Энэ бол зүгээр нэг “хүүхдүүдийн маргаан” биш.Энэ бол сэтгэл санааны хүчирхийлэл, бие махбодын халдлага, цаашлаад гэмт хэргийн шинжтэй ноцтой асуудал юм.
Гэтэл хууль батлах эрхтэй, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн үнэ цэнийн тухай хамгийн их ярьдаг УИХ-ын эмэгтэй гишүүд яагаад дуугүй байна вэ?
-Охидын хүчирхийлэл газар авч,
-Хүүхдүүдийн сэтгэл зүй сүйрч,
-Хохирогчид айдаст автсаар байхадта бүхэн яагаад нэг ч дорвитой байр суурь илэрхийлэхгүй байна вэ?
Та бүхнийг ард түмэн: гоё хувцаслаж индэр дээр зогсох гэж, баяр ёслолоор мэндчилгээ унших гэж, тууз хайчлах гэж сонгоогүй.
Харин нийгмийн хамгийн эмзэг, хамгийн өвдөлттэй асуудал дээр дуугарч, шийдэл гаргаасай гэж сонгосон.
Өнөөдөр Монголын хүүхдүүд, тэр дундаа охид: үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байна, бүлэглэлийн дарамтад орж байна, зодуулж, доромжлуулж байна, бичлэг нь цахимд цацагдаж, насан туршийн сэтгэлийн сорви авч байна.
Ийм байхад УИХ-ын эмэгтэй гишүүдийн дуу хоолой хаана байна?
ОДОО ҮГ БИШ, ҮЙЛДЭЛ ХЭРЭГТЭЙ!
Бид дараах бодит шийдлүүдийг шаардаж байна:
-Сургууль бүрт дээрэлхэлт, хүчирхийллийн тусгай журам, шуурхай хариу арга хэмжээний тогтолцоо бий болгох
-Бүлэглэн зодсон, бичлэг хийж тараасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, сургуульд хариуцлага тооцдог эрх зүйн зохицуулалт хийх
-Насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн бичлэг тараасан этгээдэд хатуу хариуцлага оногдуулах
-Хохирогч хүүхдэд сэтгэл зүйн үнэгүй тусламж, хамгаалалтын шуурхай үйлчилгээ үзүүлэх
-Сургууль бүрт сэтгэл зүйч, нийгмийн ажилтны бодит оролцоог нэмэгдүүлэх
-Давтан хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүдэд зөвхөн “анхааруулга” биш, албадлагын зан үйлийн засал, хяналттай хөтөлбөр хэрэгжүүлэх
-Хүүхдийн хүчирхийллийг “жаахан хүүхдүүдийн тоглоом”, “өсвөр насны зан” гэж өмөөрөх цаг өнгөрсөн.
Өнөөдөр дуугүй өнгөрвөл,маргааш дахиад нэг хүүхэд зодуулна.Нөгөөдөр дахиад нэг бичлэг цацагдана.Дараа нь дахиад нэг амьдрал сүйднэ.
УИХ-ын эмэгтэй гишүүд ээ, одоо та нар дуугарахгүй бол хэзээ дуугарах юм бэ?Хүүхэд хамгааллын хатуу, бодит, хэрэгждэг хууль эрх зүйн орчныг ЯАРАЛТАЙ бүрдүүл!













































