Мерилин Монрог хүмүүс ихэвчлэн гоё сайхан хүүхэн, алдартай жүжигчин гэдэг талаас нь хардаг. Мэдээж хэрэг түүний секси имиж нь түүнд давхар анхаарал татах давуу тал өгдөг. Ер нь төгс төгөлдөр эмэгтэй мэтээр түүнийг төсөөлдөг хүмүүс олон. Гоо үзэмж гадаад байдалыг чухалчилдаг гэнэн хүмүүсийн хувьд бол мэдээж хэрэг тэрээр азтай амжилттай эмэгтэй байсан харагдах. Харамсалтай нь Мерилин Монрогын амьдрал маш төвөгтэй хүнд хэцүү амьдрал байсан байдаг. Тэрээр ээжтэйгээ хэцүү харилцаатай байсан бөгөөд эцэгийгээ хэн гэдэгийг насан туршдаа мэдээгүй юм. Бага байхад нь ээж нь галзуугын эмнэлэгт хэвтэж тэрээр амрамжын газар амьдардаг болсон. Асрамжын газараас аврагдаж гарахын төлөө тэрээр арван зургаа ч хүрээгүй байхдаа өөрөө сайн таньж амжаагүй, хайртай дуртай ч биш хүнтэй гэрэлсэн байдаг. Холливуудын кареер нь хэзээ ч тогтуун бөгөөд амжилттай байгаагүй. Тэрээр байнга өөрийнхөө авах ёстойгоос бага хөлс авч, өрөнд баригдаж амьдарч байсан бөгөөд, хэдийгээр кино конпани түүний нэрээр маш их мөнгө олж байсан ч, түүнийг жинхэнэ жүжигчин гэж хүлээн зөвшөөрдөггүй, хүссэн дүрийг нь өгдөггүй байжээ. Мерилин Монро амьдралдаа гурван удаа ил тод гэрлэж байсан бөгөөд үүнээс гадна нууцаар нэг удаа гэрлэж байсан гэж үздэг. Гэрлэлтүүд нь дандаа ямар нэгэн нус нулимс, азгүй явдал, төвөгтэй харилцаагаар дуусдаг байжээ. Тэрээр нэг талдаа хүсэл мөрөөдөлөө биелүүлж чадсан азтай эмэгтэй боловч нөгөө талдаа мөрөөдөл нь биелэх үед түүнийг таашааж мэдэрч чаддаггүй байсанаараа азгүй эмэгтэй байсан санагддаг. Тэрээр удамшилаар дамжсан хүнд хэлбэрийн шизофринь өвчтэй байсан байдаг. Энэ өвчин нь түүний азгүйтэлд маш том үүрэг роль үзүүлжээ. Тэрээр өөрт тохиолдож байгаа асуудалыг хэтрүүлэн муугаар харах, өөрийгөө хэтэрхий азгүй хүн гэж итгэх, хий хоосон зүйлс зохиож ярих гэх мэт асуудалаас болж харилцаа болон ажил кареер дээрээ төөрөгдсөн унасан байдалд ордог байв. Нойргүйдэх өвчтэй байсан тул байнга хүчтэй нойрны эм ууж унтдаг, заримдаа сэтгэл гутралаас болж ажилаа хийж чадахгүй болох тул, сэргээш хэрэглэж ажилаа хийдэг, согтууруулах ундаа хэт их хэрэглэдэг байсан зэрэг нь түүнийг амьдралын эрүүл бус харилцаа эрүүл бус хэвшилтэй болгодог байжээ. Тэрээр нойрны эм хэтрүүлж уусан шалтгаанаар харамсалтайгаар нас барсан.
