Хүйтэн сэрүүн уур амьсгал бие организмыг янз янзаар л сорьдог. Бид хаанаас ч юм олон төрлийн вирус “авч”, халдварт өвчин тусдаг нь бие организмаа хэт их дааруулсантай холбоотой. Тэгээд ч “ганган хүүхний үхэл хавар намар” гэж үг бий. Намрын сэрүүн уур амьсгал аль хэдийнээ орчихсон байхад шилэн трико өмсөж, гоёж гангалсан хүүхнүүд хотоор дүүрэн. Нэг үдэш ч болов дур булаам харагдах нь сайхан л даа. Гэхдээ л маргааш орой нь гэхэд таны эрүүл мэндийг “эмэгтэй хүний нүүр царайтай” цистит өвчин заналхийлвэл яана?
Зургаан мянган эрчүүдийн тал нь ядаж нэг удаа цистит өвчний шинж тэмдгийг мэдэрсэн байдаг бол хоёр эмэгтэй тутмын нэг нь уг өвчнөөр өвдсөн байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн шээсний сувгийн өвөрмөц бүтцээс хамаардаг аж. Эмэгтэй хүний шээсний суваг эрэгтэйчүүдийнхээс богино, өргөн, мөн үтрээ, анус хоёрт их ойрхон байрлалтай байдаг. Тийм учраас трихомониаз, гонорея, хламидоз зэрэг бэлгийн замын өвчнүүд заримдаа уретрит, эсвэл цистит өвчнийг үүсгэх магадлалтай байдаг байна. Цистит нь мөөгөнцөр туссанаас болж илрэх ч магадлалтай. Цистит өвчний шинж тэмдгүүд нийтлэг. Тухайлбал, зовиуртайгаар ойр ойрхон бие засах, давсагны хавиар хий дүүрэх, бие засмаар санагдсан ч чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед цистит өвчин хувийн ариун цэврээ сайн сахиагүйгээс илэрч ч болно.
Биеийн эсэргүүцэл ялимгүй муудах ч юм уу, эсвэл даарсны улмаас цистит өвчин ахин илэрдэг. Тиймээс эмчилгээг эмчийн хяналтанд хийх ёстой. Уг өвчин даамжирвал халдвар нь бөөр рүү шилжих тул эртхэн эмчлүүлэх шаардлагатай.
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрвээ бие засахад тань давсаг чинэрэн өвдөж, ойр ойрхон шээс хүрээд байвал нэн даруй бөөрний эмчид үзүүлээрэй. Өөрийн дураар эмчилж хэрхэвч болохгүй. Хэрэв шээсний шинжилгээ хангалтгүй гарсан бол эмэгтэйчүүдийн /эрэгтэйчүүдийн/ эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай.
Цистит өвчинг хэрхэн эмчлэх вэ?
Юун түрүүнд шээсний шинжилгээ өгнө. Ингэснээр дотрын эмч ямар эмчилгээ хийхийг тогтооно. Зөв сонгосон эмийн бэлдмэлүүд хурдан эмчилдэг. Гэхдээ европ эмчилгээтэй зэрэгцүүлэн уламжлалт эмчилгээний аргыг давхар хэрэглэх нь зүйтэй. Цангис, аньс жимсний шүүс уувал эерэг нөлөө мэдэгдэхүйц гарна. Мөн мэдээж хоолны дэглэм сахих хэрэгтэй. Хэт халуун ногоотой, шорвог хоол идэж болохгүй. Халуун бүлээн шингэн зүйл ууж, байнга дулаан хувцаслах шаардлагатай. Мөн эмчилгээ хийж байх үедээ бэлгийн хавьтлаас татгалзах хэрэгтэй. Эмчилгээг цогцоор нь хийж чадвал өвчин архаг хэлбэрт шилжихээс өмнө амжиж эдгээж чадна.
Эмчийн үзлэгт хэрхэн бэлдэх вэ?
Эмч өвчний шинж тэмдгүүдийг урьдчилан судлах зорилгоор асуулга авч болно. Мөн өдөрт юу ууж, хэр олон удаа бие зассан талаар асуух вий. Тиймээс эмчийн үзлэгийн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд өөрийгөө урьдчилан бэлдээрэй.
• Таны биед илэрсэн сөрөг шинж тэмдгүүдийг цаасан дээр нэг бүрчлэн бичиж тэмдэглэ. Уг өвчинтэй хамааралгүй юм шиг санагдсан шинж тэмдгийг ч үлдээлгүй бич.
• Хэрэглэж буй бүх аминдэм, эм бэлдмэлийнхээ жагсаалтыг гаргаарай. Ихэнх бэлдмэл нь шээсний сувагт үрэвсэл үүсгэж болзошгүй байдаг. Мөн ямар хэмжээтэй, хэр давтамжтай ууж байгаагаа тэмдэглээрэй.
• Эмчээс асуух асуултуудаа урьдчилан бэлдэж ороорой. Ингэснээр цаг хомс үед хамгийн гол асуултуудаа тавьж амжина.
• Эмчийнхээ зөвлөгөөг бичиж авах дэвтэр, үзэг авахаа мартуузай.
• Эмчийн бүх зөвлөгөөг ойлгосон эсэхээ шалгаарай. Дахин давтаж асуухаас ичих хэрэггүй.
