг хичээллүүлдэг. Тийм болохоор тухайн хүүхдэд ямар ч чөлөөт цаг гэж гардаггүй.
Ийм нарийн дэг журам, хэцүү сорилтыг давж мэргэжлээ эзэмшинэ гэдэг бол их том шалгуур болдог л доо. Миний хувьд яг ийм л зарчмаар явсан. Мэдээж энэ бүхэнд аавын маань нөлөө байлгүй яахав.
-Та хаана хөгжмийн боловсрол эзэмшсэн бэ?
-Би хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид суралцаж төгсөөд СУИС-д менежментийн ангийг дүүргэсэн. Одоо удирдлагын академид суралцаж байгаа.
-Нэгэн цагт хөгжмийн зохиолчид үе үеэрээ л гарч ирсэн. Тухайлбал Л.Мөрдорж,  Д.Лувсаншарав, Б.Дамдинсүрэн зэрэг нэг хэсэг байлаа. Дараа нь Б.Шарав, Н.Жанцанноров, С.Чинзориг, Х.Билэгжаргал зэрэг хөгжмийн зохиолчид төрсөн. Харин сүүлийн үед эдгээр хүмүүсийн бүтээл шиг чанартай бүтээл ховор төрөөд байна уу гэсэн шүүмж яригдах боллоо. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бол тухайн цагүетэй л холбоотой. Үе үеийн хөгжмийн зохиолчдын олж авсан боловсрол, тухайн нийгмийн онцлог зэргээс хамаараад гарч буй бүтээлүүд өөр өөр байдаг. Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Дамдинсүрэн гуайн үе бол Монголд мэргэжлийн бүтээлүүд төрж гарч байсан анхны үе. Энэ үед бүгд шинийг эрэлхийлж байсан сургалтын шинж: чанартай, магадгүй Оросын бүтээлүүдээссанаа авч түүнийгээ монгол хэлбэр лүү оруулсан тийм бүтээлүүд ихэвчлэн гардаг байсан. Харин З.Шарав, Х.Билэгжаргал, С.Чинзориг, Б.Хангал нарын үед бол өөр өөрийн онцлогтой монгол төрхтэй уран бүтээлийг гаргаж ирсэн. Харин өнөөгийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглоод үзэхэд олон улсын хөгжмийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд хийж буй эгшиг хэмнэлийн өөрчлөлт, онцлог, бичилтийн өвөрмөц байдлыг монгол РУУ буулгах гэсэн тийм зүйл ажиглагдаж байгаа юм. Тэгэхээр үе бүхэн өөрийн гэсэн онцлогтой байдаг. Магадгүй энэ үеийн дараа дахиад л шинэ үе гарна. Тэр шинэ үе бас ямар онцлогтой байхыг бид хэлж мэдэхгүй. Тэгэхээр тэр үе энэ үеэс муу. Эсвэл энэ үе сайн гэж ерөөсөө ярьж болдоггүй. Үе болгон өөрийн онцлогтой. Тухайн нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл нь ч өөр байдагтай холбоотой.
-Үндэсний урлагийн тоглолтын ханшийг бусдаас өндөр тогтоож болдоггүй юм уу?
-Яахав, өндөр тогтоож болно. Гэхдээ өнөөдөр монгол хүний дундаж цалин хэд байгаа билээ. Бид аль болох үзэгчдэдээ хүртээлтэй байх үүднээс тоглолтын үнэ ханшийг дунджаар тогтоодог. Хэт өндөр үнээр тогтоочихвол тоглолт үзэхийг хүссэн хэн нэгэн, үзэж чадахгүй тохиолдол гарч болох учраас тоглолтын тасалбарын хувьд дундаж байх нь зөв гэж үзэж байгаа. Жишээ нь, энэ удаагийн багшийн хандивын тоглолтын үнийг бид 25 мянган төгрөгөөр тогтоосон. Өнөөдөр энэ ханш монголчуудын хувьд тийм бага мөнгө биш гэж бид үзсэн.
-Таны аавын уран бүтээлүүд болоод хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь Монголын ард түмэн бүгд мэднэ. Харин эцэг хүнийх нь хувьд та сэтгэгдлээ хэлнэ үү?
-Айл гэрийн эзэн, хүний хань, хүүхдийн эцэг гэртээ ямар байдаг яг л бусдын адил. Аавын маань хамгийн сайхан чанарын нэг бол хүний төлөө гэсэн сэтгэл нь байдаг. Мөн байнгын шинийг эрэлхийлж завгүй ажилладаг нь бидэнд ч нөлөөлдөг. Бид аав охины элэгсэг дотно харилцаанаас гадна ажил хэргийн маш их харилцаатай ажилладаг. Ижил мэргэжилтэй, мөн би “Морин хуурын чуулга”-ыг ахалж явдагийнхаа хувьд аавтайгаа олон ажлыг хамтарч хийхээр төлөвлөж байна. 2008 оноос эхэлж Морин хуурын олон улсын наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөөд хэрэгжүүлж байгаа. Түүнд аав охин гэхээсээ илүүтэй ажил хэргийн хамтрагч гэдгээр явна. “Н.Жанцанноров сан” гэж байгуулагдсан. Сангийн хүрээнд бид уралдаан зохион байгуулж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Мөн Японд морин хуурын уралдааныг зохион байгуулсан, ажил хэргийн харилцаа түлхүү байдаг. Гэхдээ эцгийн хувьд ч уран бүтээлч талаас нь ч би ааваараа цаг ямагт бахархаж явдаг.

Т.МӨНХНАСАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/сумки для macbook air 13beautiful escorts


Н.Уугантуяа: Хөгжим гэдэг өөрөө яруу найраг, яруу найраг өөрөө хөгжим юм билээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.