Хvvхэд харах үйлчилгээний зардлыг улсын цэцэрлэгийнхтэй адилхан тогтооно

 Хvvхэд харах үйлчилгээний зардлыг улсын цэцэрлэгийнхтэй адилхан тогтооно
Өчигдөр өглөө УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгvйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслvvдийг авч хэлэлцсэн юм. Хуулийн төслvvдийн хэлэлцvvлгийн vеэр УИХ-ын гишvvн Л.Эрдэнэчимэгтэй өөрийнх нь санаачилсан Хvvхэд харах vйлчилгээний тухай хуулийн талаар ярилцсан юм.

-Та бvхэн Хvvхэд харах vйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн бариад хоёр жил өнгөрлөө. Энэ хуулийн талаар нийгэмд тодорхой хvлээлт vvсээд байна. Хуулийн төслийн хэлэлцvvлгийн явцад асуудал vvсгэж болзошгvй хариуцлага, аюулгvй байдлын стандартыг нэг мөр болгон зохицуулна гэж яригдаж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-УИХ-ын энэ долоо хоногийн чуулганаар Хvvхэд харах vйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Анх энэ хуулийн төслийг 2012 оны намар өргөн барьсан л даа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хуулийн ач холбогдол, нийгэмд vзvvлэх эерэг vр нөлөөг УИХ-ын гишvvдэд ойлгуулах гэж нэлээн их ажил хийлээ.

Жишээлбэл Сонгинохайрхан дvvргийн 10 дугаар хороо буюу яг гэр хорооллын дунд, ямар ч дэд бvтэцгvй газар хvvхэд харах жишиг vйлчилгээний төвийг нээж УИХ-ын гишvvдэд болон эцэг эхчvvдэд газар дээр нь vзvvлэн, амьдралд хэрэгжих боломжтой гэдгийг нь сурталчилсан. Хуулийн төслийнхөө дагуу тооцоо судалгааг ч ихээхэн нарийвчлалтай хийж гаргасан. Уржигдар УИХ дахь намын бvлгvvд энэ хуулийн төслийг их нухацтай авч хэлэлцсэн байна лээ. Харин энэхvv хуулийн төсөл дээр гардаг нэг шvvмжлэл бол стандартын асуудал байнга яригддаг. Ер нь гэрээр хvvхэд харж байгаа нөхцөлд аюулгvй байдлыг хэрхэн хангах вэ гэдгийг байнга ярьдаг. Энэ нь ч зvй ёсны шаардлага юм. Энэ тал дээр цэцэрлэгийн эрхлэгч нар, хувийн цэцэрлэгvvдийн зvгээс ихээхэн эсэргvvцэл vзvvлсээр байгаа.

-Өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгvй байгаа хэчнээн мянган хvvхэд байгаа бол. Нарийвчилсан тооцоо судалгаа хийгдэж байгаа юу?

-Нарийн тооцоо, судалгаа хийлгvй яах вэ. Тоо баримтан дээр vндэслэж л бид ажлаа төлөвлөнө шvv дээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 80 гаруй мянган хvvхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгvй гэртээ байцгааж байна. Хамгийн гол нь эдгээр хvvхдvvд ямархуу байдалтай өдөр хоногийг өнгөрvvлж байгаа вэ гэдгийг эхлээд бодолцож vзэх ёстой. Энэ хvvхдvvд хотын захын гэр хороолол, хөдөө орон нутагт сум, бригад, аймгийн төвvvдэд гэр гэртээ л өдөр хоног өнгөрvvлж байгаа.

Гэртээ өсч, бойжиж байгаа хvvхдvvдийн аюулгvй байдал тэртэй тэргvй хангагдахгvй байгаа. Ихэнх тохиолдолд дөнгөж л ухаа орж эхэлж байгаа ч юм уу, 10-15 насны хvvхдvvд л дvv нараа харж, хандаж байгаа шvv дээ. Гал, усны аюулд нэрвэгдэх, тvлэгдэх, хөлдөх, бэртэж гэмтэх гээд өдөр тутам аюул осолд өртөх эрсдлийн дунд ёстой л бор зvрхээрээ өсөн бойжиж байгаа хvvхдvvд хаа сайгvй бий. Ихэнх нь гудамжинд өдрийг өнгөрvvлж байгаа.

Ихэнх айл өрхvvд амьжиргааны дундажаас доогуур орлоготой амьдарч байгаа өнөөдрийн нөхцөлд хvvхдvvдээ тэр бvр цэцэрлэгт хамруулж чадахгvй байгаагаас илvv аюултай нөхцөлд амьдарч байна гэдгийг л би дахин дахин хэлж, сануулаад байгаа юм. Тийм ч учраас хvvхэд харах vйлчилгээний стандартыг арай хөнгөрvvлсэн хэлбэрээр мөрдөх зайлшгvй шаардлага тулгарч байна. Бидний төлөвлөж байгаагаар эхний ээлжинд 10-15 хvvхэдтэй мини цэцэрлэгvvд байгуулагдах боломжтой гэж vзэж байгаа. Харин яг гэртээ харах тухайд энэ удаа хойшлуулчихаад байна. Өөрөөр хэлбэл хvvхэд харах vйлчилгээ vзvvлэх байранд ямар нэгэн хvн амьдрах ёсгvй, тусгайлсан байр бэлдэх шаардлагатай гэж vзэж байгаа юм. Жишээ нь гэр хорооллын жижигхэн байшинтай айлууд тvvнийгээ суллаад мини цэцэрлэг ажиллуулж болох юм.