Төрсөн он сар өдөр, цаг минутын мэдээлэлийг харах юм бол Мерилин Монро 1926 оны 6 сарын 1 нд төрсөн байдаг. Төрсөн газар гэвэл Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелос хот ажээ. Астрологийн дүгнэлтээр бол Нарны орд Ихэр, Сарны орд Бумба, Мандаж байгаа орд Арслан, Кареерийн гэр дээр Үхэр байгаа. Мерилин Монрог жүжигчин байсан гэдэг талаас нь харах юм бол түүний Нарны орд Ихэр, Мандаж байгаа орд Арслан хоёр дээр анхаарах ёстой юм. Энэ хоёр орд хоюулаа жүжиглэх авъяас өндөртэй байдаг. Ялангуяа Арслангын хувьд тайзан дээр байх нь төрөлхийн таашаал, дур хүсэл нь хүчтэй байдаг бөгөөд, хэрвээ олны өмнө тайзан дээр гарах юм бол, тэндээ яг эзэн шиг нь байж чаддаг, тайзыг гайхалтай эзэмддэг хүн байх болно. Ихэрийн хувьд олон дүрэнд хувирамтгай, нөхцөл байдалд тохируулан маш сайн зүсээ хувилгаж чаддаг нь жүжигчин хүний хувьд давуу тал гэж үзэж болхоор юм. Нарны орд нийгэмийн амьдралыг харуулж байдаг бол Мандаж байгаа орд өдөр тутамын амьдрал хувь хүнийг өөрийг нь илтгэнэ. Харин Сарны орд дотоод мөн чанар, сүнслэг талыг илэрхийлж байдаг. Сарны ордны талаас Мерилин Монро Бумбын ордны нөлөөнд байгаа. Бумбын хувьд ерөнхийдөө Холливуд гэх мэт мэт амьдралын өнгө аястай тийм ч их нийцтэй орд биш юм. Хэрвээ кино зохиолч байх юм бол харин сайн зохиолч байж чадах ч ихэвчлэн нилээд хүндэвтэр гүн ухааны сэдэвтэй кино зохиол, эсвэл уран зөгнөлийн хэлбэрийн зохиолууд бичих талтай. Мерилин Монрогын дотор их өөр хүн байдаг байсан талаар танил дотно хүмүүс нь дурсаж ярисан байдаг. Тэрээр гаднаас хархад их хөнгөн, тансаг, тэнэг мэт харагддаг байсан ч гэсэн, цаанаа бол нилээд өөр, няхуур бөгөөд ухаантай хүн байгаад байдаг, үүнийгээ тэрээр шууд тод гаргаж харуулдаггүй байсан гэдэг. “Тэнэг шаргал үст”-ийн дүрийг тэрээр хуурамчаар бусдад таалагдаж, анхаарал татах, Холливуудын кареераа өсгөхийн төлөө бүтээсэн гэж хүмүүс дүгнэдэг. Анхандаа тэрээр өөрийнхөө ядуу гологдсон хүүхэд нас, Норма Женни нэртэй эрх чөлөөгүй амьдралтай хэн ч биш хүүхний дүр төрхөөс салахын төлөө, “Од” хэлбэрийн Мерилин Монрог бүтээж, хожим алдаршиж од болсон хойноо өөртөө арай илүү мэргэжилийн чадварлаг дүр олж авч, арай илүү серёзны жүжигчин болохын төлөө өөрийнхөө бүтээсэн Мерилин Монрог хэрхэн яаж алах тухай л боддог болсон санагддаг. Сүнсний талаас тэрээр Бумбын нөлөөнд байгаа тул дотор хүн нь түүнд ухаалаг амьдрах, мэдлэг боловсролтой байх, оюунлаг байхыг шаардаж, оюуны чадамжаараа бусдад үнэлэгдэх шаардлага тавих болно. Тэрээр энэ мэдрэмжээс болж өөрийнхөө Холливуудын алдарт дүр төрхтэй амьдралынхаа сүүлийн арваад жил хүчтэй тэмцсэн байж болох юм.
