“Хэзээ ч үл живэх” хэмээх тодотголтой байсан алдарт “Титаник” усан онгоц ахмад Эдвард Смитийн удирдлага дор яваад мөсөн уул мөргөж, живснээс хойш 100 жил өнгөрчээ. Энэхүү ойг тохиолдуулан “Титаник” уран сайхны киноны 3D хувилбар энэ сарын 4-нд нээлтээ хийх гэж байгаа билээ. Тэгвэл саяхан Умард Ирландын Белфаст хотод “Титаник” музей нээлтээ хийжээ. Музейн барилга хөлгийн хошууг санагдуулам хэлбэртэй бөгөөд “Титаник”-ийг бүтээн босгосон үйлдвэр байсан газар дээр баригдсан аж.
Тус музейд “Титаник” хөлөг дотор байсантай адил шат, цаг, бүжгийн танхим зэргийг байгуулж, мөн ослоос амьд гарагсдын дуу бичлэгийн түүвэр, тухайн үед дуудаж байсан тусламжийн дохио зэргийг багтаасан байна. “Титаник” музейд зочилсноор хөлөг онгоцны дотоод засал чимэглэл болон зорчигчдын тасалгааг гурван хэмжээст зурагнаас харах боломжтой боллоо.
Одоогийн байдлаар музейн тасалбар дэлхий даяар 100 мянган хувь борлогдоод байна. Ажиглагчдын үзэж буйгаар эл музей хүмүүсийн заавал үзэх ёстой газруудын нэг болох гэнэ.
Г.ЗАЯА /Mongolnews.mn/