1993 онд Энэтхэгийн “Дарамсала”-д очиж Далай ламын нэвтрүүлгийг хийж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазарын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Их хэт суманд төрсөн. Айлын ганц хүү ажээ.
2. Тэрбээр хоёр охинтой. Том охин Маралгоо нь ХБНГУ-д их сургууль төгссөн. Бага охин Бөртэ нь олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байгаа юм байна.
3. Ш.Гүрбазар 7-р ангиасаа л эхнэр авах тухай ярьдаг байжээ. Сургуульд орох гэж ээжийгээ дагуулаад дөрвөн дэвтэр дүүрэн шүлэгтэй, мамбаса чихрийн хайрцганд хэдэн медалиа хийгээд өвөртөлчилсөн хүүхэд хотод анх ирж байсан гэдэг. Харин 1970 оноос зохиол бүтээлээ эхэлсэн түүхтэй.
4. Тэрээр долдугаар ангид байхдаа доод ангийнхаа охинд сэтгэл алдарч, хайраа илчилж захиа бичиж байсан нь одоогийн түүний эхнэр. Ямарч зүйлд эхнэртэйгээ л явахыг эрмэлздэг аж. Учир нь тэрээр эхнэртэйгээ явж байвал санасан бүхэн нь саадгүй бүтдэг гэсэн бодолтой ажээ. Мөн амьдралдаа ганцхан удаа л захиа бичиж байсан нь эхнэртээ бичсэн тэр захиа гэнэ лээ.
5. Хотод ирээд анх сургуульд орж байхдаа, УБИС-ийн монгол хэлний ангид орохоор өргөдөл өгөөд 45 хоног сургуулийнхаа үүдийг сахисан гэдэг. Түүний уйгагүй чармайлтыг үнэлсэн үү, өрөвдсөн үү ямартай ч Дээд боловсролын хорооны дарга Цоодол гуай өргөдлийг нь шийдэж өгснөөр анх УБИС-д элсэж байжээ. 1977 онд сургуулиа төгссөн.
6. Оюутан байхдаа залуучуудын редакцид цэнгээнт нэвтрүүлэг хөтөлдөг байсан аж. Тэгээд улмаар телевиз гэдэг их айлын тогоонд чанагдсан гэдэг.
7. Хамгийн анхны бичсэн дуу нь “Хүүхэд шувуухай хоёр”. Түүнийг дуу зохиоход нөлөөлсөн хүмүүс бол талийгаач Цогтсайхан, Даашка хоёр.
8. Харин театрын урлаг руу эргэлт буцалтгүйгээр хөтөлсөн хүн бол Д.Намдаг багш аж. Тэрээр энэ тухайгаа өгүүлэхдээ, миний аз таарч оюутан байхдаа Д.Намдаг багшийн гэрт гурван жил хичээл заалгасан юм. Монголын театр урлаг алтан үеийхнийхээ гар дээр байсан, урлагийн гол цөм болж уран бүтээл ид оргилж байх тэр 1970-аад онд театртай хувь заяагаа холбосон маань их аз гэжээ.
9. Гавъяа шагнал: 1993 онд “Сэрүүн зүүд” “Шөнийн сүүдэр” жүжгийн зохиолоороо МЗЭ – ийн шагнал, 2004 онд “Алтан өд” шагнал, 2005 онд СГЗ цол авсан. Ардын их хурлын депутат хүртэл болсон. Төрийн хошой шагнал, Ардын жүжигчин, Соёлын гавъяат зүтгэлсэн юм.
10. “Монголоороо гоёдог”, “Монголтойгоо адилхан”, “Өглөө шиг эх орон” ”Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” гэх мэт дууны зохиолч мөн “Парисын Дарь-Эхийн сүм” дуулалт жүжгийн арав гаруй дууг бичсэн. Мөн ижийдээ зориулж бичсэн 40-өөд дуу байдаг байна. Энэ мэт 200 гарсан дуутай ажээ. Гэхдээ ил гараагүй бас ноорогтой нийлээд хэд ч байж болох юм.
