Гэгээн Валентины өдөр Монголд ингэж орж ирсэн юм

01choco (8)Эртээ урьдын цагийн юм бичих гэж байна шүү. Би болон манай хэсэг найз нар нийлээд их л олон шоу зохион байгуулж байлаа. Одоо ч зохион байгуулсаар байгаа л даа. Тэгэхдээ харин би л үлдэж бусад нь дарга даамал, лам хуварга, архичин дээрэмчин болсон шиг байгаа юм.

Нэг ч айхтар сүртэй эртний юм бол бас биш. Энүүхэн 1995 онд шиг л санагдаад байна. Тэр үед зууны манлай Сараа эртүүз гэдэг торкио өмсөөд клипээ хийлгэж байсан юм. ФМ гэдэг юм анх л гарч ирээд 102.5 гэдэг ганц суваг бараг туршилтаар шахам цацагдаж байсан даа. Ингэхээр л эртнийх болчихож байгаа юм.

Тэгсэн өмнө нь олон шоу хамт зохиож гар нийлсэн нэг нөхөр маань бидний хэдэн нөхдийг нэг өдөр цуглуулаад Европ ер нь гадаадад тэмдэглэдэг “Гэгээн Валентиний өдөр” гэдэг хайртай хосуудад зориулсан баяр байдаг тухай, үүнийг Монголд импортлох ажлыг хамтдаа хийх тухай санаа сэдэл өглөө. Тэгээд л хайж гарлаа даа.

Яг үнэнийг хэлэхэд, би тэр Валентин гэдгийг нь Монголоор бол Юндэн юм уу, Нансалмаа л гэж бодож байсан юм. Юу хайсан бэ гэхээр энэ баяр нь юун тухай баяр юм. Элдэв үнэт зүйлс байна уу? үгүй юу? Ер нь яг хэдэн сарын хэдэнд болдог эд байна вэ гээд л хайлаа.

Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь болоод бусад гайгүй хэдэн инцоглофед дотор лав алга. Арай олон жил гадаадад байсан хүмүүсээс сураглав. Орос хэл дээр хайв. Тэгж тэгж баахан олон янзын мэдээлэл цугларлаа. Доор сийрүүлэв.

-Валентин гэдэг сохор лам /Би Юндэн гэж бодов/ хайртай хоёр хосыг суулгахгүй гээд байхад нь нууцаар суулгаад цаазаар авахуулсан өдөр.

-Валентин гэдэг ламд нэг хүүхэн дурлаад тэгсэн хууль ёсоор болохгүй учир нууцаар суугаад хоёулаа цаазаар авахуулсан өдөр.

Түүхэн талаасаа нэг иймэрхүү муу ёрын шахам. Үнэт зүйлсийн хувьд бараг л юм олдоогүй. Ямар ч л байсан хайртай хүндээ цэцэг, шоколад бэлэглэдэг /зүгээр ч үгүй зүрхэн хэлбэртэй шүү/, бие биедээ хайраа илэрхийлдэг, бэлэг солилцдог болохыг манай хэдэн тагнуулч нөхөд илрүүллээ.

Өдөр нь харин 14, 16, 18 гэх мэт олон хувилбартай байсан юм шүү.

За тэгээд нөгөө маркетинг гэдгийг чинь хийхийн тулд монголчуудад арай гайгүй санагдах их гэгээлэг түүхийг голоос нь бий болголоо. Тэр нь нэг иймэрхүү байсан санагдана. Нэгэн сайхан хос амьдралын зөрүүнээс болоод хайр сэтгэлтэй боловч хоорондоо гэрлэх боломжгүй болсон ажээ. Тиймээс тэр хоёр сайхан сэтгэлт лам Валентин дээр очин гэрлэлтээ баталж өгөхийг хүсчээ. Лам Валентин үхэх ялыг ч үл тоон үнэнч хайрыг батлан зарлажээ. Тэгээд тэр сайхан сэтгэлт ламыг хайр сэтгэлийг тунхагласных нь төлөө дугаар оны 2-р сарын 14-нд /энэ өдөр дээр их маргасны эцэст 14 нь зөв гэдгийг олон гайгүй хүн зөвлөж сонгосон/ цаазаар авсан ажээ. Үүнээс хойш дэлхий нийтээрээ энэ өдрийг гэгээн хайрын өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.

Ийм түүхээ бариад л та нар хайртдаа шоколад, цэцэг бэлэглэж болно бас хамтдаа нэг оройг сайхан өнгөрүүлэх шоу цэнгүүнийг манай Парадайс клуб Монголд анх удаа зохион байгуулж байна. Оролцох хүний тоо хязгаартай тул яараарай… гэх мэтээр хэлээд, нөгөө 102.5-даа ч яриа өгөөд, ТВ-ээр ч яриад, Сүхбаатарын талбайн өмнө өөрсдийн гар хийцийн анонсоо ч өлгөөд /хулгайгаар өлгөчихөд 10 хоног байж л байдаг байсан шүү ккк/ аймаар маркетинг хийлээ.

