Тэнгэрийн заадаст хүрэхээр ассан мянга мянган гэрэлт зулаас
Тэртээх алсад хүрэхээр дүүлсэн мянга мянган үзэсгэлэнт хунгаас
Цэлгэрхэн талд дүүлэн ниссэн мянга мянган эрвээхэйн жигүүрээс
Цэгээхэн танхил хатан заяа дэндүү сайхныг санаж яваарай, бүсгүй хүн та
Ассан гал мэт мандаж явахдаа та урсах ус мэт зөөлөн бай
Асгаран шаагих бороо шиг тунихдаа та тэнүүхэн солонго мэт энхрийхэн бай
Улбартах нар шиг цацарч явахдаа та шөнийн саран мэт тогтуун бай
Улайсаж төөнөсөн цог шиг алхахдаа та өглөөний шүүдэр мэт намуухан бай
Анхны болзоонд аяархан яараад улаахан сарнайг та өөртөө дурлуулж явсан
Амьдралын жамыг та сөрмөөр бодогдоод хатуужлын тоглоомыг дайраад алхсан
Хайрын харцанд ховсдуулаад та хурмастын сахиусанд онилуулж ч байсан
Хагацлын зовлонг тойрч алхалгүйгээр бурхны сорилуудад та оногдож ч явсан
Хатан заяатай бүсгүй хүн та урсах мөрнийг урсгах ундарга нь билээ
Хайраараа цэцэгсийг нахиалуулах оргил ариун рашаан болж урсаарай
Энхрийхэн дагина бүсгүй заяа та эргэх гаригсийн дунд сүүн зам нь билээ
Эргэлдэн орших бөмбөрцөг гаригийн хязгаарыг тогтноох үүсвэр нь болж цацраарай