-Хяналт, шалгалтын тухайд?

-Өнөөдөр хvvхэд, гэр бvлийн байгууллага гэж маш том байгууллага байгаа шvv дээ. Гэр бvлийн тухай хуулиар энэ байгууллагуудад улсын хэмжээгээр 200 гаруй шинэ орон тоо гаргаж өгөхөөр болоод байгаа. Эдгээр хvмvvс хvvхэд харах vйлчилгээнд хяналт тавьж ажиллах юм. Тvvнчлэн Өрхийн эмнэлгvvд ойролцоох хvvхэд харах vйлчилгээний төвvvдэд vйлчилгээ vзvvлж, хамтран ажиллах ёстой. Мөн хороо, дvvрэг, багийн нийгмийн ажилтнууд тодорхой хяналт тавьж, шахаж шаардан ажиллах болно. Ерөнхийдөө хяналт тавих байгууллага, ажилтнууд хангалттай байгаа гэж ойлгож байна.

Хамгийн гол нь эцэг, эхийн хяналт маш их vvрэг гvйцэтгэх учиртай юм. Стандартын шаардлага хангаагvй, аль нэг талаар сэтгэлд нь нийцээгvй газарт хvvхдээ өгөхгvй байх эрх нь нээлттэй болохоор эцэг, эхчvvд энэ ажилд ихээхэн vvрэг рольтой оролцох ёстой юм. Өөрөөр хэлбэл зөв шударга өрсөлдөөн ихтэй болж, энэ хэрээр ч хvvхэд харах vйлчилгээ тун удахгvй өнөөдрийн манай нийгмийн нэгэн томоохон асуудлыг бvрэн шийдээд явах боломжтой л гэж харж байгаа. Эцэг эхийн хяналтын тогтолцоог бvр хуульчилж өгнө.

-Энэ хуулийн эдийн засгийн гол хөшvvрэг нь хvvхэд нэг бvрт төрөөс олгох хувьсах зардал байх нь ойлгомжтой. Харин хувьсах зардлын хэмжээ алслагдсан аймаг, сум, дvvрэг, гэр хороололд адил тэнцvv байх уу, тодорхой ялгавартай тогтоох юм уу?

-Хvvхэд харах vйлчилгээний хувьсах зардлыг өнөөдөр улсын цэцэрлэгт олгож байгаа нэг хvvхдийн зардлын хэмжээтэй адил хэмжээтэй тогтоохоор хуулийн төсөлд явж байгаа. Өнөөдөр улсын цэцэрлэгийн нэг хvvхдэд сар бvр 116 мянган төгрөгийн хувьсах зардал баталж өгдөг. Энд тухайн хvvхдийн хоолын мөнгө, багш нарын цалин хөлс, халуун дулаан гээд бvх л зардал багтдаг. Яг ийм зардлыг хvvхэд харах vйлчилгээ эрхлэх төв нь хvvхэд бvрийнхээ тоогоор сар болгон улсаас авах ёстой. Энэ 116 мянган төгрөг бол 10-15 хvvхэдтэй мини цэцэрлэгт багадна. Тийм учраас зайлшгvй нэмэлт төлбөр авах эрх нь нээлттэй vлдэх юм.

Дунджаар 50-60 мянга, зайлшгvй тохиолдолд 100 мянга хvртэл нэмэлт төлбөртэй байж болох ч заавал хуульчлах шаардлагагvй гэж vзэж байгаа. Хамгийн гол нь vзvvлж байгаа vйлчилгээ, тэнд шаардагдах хөрөнгө оруулалтаасаа шалтгаалаад төлбөрvvд янз бvр байх боломжтой юм.

-Энэ хууль хэрэгжээд эхлэнгvvт янз бvрийн ашиг, завшаан хайсан сөрөг vзэгдлvvд гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Стандарт барьдаггvй, хvvхдийн эрх ашгийг зөрчдөг, тэгсэн хэрнээ улсаас хувьсах зардал нэрээр баахан мөнгө төгрөг завших гэсэн хvмvvс гарах л байх даа?

-Бид яг энэ асуудлуудаас сэргийлэхийн тулд жишиг төвvvдийг байгуулсан. Энэ төвvvд дээр хийгдэж байгаа судалгаан дээр vндэслэн амьдрал дээр ямар эрсдэл, хvндрэл гарах нь вэ гэдгийг их анхааралтай авч vзнэ. Мэдээж хvvхэд харах vйлчилгээний төвvvдэд стандартын шаардлагыг нэлээн ул суурьтай тогтоож, нарийн мөрдvvлэх л ёстой. Бага сага алдаа дутагдал гарах нь ч ойлгомжтой.

