Chanel, LV, Rodarte зэрэг дэлхийн тод дизайнеруудын энэ хаврын загварын шоунууд дээр сондгойрч байсан үс засалт, будалтуудыг танилцуулж байна.
1. Чимэгтэй шуулт-Нойтон шуултан дээр сувдан зүүнүүд шигтгэхийг Chanel-ын артистууд Лусын дагинаас санаа авсан болов уу гэлтэй. Үдшийн болон өдөр тутмын хувцаслалтанд чинь ч шинэлэг аясыг нэмэх энэ засалтыг хийхийн тулд үсээ нойтон дээр нь хойш шууж, шаардлагатай гэвэл гельдээд гадуур зарагддаг үсний сувдан зүүнүүдээс хэд хэдийг хатгахад л хангалттай. Chanel-аас гадна Yves Saint Laurent моделуудынхаа үсийг алтлаг өнгийн чимгээр гоёж, Louis Vuitton гялалздаг титэм зүүлгэж, Marc Jacobs гялтгар алчуураар боосон байв. Хэрэв энэ хавар гоо сайхандаа өөрчлөлт хийхийг хүсвэл үсэндээ янз бүрийн санаанд оромгүй акссесуар зүүгээрэй.
2. Хээнцэр сэнсдэлт-Versace-гийн артист Guido Palau хөвсгөр, том сэнсдэлтийг сонгожээ. Линдсэй Виксэнийх шиг үстэй болохын тулд үсэндээ хөөс түрхээд, тонгойж байгаад бүгдийг нь доошоо чиглэлтэйгээр сэнсдэнэ. Эмзэг, торгомсог үс засалт D&G, Issa London, Sonia Rykiel-ын шоунуудаас ч харагдсан. Ингэж сэнсэдсэн үсний онцлог нь хүзүүнд огтхон ч ачаа өгөхөөргүй хөнгөн болдог учраас толгой амрах шиг, бие хөнгөрөх шиг мэдрэмжийг төрүүлдэг. Дээрээс нь секси гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх аа.
3. “Нойтон” төрх-Яагаад нойтон үс хэзээ ч моодноос гардаггүй вэ? Учир нь ийм засалт эрчүүдэд халуун шүршүүрнээс дөнгөж гарч ирсэн мэт, эсвэл хүйтэн бороонд энгэрээ норгоод ирсэн мэт сэдлийг төрүүлдэг. Янаг тачаангуй бүхнийг “нойтон”-той зүйрлэдэг биш билүү? Alexander Wang-ийн загвар өмсөгчид хаврын шоунууд дээр энгийн, хээнцэр ийм төрхийг сонгожээ.
4. Доор боосон үс-Хойно боосон үс өнгөрсөн өвөл ч бас моодонд орж байсан. Гэхдээ энэ хаврын боолт нилээд доошилсноороо онцлогтой. Emilio Pucci-гийн шоунаас дэлгэрсэн шинэ тренд бол нэг хажуу тал руугаа гүн хуваасан үсээ үзүүрээс нь хэдхэн инчийн зайд боох юм. Үс чинь бага зэрэг хөвсгөр, долгионтой байвал бүр сайн. Хүсвэл урдуураа үсний даруулга зүүх юм уу, чихнийхээ хэсгийг ил гаргаарай. Энэ засалтын арай өөр хэв маягийг Viktor & Rolf-ын моделууд танилцуулсан. Тэд үсээ үзүүр хавьд нь жижигхэн эрвээхэй туузаар зангидсан нь хүүхэлдэйг санагдуулам байсан юм.
5. Цэмцгэр ретро маяг-Дайны үеээс санаа авсан үс засалтыг Christian Dior, Preen, Jil Sander сонгосон байлаа. Гол мэх нь ердөө үсээ бүгдийг нь хойш гельдэж байгаад, үзүүр хэсгийг нь хүзүү рүүгээ дотогш нь эргүүлж ороох юм. 60-аад оны цэмцгэр засалтыг хар, цагаан өнгөөр хувцаслахыг илүүд үздэг бүсгүйчүүд туршиж үзвэл илүү хүчирхэг, дэгжин харагдах болно.
6. Хүнд металл-Rodarte-гийн металл будалт загвар өмсөгчдийн харцанд туяа нэмж байлаа. Хөх өнгөнөөс гадна алтлаг, мөнгөлөг будалтанд энэ хэв маягийг шингээж болно. Гол нь чамд тухайн өнгөтэй нүдний саа буюу “pigment” хэрэг болно. Нүдээ дээрх гурван өнгийн аль нэгээр нь смоки будалт хийгээд, зовхиныхоо дунд хэсэгт саа тавьж өгөөрэй.
7. Жинхэнэ минимализм-Stella McCartney-гийн моделууд энэ хавар зөвхөн гялтгар тунгалаг энгэсэг, үл ялиг хацар өнгөлөгч, бор өнгийн сормуусны будаг гурвыг хэрэглэлээ. Натураль гоо сайхнаа ил гаргахыг хүсдэг бүсгүйчүүдэд энэ тренд том боломж олгож байна.
8. Хаврын хумсны тренд-Хумсаа энэ хавар ямар өнгөөр гоёх вэ? Улиг болсон өнгөнүүдээс татгалзаж шинэ содон будагны эрэлд гараарай. Бэрсүүт жүржний улбар өнгө, үлээдэг бохьны ягаан өнгө, лавендерны нил, зэрлэг сарнайн улаан, каппучиногийн бор, нимбэгний шар зэрэг тод биш тунгалаг усан өнгөнүүд тренд болж байна. Мөн сансар огторгуйг санагдуулам оддын гялбаа мэт хөх ягаан, хөх, саарал, ногоон металлик хамелеон өнгөнүүд энэ хавар хумсыг чинь туяаруулах учиртай.
9. Хөнгөн хөөрхөн-LV-гийн загвар өмсөгчид зөвхөн нүдээ тодруулж, уруул, арьсандаа дээд зэргийн цэвэрхэн будалт хийжээ. Сормуусаа хэд хэд давхарлаж будаад, уруулаа бүдэг ягаанаар будаж, хацраа үл ялиг өнгөлөөд л хөнгөн бөгөөд хөөрхөн, гэнэн цайлган будалтыг хийчихнэ.
Гоолингоо