11. Мөн “Хүний амь”, “Тэнгэрийн муухай арилдаг”, “Амин мөр” зэрэг нэлээд олон кинонд гол болон туслах дүрд тоглосон. Жүжгийн хувьд “Надаар тоглосон хайр” жүжиг /10 жил тайзан дээр тоглогдож байгаа/, “жаргах гэж дурладаг уу”, “Сүүлчийн хичээлийн дараа хайчих вэ” зэрэг 30 гаруй жүжиг бичжээ .
12. “Та хариулахгүй ч байж болно” , “Говийн ганц айл” нэвтрүүлгийг хөтөлсөн,”Тэнгэрлэг оршихуй” гэх мэт нэвтрүүлгийг бэлтгэж олны хүртээл болносон. Тэнгэрлэг Оршихуй нэвтрүүлгийн хувьд гурван жил тасралтгүй үргэлжилж 700 гаруй захидал ирж байсан.
13. “Хүний амь”, “тэнгэрийн муухай арилдаг” зэрэг кино бүтээсэн. 45 гаруй кино бичсэн байдаг юм.
14. “Их бүрдийн домог” 2002 онд “Өдрийн чимээ” нэртэй яруу найргийн цомгоо гаргаж байсан
15.Эх ороныхоо тухай өгүүлэхдээ: Миний хувьд эх орон гэдэг маш эмзэг зүйл. Түүнийг хүмүүст мартуулахгүй, мэдрүүлэхийн тулд уран бүтээлээ хийдэг.
16. 1993 онд Энэтхэгийн “Дарамсала”-д очиж, IX Богдыг залахаар явж байсан. Далай ламын нэвтрүүлгийг хийж байжээ.
17. 1996 онд “Икар” гэдэг өргөн дэлгэцийн өнгөт кино хийсэн. Гол дүрд нь Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай тоглосон юм. Дараа нь Японы нэрт жүжигчин Айоку Такашигийн тухай баримтат киног 10 мянган доллар зээлж хийгээд NHK-д тавьсан./ NHK-д 40 минутын баримтат кино хийгээд гаргачихсан уран бүтээлч Монголд надаас өөр байхгүй дээ. Монгол хүн өөрөө очиж кино хийгээд өөрөө хөтлөхөд япончууд уйлж байсан гэж энэ киноныхоо талаар сонирхуулжээ./
18.Зардлыг нь улс өгөх ёстой байсан хоёр киногоо зээлээр хийгээд өрөнд орсон. Гэрээ контракт бүх юм нь Ш.Гүрбазар гуайн нэр дээр учраас хариуцлага хүлээх шаардлагатай болсон байна. Түүний улмаас 4 хоног саатуулагдан байцаагдсан ажээ. Гүрээ шоронд орсон гэж 5 жил дамнан ярьсан гэдэг. Дөрвөн өрөө байраа зарсан, бүх юмаа зарж өрөө төлсөн байж. Монголын үндэсний телевизийн тухайн үеийн удирдлагууд кино хийсэн 10 мянган долларыг гаргаад өгчихсөн бол тийм юм болохгүй байжээ.
19. Тэрээр уулзаж байсан хүмүүсийнхээ тухайд: Зуу гаруй жилийн ялтай хоригдолтой ч нүүр тулж байв. Тэгэхэд надад хулгай яаж хийдэг вэ гэдгийг ярьж өгч байсан. Дөчин жил уулзаагүй ээж хүү хоёрыг уулзуулсан гээд зүсэн зүйлийн хүмүүстэй таарч уулзсан шүү. Өөрөөр хэлбэл; Хамбын овооны гуйлгачингаас далай лам, Ю.Цэдэнбал гуайгаас авахуулаад Ц.Элбэгдорж гуай хүртэлх бүх төр засгийн тэргүүнүүдтэй нүүр тулан уулзаж явлаа. Очиж үзээгүй аймаг сум надад байхгүй.
20. МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч маань залууст хандаж: Залуустаа хэлэхэд хүн залуу насандаа өөрийн гэсэн байр суурьтай болох нь чухал. 30-35 хүртэлх насандаа өөрийнхөө амьдрал, “би хэн бэ” гэдгээ тогтоож амжих хэрэгтэй. Тэгэхгүй бол амьдралд хөл алдана шүү. Залуу насанд салж, сарниж ,муу сайн хэлэгдэж болно. Гэхдээ өөрийгөө тогтоож авах хэрэгтэй. Амьдралын алдаа оноо бүх зүйл чамаас л эхэлдэг учраас .