Гэхдээ нэг зvйлийг сайтар ойлгож, хэтэрхий туйлширч болохгvй. Цэцэрлэгт хамрагдаж чадахгvй байгаа 80 мянган хvvхэд бараг л бvгдээрээ ямар ч дэд бvтэцгvй, гэр хороолол, хөдөө орон нутагт амьдарч байгаад асуудлын гол нь байгаа юм. Тэгэхээр хууль тогтоогчид бид дэд бvтэцтэй, нийтийн халуун, дулаанд холбогдсон байх ёстой гэсэн шалгуур тогтоож яагаад ч болохгvй. Өнөөдөр жирийн ханан пийшинтэй гэр хорооллын жижигхэн байшин, аль эсвэл хөдөө бригадын төв дээр байгаа 15 хvvхдийг нэг дор цуглуулан асарч, тордоод байх боломжтой жижигхэн төвийн тухай л ярьж байгаа шvv дээ.

 -Нийгэмд багагvй хvлээлт vvсгэсэн энэ хуулийн төсөл яагаад өдий болтол гацчихсан юм бол. Ер нь УИХ-ын гишvvдийн олонхийн дэмжлэг авах найдвар байгаа юу?

-Сонгинохайрхан дvvрэгт байгуулсан хvvхэд харах vйлчилгээний жишиг төвийг УИХ дахь бvх намын бvлэг, тvvнчлэн нэлээн олон гишvvн очиж vзсэн. Мөн ХАХНХ-ын яамныхан, Хvvхдийн төлөө газрынхан гээд шийдвэр гаргах, бодлого боловсруулах газрын олон төлөөлөгч очиж танилцсан. Хоёр жилийн өмнө энэ асуудлыг дэлгэн тавихад ихээхэн эсэргvvцэлтэй тулгарч байсан бол өнөөдөр байдал ихээхэн өөрчдөгдсөн гэдгийг баттай хэлж чадна. Тэгээд ч тодорхой хэмжээгээр нийгэмд хvлээлт vvсгээд байгаа Хvvхэд харах vйлчилгээний тухай энэ хууль энэ ондоо багтаад батлагдана гэдэгт итгэлтэй байна.

-Энэ хуулийн төсөлд 2-3 настнуудыг хvvхэд харах vйлчилгээ, 4-5 настнуудыг цэцэрлэгт хамруулахаар тусгагдаад явж байгаа гэсэн vv?

-Бидний боловсруулсан хуулийн төсөлд 2-5 настай хvvхдvvдийг хvvхэд харах vйлчилгээнд хамруулна гэж заасан байгаа. Энэ нь өөрөө сургуулийн өмнөх боловсролын систем биш юм. Сургуулийн өмнөх боловсролын систем бол хуучнаараа цэцэрлэгээрээ л явна. Бидний боловсруулсан хуулийн төслийн зорилго нь хvvхэд харах, хvvхдийг эрvvл, аюулгvй орчинд өсгөх, асрамжлах тухай тусдаа vйлчилгээг зохицуулах ёстой юм.

Тэгээд ч энэ vйлчилгээ нь Боловсролын яамны биш, ХАХНХ-ын яамны шууд харьяанд явах vйлчилгээ юм. Ер нь яваандаа хоёр гурван жилийн дараагаас 1.5-3 хvртэлх насны хvvхдvvдийг хvvхэд харах vйлчилгээнд хамруулаад, 4-5 настнуудаа цэцэрлэгт хамруулдаг болохыг зорьж байгаа. Яагаад ингэж vзэж байна гэвэл хоёроос гурван жилийн дотор хvvхэд харах vйлчилгээ маань ний­гэмд тодор­хой хэм­жээгээр танигдаж, шаардлага хангасан нэлээн олон төвтэй болж, тэр ч хэмжээгээр эцэг эхчvvдийн зvгээс дэмжлэг хvлээх боломжтой гэж дvгнэж байгаа юм.

Дээр нь УИХ дээр яригдаж байгаа нэг чухал асуудал бол цэцэрлэгийн хvvхдийн хоолны мөнгөний багагvй хувийг эцэг, эхчvvдээс гаргуулах тухай яригдаж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр нэг хvvхэд өдөрт 1600 төгрөгийн хоолны нормтой байгаа нь хvvхдийн өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлж, нэг ёсондоо хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа. Өдөрт 80 грамм мах идэх ёстой хvvхэд 40 граммыг идээд байвал зайлшгvй бие нь давжаарч, өсөлт хөгжилт нь удааширна шvv дээ.

Өглөөний сонин
Д.Түвшин

аквалоо ценаdubai massage


Хvvхэд харах үйлчилгээний зардлыг улсын цэцэрлэгийнхтэй адилхан тогтооно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.