МУИС-ын гавьяат багш, төрийн соёрхолт Ш.Чоймаатай ярилцлаа.
-Хүүхдэд багаас нь гадаад хэл заавал сэтгэлгээ нь царцанги байдалд ордог гэх юм. Энэ үнэн үү?
-Ер нь хүүхдэд багаас нь гадаад хэл заах буруу. Энэ нь үндэстнийг мөхөөх аюултай. Гаднын аль ч оронд 13 нас хүртэл нь хүүхдүүддээ гадаад хэл зааж сургадаггүй. Учир нь, тухайн хүүхдэд эх хэлний дархлаа бий болж, эх хэлээрээ бодож, сэтгэж ухаардаг чадвар 12, 13 нас хүртлээ суудаг. Хүн насан туршдаа нэг л хэлийг сурдаг. Гадаад хэл бол мэдээлэл олж авдаг нэмэлт хэрэглүүр. Харин төрөлх хэлээрээ нь ухаарч, бодож сэтгэдэг нь байх ёстой.
Иймээс хүүхдэд багаас нь гадаад хэл заавал өөрийн хэлээр ч сэтгэж бодож чадахгүй болно. Өөрөөр хэлбэл, сэтгэлгээ нь царцанги байдалд орчихдог. Зарим эцэг, эх хүүхдээ англи хэлээр мэндчилж сур. Эсвэл наад зах нь англи дуу дуул гэж тулгах юм. Ингэснээрээ тэд үр хүүхдээ баллаж байгаагаа ухаардагг үй. Төр засаг ч үүнийг анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр гадаад хэлний багш гэлтгүй бүх багш нар монгол хэлээ маш сайн эзэмших нь чухал.
Ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр зөвхөн сурах бичгийн дагуу буюу хэт өрөөсгөл сургалтыг явуулж байна. Жишээлбэл, монгол хэлний багш нар монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийг маш сайн нягтруулж өгөх ёстой шүү дээ.
-Өнөөдрийн явуулж буй сургалтын арга барил, боловсролын бодлоготой Та санал нийлдэггүй байх нь ээ?
-Санал нийлдэггүй. Ерөнхий боловсролын сургуулиуд боловсрол, хүмүүжил аль алинд нь анхаарах ёстой. Гэтэл манай сургалтын байгууллагууд хэт нэг талыг барих юм. Хүмүүжлийн тухай мартчихсан. Угтаа боловсролын тогтолцоо мэдлэг боловсролыг хүн болгож төлөвшүүлэх сургалттай хослуулах ёстой. Дээр үеэс ингэж хүмүүжүүлж ирсэн. “Оюун түлхүүр”, ”Цаасан шувууны сургааль”, “Тоть шувууны сургааль”-ийг уншуулж, бичүүлдэг байсан. “Оюунтүлхүүр”-д гэхэд эгэл жирийн иргэнээс эхлээд төрийн эзэн, хаад ноёдын баримталж явах ёс журмыг зааж өгсөн байдаг.
-Чухам аль талд илүү анхаарах ёстой гэж Та үзэж байна вэ?
-Манай боловсролын тогтолцоо орчин үеийн шинжлэх ухааны үндсэн цөм мэдлэгийг сайн суулгаж өгдөг. Мөн хүүхдүүдийг номд дуртай болгодог. Харин заах арга зүйн хувьд л авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй байна. Монголчууд боловсрол хүмүүжлийг олгодог олон зууны уламжлалтай, тогтолцоо сайтай байсан улс. Үүн дээр зөвхөн юуг баяжуулж болох вэ гэдэг талаас ухаарах ёстой. Хуучнаа баяжуулах журмаар л боловсролын тогтолцоог авч явах нь хамгийн зохистой. Жил ирэх тусам ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид мэдлэг багатай, толгой нь хоосон болоод байх юм. Англи хэл зааж байгаа багш нь ч ном уншаад монголоороо ухаарах тухай биш зөвхөн ярианы баахан загвар заагаад яах вэ дээ.
П.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: “Unen.mn”