21. Ш.Гүрбазарын хөндөх дургүй сэдэв: Би нэг зүйлийг дотроо арай үгүй байлгүй дээ гэж боддог. Сүүлийн үед зарим хүнийг эх орондоо хайргүй юм уу даа гэж харах боллоо. Гэхдээ үүний тухай бичих гэхээр зориг хүрдэггүй. “Худлаа байх аа” гэж дотроо эргэлзээд чаддаггүй юм. Ижийдээ хайргүй хүний тухай бичиж болохгүй биз дээ. Энэ орчлонд тийм хүн байх ч үгүй. Тэрэн шиг монголоо гэх сэтгэлгүй, монголынхоо хөрс шороог онгичсон, би л болбол боллоо гэсэн бодолтой хүн арай байхгүй байлгүй дээ. Би өөрөө буруу хардаг биз гэж бодоод бичиж чаддаггүй юм.
22. Түүнийг “Би монголтойгоо адилхан” дууны дараа зарим хүн чамтай адилхан монгол гэж юу байдаг юм гэж их шүүмжилдэг байжээ.
23. Тэрээр өөрийгөө тодорхойлохдоо: Гүрбазар гэдэг хүн 16 наснаасаа ямар нэгэн хэмжээгээр хүмүүсийн анхааралд байсан. Урлагийн үзлэгийн хоёр гурван медальтай, дандаа тэмцээн уралдаанд оролцдог од байлаа шүү дээ. 57 хүрлээ гэхэд хүмүүс одоо намайг таньж байна. Тэгэхээр энэ хүртэл өөрийгөө авч явсан маань өөртэйгөө сайн ярьсных юм болов уу гэж ойлгодог. “За одоо чи ингэ, тэг” гээд л дотроо байнга өөрийгөө хүмүүжүүлдэг шүү.
24. Ярих дуртай дурсамж: 1989 оны Дэлхийн залуучууд оюутны 13-р их наадмыг 7 сарын 1-ний өдөр “5-р сарын нэгэн” нэртэй цэнгэлдэх хүрээлэнгээс сансарын холбоогоор шууд дамжуулж байснаа би дурсан санах дуртай байдаг юм. Бүтэн найман цагийн турш дамжуулсан. Дэлхийн 160 орны оюутан залуус бужигналдаж шуугилдаад л, тэр олон орны хөтлөгчидтэй зэрэгцээд сууж байх үнэхээр гоё байсан. Анхандаа бүтнээр нь дамжуулахгүй хэсэгчилнэ гэсэн болохоор нь дуу аялаад сууж байтал гэнэт л бүтэн дамжуулах боллоо Гүрээ гэдэг юм. Нэгэнт л тулсан юм яах ч аргагүй нэгэнт эфир өгчихсөн болохоор нээлт хийлээ. Солонгосын ерөнхийлөгч үг хэллээ. Орчуулга нь байсан болохоор уншиж орхилоо. Солонгосын оюутны холбооны дарга үг хэллээ. Орчуулчихлаа. Гэтэл Зимбабвэгийн ерөнхийлөгч үг хэлэх боллоо. Орчуулга нь байдаггүй. Бодлоо. За Зимбабвэгийн ерөнхийлөгч Оюутан залуучуудын их наадам сөнөтүгэй гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Амжилт хүсч таарна. Өөр юу хэлж болохов гэж өнгөрсөн хэдхэн секунтад бодож амжаад л шууд эхлэсэн. Гэтэл нөгөө нөхрийн чинь хэлэх үг дуусдаггүй. Аргаа бараад хөтөлбөрийг нь ярилаа. Дуусдаггүй ээ. Болохоо байгаад эв найрамдлын сэдэвтэй хэдэн сайхан ишлэл хэлтэл манай найруулагч, Гүрээ болж байна болж байна. Гэхдээ наад зимбабвэ чинь шүлэг бичдэггүй зимбабвэ байна шүү анхаараарай гэж билээ.
с