Ажил кареерийн орд болох Тэнгэрийн төв цэг дээр байгаа орд Мерилиний хувьд Үхэрийн орд байгаа. Үхэрийн ордны ажил кареер ихэвчлэн худалдаа арилжаа, газар тариалан гэх мэт аж ахуйтай холбогддог. Нөгөө талдаа Үхэрийн ордны ажил кареер урлагтай хамгийн их холбогдож байдаг. Уран зураг, хувцас урлал, дуу хөгжим, гоо зүй гэх мэт урлагын салбар дээр Үхэрийн кареер хамгийн амжилттай байдаг. Хэрвээ бид Мерилин Монрогын кино урлагын кареерийг харах юм бол энэ нь маш их хэмжээгээр гоо зүйн талын хөгжил дэвшил хүч чадалыг харуулах, хувцаслалыг гайхуулах, ихэнхи кино нь дуулалт хэсэгтэй байх тул дуу хөгжимтэй заавал холбоотой байсан байдаг. Хэдийгээр Мерилин Монро тийм ч сайн хоолойтой дуучин байгаагүй ч гэсэн гайхалтай нь түүний дуулсан хэдэн дуу хүмүүст маш хүчтэй хүрч чадсан, олон алдартай поп дуучид өнөөдөр ч дууг нь хуулбарлаж дуулдаг хэвээр байгаа. Үхэрийн ордны ажил кареер гэдэг нь хүнээс урт хугацааны хичээл зүтгэл тууштай байдал шаардаж байдаг. Заримдаа нилээд хүнд дасгал сургуулилт, бэлтгэл, шалгуур бий болж байдаг нь Газар элемэнтийн ордны онцлог юм. Мерилиний хувьд тэрээр амжилтанд хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргаж, мөн түүнд тууштай үнэнч байж чаджээ. Дуу дуулж, бүжиглэж чаддаггүй байсан тул, эхэндээ дуулах бүжиглэх тал дээр хөшүүн сул байсан ч, дасгал сургуулилт хичээл зүтгэл нь түүнд амжилт авчирсан байдаг. Ер нь л түүний жүжигчиний кареер байсхийгээд л төвөгтэй байдалд ордог, студитэйгээ учираа ололцож чадахгүй болох, цалин хөлсний асуудал гарах, дарга нь дарамтлах, буруу зуршил ихтэй амьдардагаас болж ажил дээрээ цаг барихгүй, үүрэгээ биелүүлэхгүй байх гэх мэт явдал бий болдог байжээ. Үүнд түүний сэтгэцийн эрүүл мэндийн байдал, эм тариа их хэрэглэдэг тул биеийн эрүүл мэнд нь бас муудаж байсан байдал их чухал шалтгаан болж байгаа юм. Нөгөө талдаа ажил кареерийн гэрийг Газар элемэнттэй ордууд болох, Үхэр, Охин, Матар удирдаж байхад ажилын амжилт байнга бодит хүнд нөхцөлөөс бий болсон шалгууртай тулгарч тестлэгдэж байдаг. Тиймээс Газар элемэнттэй орд ажил кареерийн гэрийг удирдаж байгаа үед хичээл зүтгэл, тууштай байдал, удаан хугацааны байнгын сахилга бат үргэлжлэл гэх мэт зүйлс ажил кареер дээр чухал болж ирнэ. Мерилиний хувьд түүнд сэтгэц болон биеийн эрүүл мэндийн хүнд асуудалууд байсан ч тэрээр ажил кареераа өөрийнхөө чадах хэмжээнд тууштай явуулж, өмчилж, захирсаар байсан. Хэрвээ бид түүний шизофринь өвчин хир хүнд байсан, нойрны эм согтууруулах ундаанаас хир хамааралтай байсаныг мэдэх юм бол, үнэхээр түүний ажил дээрээ гаргаж байсан амжилтыг их хичээл зүтгэл тэвчээрийн хүчээр гарч байсан гэдэгийг хүлээн зөвшөөрхөд хүрдэг.
