Элэгний өвчлөл ихсэж буйн гол шалтгаан нь хорт зуршлаас болдог байна. Тухайлбал буруу хооллолт, архи ихээр хэрэглэдэг хүний элэг нь архин дахь хатуулаг бодисыг задалж дийлдэггүй аж. Хэдийгээр бохирын шарыг тийм аюултай биш гэж үздэг ч үлдэц байж болох талтай. Бохирын ч бай, нэг л удаа шарласан бол хүн насан туршдаа хоолны, ариун цэврийн дэглэм сахих шаардлагатай болдог. Гэтэл манайхан тухайн үедээ л эдгэрсэн бол бусад бүх асуудлыг мартчихдаг гэмтэй.
Элэгний үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдсон хүмүүс нэг дор хэтрүүлж идэх, шарсан хуурсан, өөх тосны шүүс нь гоожсон, бялуурам хоолноос татгалзах нь зөв. Огт хэрэглэхгүй байх нь чухал. Өөх тос байж болох ч бага хэмжээтэй, сүүлний голчилсон өөх тохирно гэсэн үг. Ууж байгаа усандаа сайтар анхаарал тавь. Түүхий ус хэрэглэж болохгүй. Хорт хавдраас сэргийлэх байцаа, хүрэн манжин, яншуй зэрэг хүнсний ногоог хэрэглэх шаардлагатай.
Элэгний ямар нэгэн асуудалтай хүмүүс ажил амралтаа зөв зохицуулах хэрэгтэй. Хэт ачаалалд орох, нойргүйдэх, стресс бухимдлаа тайлж чадахгүй байх зэрэг нь бүгд элгэнд тааламжгүй. “Элгээ эрүүл байлгая гэвэл инээ” гэдэг үг оргүй биш шүү. Баяр баясгалантай байх нь чухал. Түүнчлэн эмийг замбараагүй хэрэглэх нь элгэнд ачаалал үүсгэдэг.
Архи, спиртийн төрлийн ундааг огт уухгүй байх хэтрүүлэн хэрэглэхийн аль аль нь хортой. Гэхдээ архи ууж болох юм байна гэж ойлгож болохгүй. Зөвхөн 10-20 грамм архийг шаардлагатай тохиолдолд ууж болно. Мөн бэлгийн соёлдоо анхаар. Олон хамтрагчтай байх, замбараагүй сексийн харьцаа гэх мэтийг цээрлэ. Учир нь элэгний В, С вирус бэлгийн замаар халдварладаг. Тиймээс танилцаад удсан ч гэдэг юм уу янз бүрийн шалтгааныг үл харгалзан хамгаалалт заавал хэрэглэ.
Эх сурвалж: “Хань” сонин