Гараараа хос зүрх зураад голд нь “компүүчрээр” Урилга /заавал хосоороо оролцоно/ гэж бичээд нөгөөхөө канондоод /тэр үед канон бас л ховор байсан шүү/ тойруулж зүрхнийх нь хэлбэрээр хайчлаад, хэний ч билээ ээжийн ажлын тамгыг дараад билет бэлэн болчихлоо.

Тухайн үеийн Намын дээд сургууль одоогийн Удирдлагын академийн заал гэж айхтар сайхан том заал байдгийг мэддэг байсан тул тэдний захирал нь ч биш юмаа тэр заал хариуцдаг хүнтэй яриад заалаа их л хямдхан авчихлаа. Тэр үед ер нь сургууль нь ч хагас дутуу ажиллаж байсан байх. Тэгээд л Гантөмөр гэж нэг сайхан зураач залуугаараа том, том цуу ямбуу нийлүүлж оёсон даавуун дээр “Жонон Гүнж хоёр”, “Нисдэг хүүхдүүд” энэ тэр гээд баахан зураг зуруулаад хананд нь өлгөчихсөн чинь шууд л хайрын ордон болж байгаа юм.

Гудамжнаас урт төмөр олж ирээд нугалаад зөрүүлтэл зүрх шиг юм боллоо тэгэнгүүт нь ёлкны гэрлээр хүрээлээд асаагаадахсан чинь шууд л гэрлэн зүрх боллоо. Тайзыг түүгээрээ чимэглэв.

Буфет ажиллуулвал илүү ашиг олох магадлалтай тул баахан зүрхний хэлбэртэй хайрцаг бүхий Хятад шоколад, лаазтай ундаа тавьчихлаа. Бас ч үгүй вино ч байсан шүү.

Нэг цэцгийн дэлгүүрийнхнээс хэдэн цаас аваад манай дээр цэцгээ зарах эрх олгов. Ерөнхийдөө заалны асуудал цэгцэрчихлээ.

Бидэнд нэг 1000/60 гэдэг өсгөгч колонк хэдэн нүүрний гэрэл хоёр микрофон байсан юм. Түүгээрээ л бүх арга хэмжээг аргална гэж бодож байгаа хүмүүс шүү дээ.

Тэгсэн чинь билет зарагдахгүй л байгаад байлаа. Сүүлдээ ч жаахан айлаа. Гэтэл яг 14-нийхөө өдөр 100 гаруй билет зарагдаад /Билетний үнийг санахгүй байна аа лав л тэр үедээ хөөрхөн үнэтэй байсан байх хосын билет юм чинь/ шоу тун амжилттай боллоо.

Хүмүүсээ Хүүхдийн ордны өмнөөс тусгайлан бэлтгэсэн автобусаар зөөж байсан юм шүү. Үзүүлбэр нь бол ерөнхийдөө диско, вальс бүжиглүүлэхэд оршиж байсан. Тэгэхдээ тухайн үедээ бас гайгүй байсан бүжгийн хамтлагаар вальс бүжиглүүлээд, Хар сарнай хамтлаг гээд манай Хүрлээ мань хоёр ам бариад манайхан ард бүжиглэчихсэн, охидын ЧАУЭ гэдэг хамтлагийг дуулуулаад, хэдэн загварын охидын үзүүлбэр оруулаад хөөрхөн болсон.

Манайд оролцсон хүмүүс бүгд сэтгэл хангалуун байсан. Бас нээрээ 102.5-ынхантай хамтраад бэлэг хүргэх үйлчилгээ гэж хийсэн 2 хөөрхөн хүү, охин хоёрт бас нэг далавч хийчихсэн байсан шүү. Тэр үед тэгэхдээ сайндаа л 5 бэлэг хүргэсэн байх.
За ингэж л монголчууд Гэгээн Валентинийг мэдэрсэн юм даа. Одоо хүн болгон мэддэг болжээ. Энэнд бидний хэсэг нөхдийн оролцоо заавал байгаа гэдэгт итгэж байна.

Дараа жилээс нь “Чиний зураг” сонины Булгантамир гэдэг залуу манай хэдэн дүү нартай нийлж хийдэг болсон доо. Би харин 1998 онд Дархан хотод бас яг энийгээ хийж байсан юм байна. Тухайн арга хэмжээнд оролцож байсан хосууд миний бичлэгийг уншвал энд холбоо барих хаягаа үлдээгээрэй. Би ядаж л билетийг нь хармаар байна.

Бид нээрээ хэт залуу байсан тул юмаа баримтжуулж ч мэддэггүй байжээ.

Ахиад 10 жил өнгөрвөл мартах тул тал санаж байгаа дээрээ бичиж үлдээв. 2008 Feb 18


Нийтлэсэн: Анжигай

чехол macbook airdubai english escorts


Гэгээн Валентины өдөр Монголд ингэж орж ирсэн юм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.