Халдвараас ангижрах
Цистит өвчний гол шалтгаан нь халдвар. Харин халдварыг ихэнх тохиолдолд бүдүүн гэдэсний савханцар нянгууд үүсгэдэг байна. Эдгээр нянгууд бүдүүн гэдсэндээ хэнийг ч зовоолгүй амьдардаг атлаа биеийн дархлаа сулрах юм уу, даарах үед бүдүүн гэдэснээс давсаг руу “нүүдэллэн” очдог аж. Зорьсон газартаа хүрмэгц “оршин тогтнох байраа тохижуулна”. Өөрөөр хэлбэл, үрэвсэл үүсгэх таатай орчинг бүрдүүлдэг байна. Ингэснээр цистит өвчин мэдрэгдэж эхэлдэг аж. Сүүлийн үед эмч нар бүдүүн гэдэсний савханцраас гадна хламид, уреаплазма хэмээх бэлгийн замын хоёр өвчинг циститийн шалтгаан байж магадгүй гэж сэжиглэж буй. Эдгээр нь цөөн тохиолддог ч яг л адилхан хэмжээний асуудал үүсгэдэг гэнэ.
Циститийн эсрэг дайтахдаа юун түрүүнд уг өвчнийг сэдрээгч нянгуудыг устгах хэрэгтэй. Одоогоор хамгийн хурдан бөгөөд найдвартай зэвсэг нь антибиотик гэж үздэг. Уг өвчний анхны шинж тэмдэг илэрмэгц эмчид үзүүлж, өөртөө тохирсон эмийг бичүүлж аваарай. Эмийг эмчийн зааврын дагуу уух хэрэгтэй. Зарим хүн эхний шинж тэмдэг арилмагц эмээ уухаа больчихдог. Гэтэл өвчин анзаарагдахгүй сэдэрч байж болно. Үүнтэй тэмцэлгүй орхих юм бол архаг цистит рүү нэг алхмаар ойртож байна л гэсэн үг. Нэгэнт архаг циститтэй болчихвол тэмцэхэд улам л хэцүү болно. Тэгэхээр, эмчилгээгээ дутуу хаяхгүй, зааврын дагуу бүрэн хийх нь чухал.
Шингэн их уух
Шээх болгонд өвчний шалтгаан болсон нянгууд хамт гадагшилж байдаг тул шингэн зүйлсийг их хэмжээгээр уух хэрэгтэй. Чадвал цагт 1,5-2 литр шингэнийг уувал нэн сайн. Өөрөөр хэлбэл, хэр их шингэн зүйл ууна, тэр хэмжээгээр нянгууд цөөрнө. Тиймээс бие засахаас төвөгшөөн, шээсээ удаан барьж огтхон ч болохгүй шүү.
Ер нь олон төрлийн шингэн зүйл уусан нь дээр. Гэхдээ жүүс уухаас эргэлзээд байгаа бол буцалсан ус хэзээд зөв сонголт болж чадна. Гаазтай ундаа, цай, кофеноос хэсэг зуур татгалзаарай. Мөн цэвэр ус ч уух хэрэггүй. Эдгээр нь давсагны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Мэдээж, архины төрлийн ямар ч ундыг ууж болохгүй. Харин компот, жимсний ханд, сүүтэй цайг халуун бүлээнээр нь, чихэрлэг багатайгаар хэрэглээрэй. Жүүсний төрлөөс харшил өгдөггүй ногоо, жимснийхийг илүүд үзээрэй. Тухайлбал ногоон алим, лийр, чангаанз, үхрийн нүд, улаан лууван, өргөст хэмхийн жүүс их тустай. Харин улаан лоолийн жүүс хэт их давстай, амт оруулагчтай байх нь элбэг тул сөргөөр нөлөөлөх магадлалтай. Жүүсийг хоол идэхээс 30-40 минутын өмнө хэрэглэх нь тохиромжтой. Үүнээс гадна бөөрний эмчилгээний зориулалттай ургамлын цай ч ууж болно.
Ариун цэврээ сахигтун
Давсаг чинэрч өвдөх үед бүлээн шүршүүрт орвол зовиур намдана. Гэхдээ усан дор удаан зогсох хэрэггүй. Хэрвээ үрэвсэл зөвхөн давсагт явагдаж байгаа бол бүлээн ваннд хэвтэх нь сайн. Мөн унтахаасаа өмнө 10-15 минутын турш 36-38 градус халуун усанд хөлөө дүрж хэвшээрэй.
Дулаан хувцаслаарай
Циститийн анхны шинж тэмдэг илэрмэгц дулаан хувцаслах хэрэгтэй. Мөн гадуур явахаа багасга. Хуурай, дулаан байдал “аминд орно”. Давсган дээрээ 20 минутын турш халуун жин тавь. Халуун устай резинэн жин, цахилгаанаар ажилладаг дулаан баригч, 35-38 градус хүртэл халаасан ууттай давс, эсвэл элс ч байж болно. Дундуур нь 20-30 минутын завсарлага авч, үйлдлээ дахин давтаарай. Энэ мэтээр хэдэн цаг халуун жин тавьбал давсаг хавиар дүүрээд байсан хий багасна.
Хоолны дэглэм барь
Юу л бол юу идэж болно. Гэхдээ ходоодонд муугаар нөлөөлөх хоолонд хориг тавих шаардлагатай. Эдгээрт улаан, хар перец, уксус болон холимог орцтой гурилан бүтээгдэхүүнүүд орно. Өөрөөр хэлбэл, гашуун, хурц, халуун ногоотой болон хэт шорвог хоолноос татгалзах хэрэгтэй. Хоолны дэглэм тань чанасан ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээс бүрдсэн байх ёстой. Архаг циститийн эмчилгээ 6-10 хоног үргэлжлэх бөгөөд 2-3 долоо хоног хоолны дэглэм барьж шингэн зүйл ихээр хэрэглэх шаардлагатай байдаг. Үүнээс гадна сайн унтаж амарч байгаарай.