Мерилин Монрогын давуу талыг миний хувьд алдарших авъяастай хүн гэж хардаг. Алдар нэртэй байх, анхаарлын төвд байх, алдартай хүн ямар байвал бусдад сэтгэгдэл төрүүлэх талаар тэрээр сайн мэддэг байсан юм санагддаг. Хүмүүсийн дунд байхдаа ер нь тэрээр байнга л өөдрөг хөгжилтэй, бардам, өөртөө болон бусдад хайртай хүний дүр төрхтэй байдаг. Хүний хувийн зурхай дээр тэр хүний алдар нэрийн гэр, ПИАР-ийн гэр гэж байдаг. Мерилиний хувьд алдар нэр болон ПИАР-ын гэр болох тавдугаар гэрийг Гал элемэнттэй Нумын орд удирдаж байгаа. Мөн алдар нэр олонд танигдах явдалтай холбоотой өөр нэг гэр бол өсөж тэлж хөгжих, алдар нэр амжилт олох явдалын есдүгээр гэрийг Хонь удирдаж байгаа. Өөрийнх нь хувь хүний байдалыг Арслан удирдаж байгаа. Энэ гурван орд гурвуулаа Гал ордууд юм. Алдар нэр, амжилт, аз, олныг манлайлах тал дээр Гал элемэнт нь хамгийн хүчтэй байдаг. Гал элемэнтэнд захирагддаг Хонь, Арслан, Нум нь бүгдээрээ алдар нэр, манлайлалтай холбогдоно. Тиймээс Мерилин Монро олны өмнө ч тэр, хөгжиж тэлэхдээ ч тэр өөртөө итгэлтэй, анхаарал татахуйц, нэр алдар дүйцэхүйцээр бусдад танигдаж байсан. Хөшигний цаана тэрээр ихэвчлэн маш их гунигтай, байнгын сэтгэл гутралтай, харанхуй ертөнцөд амьдарч байсан нь түүнийг нас барсаны дараа олон нийтэд ил болсон ч гэсэн урлаг болон нийгэмийн тайзан дээр тэрээр дандаа гэрэлтэй баяртай байдаг байжээ.
Түүний физик бие дээр Далай ван гариг буусан байдаг. Энэ нь түүний нэгдүгээр гэр дээр Далай ван гариг буусан байна гэсэн үг юм. Далай ван гаригын нөлөөгөөр хийсвэрлэл, хий төсөөлөл, паранояа, бодит ертөнцөөс тасрах үзэгдэл үүсэж байдаг. Хэрвээ энэ гариг хүний физик биеийн удирдаж байгаа бол энэ нь нилээд хүнд байдалыг бий болгох талтай. Мөн Мерилин Монрогын сэтгэлзүйн гэрийг харах юм бол тэнд Далай ван гаригын удирддаг орд болох Загасны орд байгааг бид мэдэх болно. Загасны ордны сэтгэлзүйд үзүүлэх нөлөө Далай вангын нөлөөтэй төстэй байдаг. Гэхдээ энд өөртэйгээ зөрчилдөх, эргэлзэж шаналах, нэг зүйлд хэтэрхий гүнзгий автах, бусдын хэл амыг дагаж урсах гэх мэт байдал давхар бий болно. Мөн Мерилиний сэтгэлзүйн гэрт Тэнгэрийн ван, Ангараг гариг буусан байгаа. Тэнгэрийн ван гаригын нөлөөгөөр этгээд сонин төсөөлөл бий болох бол Ангарагын нөлөөгөөр өөртэйгээ олон салаа бодолоор зөрчилдөх байдал гарч байгаа.
Сэтгэлзүйн гэр нь мөн үхэлийн гэр юм. Мерилинийг бид эм хэтрүүлж уусанаас болж унтаа байдалаар нас барсан гэдэгийг мэдэж байгаа. Загасны орд үхэлийн гэрийг удирдаж байгаа нөхцөлд хүн бясалгалын байдалд, унтаа байдалд, олон сараар ухаангүй байж байгаад нас барах байдал их тохиолддог. Загасны орд нь нойрыг заадаг орд юм. Сэтгэлзүйн гэр Загасаар удирдуулдаг, Мандаж байгаа орд буюу физик бие Загасаар удирдуулдаг, аль эсвэл аль алин дээр нь Далай ван гариг орж ирсэн үед хүн маш унтамхай, олон цагаар унтдаг, нойртой холбоотой асуудалтай байх нь их. Мерилин амьдралынхаа олон цагыг нойрсуулах эм ууж унтаж өнгөрөөдөг байжээ. Тэрээр бараг