Стрессийн гаралтай өвчнүүд
Нийгэмд тулгамдсан олон асуудлууд түүнээс үүдэлтэй хүмүүс хоорондын харилцааны зөрчлүүд хуримтлагдсаар стрессийг үүсгэж байдаг. Өөр өөр итгэл үнэмшил, үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй хүмүүс хоорондоо маш их зөрчилдөж байна.
Жишээ нь багш шавь хоёр, эхнэр нөхөр, эцэг эх хүүхэдтэйгээ, ажиллагсад хоорондоо ойлголцоогүйгээс болж хүмүүс хоорондын зөрчил, будлиан үүсэж, энэ нь мэдэгдэхүйцээр биемахбодийн өвчлөлүүдийг үүсгэж байдаг.
Өөрөөр хэлбэл стрессийн гаралтай биемахбодийн өвчлөлүүд нь нийт өвчний 90 хувийг эзэлдэг гэсэн албан ёсны судалгаа байдаг. Тиймээс хүн бүр өөрийнхөө эрүүл мэнд, ялангуяа сэтгэлзүйн эрүүл мэндийг сахин хамгаалахад анхаарч байх хэрэгтэй.
Стресс хоёр төрөл байдаг. Стрессийг үүсгэдэг хүчин зүйлс тоймгүй олон. Гэхдээ энд хүмүүс хоорондын зөрчлөөс үүссэн стрессийн талаар авч үзье. Хүмүүс хоорондын зөрчил нь эцсийн дүндээ невроз буюу мэдрэлийн архаг ядаргааны эх үүсвэр болж байдаг.
Нөгөө талаас бие хүний эмгэгийг үүсгэдэг. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал зан үйлийн өөрчлөлтүүд. Тухайлбал буруу хүмүүжил, бусадтай нийцэхгүй байдал гэх мэт. Гурав дахь эмгэг нь сэтгэлийн шалтгаант биеийн өвчнүүд юм.
Невроз гэж юу вэ?
Невроз буюу мэдрэлийн архаг ядаргаа нь стресс буюу хувь хүн, ажил, амралтынхаа ачааллыг зөв тохируулаагүйгээс, хэт их ачаалалтай оюуны хөдөлмөр эрхлэх зэргээс үүсдэг. Мэдрэлийн архаг ядаргаанд орсон үед хүмүүст ихэвчлэн дараах зовиурууд илэрнэ.
Үүнд:
• Амархан ядарч, тамир тасрах
• Эцэж сульдах, хөдөлмөрийн чадвар буурах
• Ялимгүй ачааллыг даахгүй болох
• Амарсан ч ядаргаа гарахгүй байх
• Эхэлсэн ажлаа гүйцээж чадахгүй байх
• Хэлэх, ярих, дуугархаас хүртэл залхуу хүрэх
Өөр нэг илрэх шинж тэмдэгт
• Юм ойлгохоо болих
• Анхаарал сарних
• Тархи юм хүлээж авахгүй болох
• Толгой дүүрэх
• Дуу шуугианд дургүй болох
Эдгээр нь мэдрэлийн архаг ядаргаанд орсны шинж юм. Дээрх зовиурууд нь үндсэн зовиур бөгөөд цаашид даамжирах буюу эсвэл стресс үүсгэх хүчин зүйлүүд дахин дахин давтагдаад ирвэл ялимгүй зүйлд сэтгэл зовдог, ямар нэг юм муу болох гээд байгаа юм шиг зовнилууд төрөх, тэвчээргүй болох амархан уурлаж бухимдах, хүмүүстэй ойлголцож чадахгүй хэрэлдэж маргалдах, гэр орон үр хүүхэд зэрэгт уур бухимдлаа гаргах хандлагууд илэрч эхэлнэ.
Хэрвээ стрессээ эмчлэхгүй үргэлжлээд байвал архаг мэдрэлийн ядаргаанд орох цаашлаад сэтгэл мэдрэлийн янз бүрийн асуудалд орох хүртэл асуудал хүндэрч болно. Тиймээс юуны өмнө мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.