Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд олон эмэгтэйчүүдэд хийсэн үргүй болгох мэс заслын талаар албан ёсны тайлбар хийхийг Засгийн газраас шаардсан байна.
Тус улсын Засгийн газар хүн амын хурдацтай өсөлтийг бууруулахын тулд кампанит ажил зохион байгуулж байгаа бөгөөд Чаттесгар хотын Биласпур дүүрэгт 80 гаруй эмэгтэй 1400 рупи буюу 23 доллар төлж үргүй болгох мэс засалд хамрагджээ. Гэтэл мэс засалд орсон 11 эмэгтэй амиа алдсан төдийгүй одоогийн байдлаар дахин зургаан эмэгтэйн биеийн байдал мууджээ.
Эдгээр эмэгтэйчүүд ямар шалтгаанаар амиа алдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тэд бүгд кампанит ажил зохион байгуулсан нэг тосгоны иргэд байсан гэнэ. Амиа алдсан эмэгтэйчүүдийн цогцост эмч нар шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу лхавга гарагт гарна гэж албаныхан мэдэгджээ.
Мөн хохирогсдын ар гэрийнхэнд Энэтхэгийн Засгийн газраас нөхөн төлбөр олгох тухай мэдээлсэн байна. Гэхдээ сайн дураараа үргүй болгох хагалгаанд орж амиа алдаж байгаа нь анхны тохиолдол биш гэнэ. 2009-2012 оны хооронд ийм тохиолдол хэд хэдэн удаа гарч, Засгийн газраас 568 хохирогсдын ар гэрийхэнд нөхөн төлбөр олгож байжээ. “CNN” агентлагийн мэдээлснээр энэ удаагийн мэс засалд таван цагийн дотор 83 эмэгтэй сайн дураараа ирж нүүдлийн эмнэлэгт мэс ажилбар хийлгэсэн гэжээ.
Б.Нэргүй
Эх сурвалж: “CNN” агентлаг