эрт босдоггүй өдөр ч гэсэн хөшигөө хааж өрөөгөө харанхуйлж байгаад унтаж байдаг байсан байна. Харин Тэнгэрийн ван үхэлийг гэрт байгаа явдал гэнэтийн санаандгүй үхэлийг заадаг. Ангараг гариг үхэлийн гэр дээр байвал хүчирхийлэл, дарамт, аюул эрсдэл, осол аваар, гэмт хэрэг, өөрөө өөртөө аюул учруулах боломж заана. Тэнгэрийн ван гариг шинжлэх ухааны нээлт, анагаах ухааны нээлт, үүнтэй холбоотой шинэ эм тариа, шинэ бэлдмэл гэх мэт зүйлсийг илэрхийлж болно. Төмөрийн хэрэгсэл, техник гэх мэт зүйлстэй холбоотой байх нь зүү тариуртай бас холбоотой байдал бий болгодог. Мерилин нас барсан тэр оройноо унтахын өмнө өөрийнхөө эмчийг унтлагын өрөөндөө дуудаж, тайвшруулах тариа хийлгэсэн байжээ. Дараа нь тэрээр өөрөө тунг нь хэтрүүлж нэмж нойрсуулах эм уусан байдаг. Түүний үхэлийг тухайн үеийн америкийн ерөнхийлөгч байсан Жон Кеннедитэй холбоотой байсан гэсэн таамаглал сэжиг явдаг. Ангараг гариг үхэлийн гэр дээр байх нь аллага илэрхийлж чадна. Өөрөө үйлдсэн эсвэл бусдаар үйлдэгдсэн эсэх нь хамаагүй энд ямар ч гэсэн гэнэтийн унтаа үхэлд хүргэх аллага явагдсан зураг гарч ирж байна гэж бүрэн дүгнэж болно.
Хайр дурлал Мерилиний хувьд азтай мөртлөө хөндий хүйтэн байсан санагддаг. Түүний хайр дурлалын долдугаар гэрийг Бумба удирдаж, Сар, Бархасбадь гариг энд буусан байгаа. Бархасбадийн нөлөөгөөр тэрээр энэ харилцаа дээр азтай байж, түүнд царайлаг өндөр нуруутай, аятайхан эрчүүд таарах болно. Түүний анхны нөхөр Жим Дорти нь үүрэг хариуцлага өндөртэй, ажил дээрээ нэр хүндтэй, усан цэрэгийн офицер байжээ. Харин хоёрдахь нөхөр нь италийн хуучинсаг гэр бүлээс гаралтай, уламжлалт сэтгэлгээтэй, халамжтай, бейсболийн алдартай тоглогч, саятан Жое Дэмижоу байлаа. Харамсалтай нь тэр хэтэрхий хартай байсанаас болж хосууд салсан байдаг. Гуравдахь нөхөр Артур Миллер нь америкийн хамгийн алдартай оюуны манлайлагчидын нэг байжээ. Тэрээр драмын жүжигийн зохиолч байлаа. Хосууд өөр өөрийнхөө амбиц, нэр төрөө хөөх байдалаас болж салсан байдаг. Түүнд азтай сонголтууд таарч, тэрээр өөрийнхөө хүссэн эрчүүдийн өөрийн болгож байсан ч гэсэн, харилцаа дээр тэрээр хүйтэн хөндий, хэт өөрийнхөөрөө, биеэ даасан хүн хэвээрээ үлдсэн байлаа. Бумбын хайр дурлалын харилцаа нь хэт биеэ даасан, сэтгэл хөдлөл багатай, хүйтэн хөндий байдалыг илэрхийлж байдаг. Нөгөө талдаа Сар нь үүнийг зөөллөж, эмэгтэйлэг байдал нэмж байгаа ч, Сар хуучин цагын дурсамжыг сануулж байдаг. Мерилин өөрийнхөө өнгөрсөн амьдралын тухай хэт их ярьдаг, хэт их боддог байсан нь түүний дотно харилцаануудад сөрөг нөлөө үзүүлж байсан байна. Тэрээр бага насны өнчрөл, ядуу зүдүү амьрал гэх мэт өнгөрсөн зүйлсээ байнга ярьж, заримдаа өнгөрсөндөө амьдарсан хэвээр байгаа мэт байдаг байлаа. Мөн арван дөрөвтэйдээ жирэмсэлж, олон удаа үр хөндүүлж байсан зэрэг нь түүнд мартагдашгүй гунигтай дурсамжууд үлдээж тэрээр үүнээс болж эр эмийн харилцаа дээр өөрийн гэсэн оройн зайгаа хамгаалдаг, хэзээ ч хэн нэгэнд хэт их итгэдэг байгаагүй санагддаг.
