Хүн төрөлхтний хүндэтгэлийг хүлээсэн Альфрэд Нобелийн шагналыг 19-р зууны төгсгөл 20-р зууны эхээр суут ухаантнууд, сэтгэгчид, шинийг эрэлхийлэгч нарт олгох болжээ. Энэхүү шагналыг анх 1901 онд олгож эхэлснээс хойш өдгөөг хүртэл 800 орчим суутан болон байгууллагууд хүртсэн байна. Тэд бүгд анагаах ухаан, физик, хими гээд шинжлэх ухааны гарамгай зүтгэлтнүүд төдийгүй агуу зохиолч, эдийн засагч, дэлхий дахины энх тайван, амар амгалангийн төлөө тэмцэгчид юм.
Шведийн химич, зохион бүтээгч Альфрэд Нобелийн гэгээн дурсгалыг хүндэтгэн жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр уг шагналыг гардуулдаг бөгөөд шагналын үнэ цэнэ бүтэн зууны туршид улам бүр өсч, алдартнуудын бүтээл, гайхамшигт нээлтүүд, тэр дундаа энэ шагналыг хүртсэн эмэгтэйчүүдийн намтар түүх нь өнөөдөр хүн бүрийн сонирхлыг татсан хэвээр байна. Тэдний бусдаас онцгой чадварууд, авьяас билиг, хурц хурдан сэтгэлгээ, амжилтад хүрэх тэмүүлэл нь анхаарал татахгүй байхын аргагүй. Ингээд Нобелийн шагнал хүртсэн дэлхийн алдар суут эмэгтэйчүүдийн тухай хүргэж байна.
Мария Склодовская Кюри
1903-1911 он /Физик, хими/
Мария Кюри (1867-1934) бол Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй, мөн Нобелийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн анхны эрдэмтэн юм. Тэрбээр Варшавт төрж тэндхийн дунд сургуулийг дүүргэжээ. Ер нь хүүхэд байхаасаа хурц ухаанаараа ялгардаг байсан гэдэг. Мария Кюрийг шинжлэх ухааны ертөнцтэй анх эцэг нь танилцуулсан боловч тэр үед залуучуудын хувьсгалт байгууллагын идэвхтэй гишүүн байснаасаа болж мөрдөгдөж байжээ. Улмаар мөрдлөг хавчлагаас зугтсан бүсгүй өөрийнхөө мөнхийн хүслэн болсон Парист ирж, Сорбоннын их сургуулийг дүүргэсэн байна. Есөн жилийн дараа Кюри гэр бүлийнхээ хамт анхныхаа Нобелийн шагналыг хүртсэн юм. Кюрийн гэр бүлийнхэн Бэккереллийн нээсэн цацрагийг гүнзгийрүүлэн судалсныхаа төлөө 1903 онд Нобелийн шагнал хүртсэн бол Мария Кюри радий, полоний зэрэг бодисыг нээснийхээ төлөө ганцаараа уг шагналын эзэн болжээ. Энэхүү гэр бүлийнхэнд эд хөрөнгөний гачигдал үргэлж тохиодог байлаа. Нобелийн хоёр дахь шагналаа 1911 онд авсны дараа тэрээр өөрийнхөө судалгааны ажлын чиглэлийг өөрчлөхөөр шийдэж, радийг хорт хавдар эмчлэхэд ашиглах арга замыг хайж эхэлсэн байна. Түүнд охин Ирэн, хожим 1935 онд Нобелийн шагнал хүртсэн хүргэн Фрэдэрик Жолио нар нь тусалдаг байв. Кюри эр нөхрөө цаг бусаар насан эцэслэсний дараа Сорбоннын их сургуульд урилгаар лекц уншиж, сургуулийн хувьд анхны эмэгтэй багш болсон байна. Гэвч тэрбээр Францын Сансэльмозод байхдаа туршилтын явцад цацраг идэвхит бодис авсны улмаас үүссэн хорт хавдар тусч, 1934 онд таалал төгссөн билээ.
EMEGTEICHUUD.MN