Техасын Их сургуулийн профессор Жона Мировскийн удирдсан багийн гаргасан дүгнэлт олон бүсгүйчүүлийг тайвшруулав. Эрдэмтдийн баталж буйгаар хэрэв эмэгтэйчүүд 34 настайдаа төрвөл тохиромжтой үе юм байна.
Олон эмэгтэйчүүдийн бодлоор 30 наснаас хойш төрөх /хожуу төрөлт/ нь эрсдэлтэй гэж үздэг ялангуяа анхны төрөлт. Учир нь энэ насны бүсгүйчүүлийн өндгөн эсэнд үр тогтох нь тийм сайнгүй эсвэл ихэсний уян хатан чанар багассан “тэжээлгүй” болохоор зулбах магадлал ихтэй гэсэн айдастай байдаг. Харин Техасын Их сургуулийн мэргэжилтнүүд энэ айдсыг жаахан дэгсдүүлсэн бодол хэмээн нотложээ. Тэдний үзэж буйгаар орчин үеийн анагаах ухаанд дээрхи насанд төрсөн эмэгтэйчүүдийн 97 хувь нь “залуу ээж” нараас илүү амжилттай нярайлсан болохыг тогтоожээ.
30-аас дээш насны эмэгтэйчүүд өөртэй итгэлтэй, анхааралтай ханддаг, материаллаг талаасаа ч тэр сэтгэлзүйн хувьд төдийгүй бие махбодийн хувьд бэлтгэгдсэн эхчүүд байдаг бөгөөд Техасийн их сургуулийнхны энэ магадлалыг британий мэргэжил нэгтнүүд баталсан байна. Тэдний дүгнэлтээр 30-аас дээш настайдаа төрөх нь эхчүүдийн биед байсан далд организмууд “сэргэдэг”.
Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний бие организмд бодисын солилцоо дахин явагддаг гэж хэлж болно. Үүний үр дүнд бие махбодь нь эрүүл, урт наслаж үр хүүхдээ өсгөх төдийгүй ач нараа халамжлах итгэл нь илүү их нэмэгддэг гэж үзжээ. Иймээс эрдэмтэд “эхчүүдээ 30-аас дээш насандаа төрөхөөс бүү айхтун” хэмээн уриалж байна. Харин та эрсдэлд орохгүй тулд өөрийн эрүүл мэндэд маш сайн анхаарч холбогдох шинжилгээнүүдийг тухай бүр нь өгч, заавруудыг тогтмол мөрдөж, төрөх бэлтгэлээ сайтар базааж, эмэгтэйчүүдийн эмчид байнга хандаж зөвлөгөө авч байвал таны хүүхэд амжилттай төрөх болно гэдгийг батлаж байна.
Эрдэмтдийн дээрхи дүгнэлтийг зөв болохыг хүлээн зөвшөөрсөн манай хойд хөршийн зарим эхчүүдийн сэтгэгдлийг хүргэе.
Надежда 40 настай. Өнгөрсөн жил 39 настайдаа хоёр дахь хүүхэд болох охиныхоо зулайг үнэрлэсэн эх. Тэрээр хэлэхдээ “Би 19 настайдаа анхны хүүхдийг төрүүлж байхад ээж минь хар нялхаараа хүүхэд төрүүллээ, амьдралд хөлөө олоогүй, ямар ч бэлтгэлгүй” гэж зэмлэж билээ.
Одоо бодоход нээрээ хүүхдээрээ шахуу юм бүхэнд бэлтгэгдээгүй хэцүүхэн байжээ. Харин энэ удаа хүний бие организмын тухай, төрөхөд хэрэгтэй болон бусад ач холбогдол бүхий ном зохиолыг уншиж судалсан нь ач холбогдлоо өглөө гэж бодож байна. Түүний хэлснээр хэдий санаа зовж байсан боловч сэтгэлзүйн болон бусад бэлтгэлээ сайн базааснаар маш тайван нөхцөлд төрсөн. Өвдөлт өгөөд 40 орчим минутын дараа төрсөн. Анхны төрөлтөө бодвол маш тайван төрсөн. Хүүхдэд хэрэгтэй гэсэн болгоноо эрт базаасан болохоор амар байна. Хүүхдээ сайн асарч шөнө бүтэн нойртой хонож байна. Наад захын жишээ миний охин эрүүл, бие маань эрүүл гэжээ.
Светлана 34 настай. Тэрээр хожуу гэрлэж 33 настайдаа анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Өөрийгөө хөгшин болсон хойноо төрсөн гэж бодож байсан. Гэхдээ би дээрхи эрдэмтдийн зөвлөгөөг ягштал дагасан учир нь 30 наснаас хойш төрөх хамгийн зохимжтой үе. Энэ үед төрөхөд бие махбодь, сэтгэл зүй, амьдрал маань материаллаг талаасаа бэлтгэгдсэн, би өөрийгөө ээж болоход бэлэн болжээ гэдэгт итгэлтэй болсон. Мөн би өөрийгөө бэлтгээд зогсохгүй нөхрөө үүнд бэлтгэсэн, тэр маань тамхиа хүртэл хаясан, ирээдүйн хүүхдийнхээ, гэр бүлийнхээ төлөө шүү дээ. Саяхан миний 21 настай дүү маань төрсөн. Тэр маань ээж болоход эртэдсэн тухайгаа, амьдралын туршлагагүй, орчноо бүрдүүлж чадаагүй гэдэгтээ сэтгэл дундуур байгааг мэдэрсэн.
Татъяна Коледова эмэгтэйчүүдийн эмч. 30-аас өмнөх насанд төрөх нь эх, хүүхдийн эрүүл мэндэд сайн гэдгийг нэг хэсэг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж байсан. Мэдээж 25 настай эхийг 35 настай эхийн эрүүл мэндтэй яаж зүйрлэж болохов дээ. Тэдний амьдралын хэв маяг, туршлага, бив организмын хувьд ч өөр, энгийн жишээ гэхэд хүнсний хэрэглээ нь хүртэл өөр тийм болохоор би дээрхи эрдэмтдийн судалгааг хүлээн зөвшөөрч болох боловч одоохондоо манай улсын анагаах ухаанд үүнийг нэг мөр нотлоогүй учир энэ асуудлыг маш болгоомжтой хөндөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та бэлтгэлээ сайн базаахын хамтаар эмэгтэйчүүдийн эмчийн зааврыг заавал дагаж байх хэрэгтэй.
Шинжлэх ухаанд бидний нээж амжаагүй зүйл багагүй байдаг шүү дээ. Миний хувьд надад тохиолдолж байсан туршлага, үйл явдлаас хуваалцъя. Эхийн урагт бойжиж буй хүүхэд эхийн биеэс 25 грамм кальци авах ёстой. Гэтэл 30 хүртэлх насны эрүүл эх үүний 80 %-ийг л хүүхэддээ өгч чаддаг. Тэгвэл үлдсэн 20 %-ийг бид хаанаас нөхөх вэ? Эмэгтэй хүн 35 нас хүрээд байгалийн жамаар бие организмд бодисын солилцоо явагдаж, хүүхдэд хэрэгтэй зарим далд байсан элемент боловсрон үүсч байдаг. Тийм болохоор эмэгтэйчүүд 30, 40-өөс дээш насанд төрөх хэвийн зүйл гэж бодож байна.