Гэр бүл үүсгэх дөрөвдүгээр гэр дээр Санчир гариг Хилэнцийн ордонд буусан нь таагүй нөлөөг харуулж байгаа юм. Санчир бол үйлийн үрийн гариг. Санчир ямар орд дээр буусан байгаагаас шалтгаалж бидний үйлийн үр тухайн ордны шинж чанарыг дагаж явагддаг. Санчир Хилэнцийн орд дээр байх юм бол энэ нь секс, мөнгө, сэтгэлзүйн эрүүл мэнд гэсэн гурван зүйлтэй хамгийн түрүүнд холбогддог. Мерилиний хувьд тэрээр олон удаа үр хөндүүлж байсан тул нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалтай байсанаас гадна, өөр нэг нууц гэвэл тэрээр хэдийгээр алдартай сексийн бэлэг тэмдэг байсан ч өөрөө дур тавьж чаддаггүй байжээ. Мөнгөтэй холбоотой асуудалууд гэвэл түүнд дандаа л тохиодог байсан. Санхүүгийн дампуурал, мөнгөгүй болох гэдэг зүйлс түүнийг бүр том од болсон хойно нь ч дагасаар байжээ. Сэтгэлзүйн эрүүл мэнд бол мэдээж хэрэг түүний хамгийн том асуудал мөн байв. Энэ бүх зүйлс түүний гэр бүлийн гэр дээр буусан байх тул гэр бүлийн амьдрал амжилттай болох тал дээр маш хүнд шалгуурууд, олон зовлонтой асуудалууд тулгарч байгаа юм.
Мерилин Монро бол тухайн цаг үеийн дэлхийн кино урлагын хэрэгцээнд тааруулан бүтээгдэж гарч ирсэн төгс төгөлдөр хүүхэлдтэй маягын бүтээл байсан юм. Тэрээр хэрхэн яаж инээх ёстой, хэрхэн яаж ярих ёстой, үсээ яаж засах ёстой, юу өмсөх ёстой, өөрийнхөө тухай ямар намтар зохиож ярих ёстой гээд бүх зүйл нарийн бодож боловсруулсан холливуудын бүтээгдэхүүнээ зарах менежмэнт маркетингийн бодлоготой холбоотой байв. Яг үнэндээ Мерилин Монрогын тоголсон сайн кино гэж цөөхөн. Хамгийн сайн нь гэвэл “Жентэльмэнүүд шаргал үстэд илүү дуртай” “Зарим нь халуухан зүйлд дуртай” гэдэг хоёр кино хамгийн амжилттай байсан. Гэхдээ “Зарим нь халуухан зүйлд дуртай” кино бол эрэгтэй талын хоёр жүжигчин нь гайхалтай сайн, кино өөрөө маш сайн зохиолтой байсан гэдэг шалтгаанаар дэлхийн инээдэмийн киноны түүхэнд хамгийн өндөр амжилт олсон киногоор тодорч үлдсэн байдаг. “Жентельмэн шаргал үстэд илүү дуртай” кино бол яахын араггүй Мерилин Монрогын нэрийн хуудас болох кино байлаа. Бусад кинонууд нь ихэвчлэн тааруулах зохиолтой, Мерилиний царай биеийг ашиглаж мөнгө олох санаархалтай байв. Кино студийн босс нь Мерилинд дургүй, түүнийг цаг барихгүй, байнга унтдаг, согтуурдаг гээд элдэвээр голдог байлаа. Сайн кино зохиолд Мерилин Монрог тохирно ч гэж боддоггүй байсан тул ер нь дандаа тэнэг эмэгтэйчүүдийн дүрийг түүнд өгдөг байв. Энэ нь Мерилинийг сэтгэл гутралд орох, улам ихээр тайвшруулах эм уух шалтгааны нэг болж байжээ. Гэхдээ тэрээр тухайн үеийнхээ мэргэжилийн мундаг жүжигчин гэгддэг байсан олон жүжигчидийг ардаа хаяж өнөөдөрийг хүртэл хүмүүст хамгийн ойрхон байдаг тавь жараад оны холливуудын жүжигчин болж үлдсэн. Тавь жараад оны холливуудын тухай төсөөлхөд хүмүүс яах араггүй заавал Мерилин Монрог санадаг. Харин тухайн үедээ түүнээс илүү тоогддог байсан мэргэжилийн сайн жүжигчидийн нэрийг өнөөдөр ихэнхийг нь хүмүүс мэддэггүй, царайг нь сайн таньдаггүй болжээ. Энэ ер нь ямар шалтгаантай юм бол.
