Үндэсний хөгжмөөр Монголын болон гадаадын аяз, аялгууг тоглодог “Жонон” хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд хийнэ.
Зургаан жилийн хөдөлмөр, уран бүтээлээ тайлагнах тоглолтоо “Зөн” хэмээн нэрлэсэн бөгөөд сайн, сайхан бүхнийг зөгнөнө гэсэн утгатай аж. Тоглолтод оролцох болон арын албанд ажиллаж буй хүмүүсээ тоолбол 200 орчим болж байгаа гэсэн.
Тусгаар тогтнолын ордонд болох тоглолтын талаар хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргилоос тодруулахад “Өөрсдийн зохиосон болон тоглох дуртай гадаад, дотоодын аялгуунуудаа багтаасан.
Рокоос бусад урсгалын төлөөлөл болсон уран бүтээлчид тоглолтод маань оролцоно. Тэднийг нэрлэхээр бусдын нэрийг барьж тоглолтоо сурталчилж буй мэт болчихно. Тиймээс нэрийг нь хэлэхгүй. Ямар ч байсан симфони оркестр оролцоно. Хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа” гэв.
Н.АМАР /mongolnews.mn/