БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Канадын “Бритиш Колумбия” их сургуультай хамтран ажиллах тухай Санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Сайд энэ оны эхээр Канад улсад айлчлал хийхдээ Монголоос оюутан сургах боломж нөхцөлийн талаар тухайн сургуулийн удирдлагуудад санал тавьж байсан юм.
Хамтын ажил лагааны Санамж бичиг байгуулснаар Монгол Улсын их сургуулиуд “Бритиш Колумбия” их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, их, дээд сургуулийн багш, залуу эрдэмтэн, судлаач солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт зохион байгуулах боломжтой болох юм.
Канадын “Бритиш Колумбия” их сургууль ШУТИС-тай Уул уурхайн инженерийн мэргэжлийн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналаа илэрхийлээд байгаа аж. Түүнчлэн Санамж бичгийн дагуу Монгол Улсын иргэд “Бритиш Колумбия” их сургуульд элсэн орсон тохиолдолд Канад Улсын иргэдтэй адил хэмжээний төлбөрөөр суралцах боломж бүрдэнэ.
Г.ГЭРЭЛ /Mongolnews.mn/