Америкийн Аризона мужийн Каса-Гранде хэмээх жижигхэн хотод дэлхийн хамгийн тарган эмэгтэй Сюзен Эман амьдардаг. Гайхалтай нь тэрээр жингээ хасья гэж огт боддоггүй.
Харин ч бүр жингээ улам нэмж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн тарган хүн болохоор чармайдаг гэнэ. Тэгээд ч сэтгэл санаагаар үргэлж өөдрөг явдаг 343 кг жинтэй, 33 настай Эман саяхан гэрлэжээ. Түүний заяаны хань нь 35 настай Паркер Клэк. Сонирхолтой нь Клэк тогооч мэргэжилтэй юм байна.
“Би багаасаа л тарган эхнэртэй болохыг мөрөөддөг байлаа. Одоо бид эхнэртээ өдөр бүр дуртай шпагеттигаа хийж өгч чадахаар болсон. Би хоол хийх дуртай, харин тэр минь идэх дуртай. Бид бие биендээ заяагдсан хос” гэж Клэк өгүүлжээ.
Харин Эман “Миний зорилго бол дэлхийн хамгийн хүнд жинтэй хүн болох явдал. Миний тооцоогоор би 42 насандаа 730 кг татах боломжтой. Ингэвэл би хүссэндээ хүрч, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн тарган хүн болно” гэж инээмсэглэн өгүүлсэн байна.