Гоо үзэсгэлэн гэж хэлэх амархан байх. Гэхдээ гоо үзэсгэлэнтэй жүжигчид олон байсаныг бид мартаж болохгүй. Яг түүн шиг биш байсан гэж хэлж болох ч, энэ бас худлаа юм. Хамгийн секси нь байсан гэх гэхээр бас л нэг л биш. Ер нь хамгийн хөөрхөн, хамгийн ганган, хамгийн секси нь байсан гэж хэлэх бол нэг л хангалтгүй. Ер нь хөөрхөн, ганган, секси гэдэгт хамгийн гэдэг утга бараг байхгүй мэт. Энэ бол нэг ёсондоо хүмүүс ижил давтагдаж байдаг зүйл гэж хэлж болно. Хичнээн ганган байлаа ч дөрвөн гутал нэг дор өмсөж чадахгүй. Өнөөдөр чиний өмссөн гуталыг маргааш өөр хүн өмсөхгүй гэж баталгаа байхгүй гэх мэт. Харин өөр зүйл түүн рүү хүмүүсийн анхаарлыг хүчтэй татдаг байсан болов уу. ПИАР-ын гэр болон алдар нэрийн гэр дээр байгаа Гал мэдээж хэрэг нэг шалтгаан байж чадна. Хүмүүсийн дунд халуун дулаан, дүрэлзсэн, манлайлсан, нээлттэй чөлөөтэй, гэрэл гэгээтэй байх байдал Гал элемэнтэнд байдаг. Түүнд гурван галын орд гурвуулаа бусдад харагдах гэрүүд дээр нь үйлчилж байгаа. Энэ нь хүмүүсийн өмнө байхдаа тэрээр асар их Галтай байгаа гэсэн үг юм. Хүн болгон ийм их гэрэл гэгээ, халуун илч тараагаад байдаггүй гэдэгийг бид санах ёстой. Өөр нэг зүйл бол түүний хийсвэр төсөөлөлийн нөлөө байж болох юм. Хийсвэрлэл заримдаа хоосон дэмий зүйл мэт байдаг ч заримдаа энэ нь татах хүч болж чаддаг. Мерилиний өөрийн бие дээр байгаа Далай ван гариг, сэтгэлзүйн гэрийн Загас энерги нь маш хийсвэр аураг түүний ойр орчимд бүтээсэн байдаг. Сэтгэлзүйн талаас бол түүнийг шизофриний нөлөөгөөр хийсвэрлэлд автаж байгаа гэж үзэж болно. Харин од гаригын нөлөөгөөр түүнд хийсвэрлэлийн нөлөө үзүүлэх оюун санаа болон бие мах бодь бий болж байгаа. Мерилиний эргэн тойронд байгаа аура нь түүнийг содон, жирийн бус, харь гаригын хүн мэт, хэт гэгээлэг, төсөөлөлд автсан байдалтай харагдуулж байгаа нь хүн болгонд зөв ухаалаг харагдахгүй ч гэсэн, хүний нүдэнд ямар нэгэн сонирхолтой хөгжилтэй, гял цал, юу болох нь тодорхойгүй зэрэглээ харж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг нь нэг хэлбэрийн ховс мэт байж болох юм. Бид Далай ван болон Загас нь ховсдогч энерги гэдэгийг давхар санах ёстой, далд ухамсартай холбоотой энэ энергүүд зөн билэг, төсөөлөл, урам сэтгэмж, зүүд нойр, ховс, илбэ шидийг илтгэж байдаг.
Дэлхий дээр тэрээр хүмүүст юу зааж өгөх гэж ирсэн юм бол. Алдартай хүмүүс зүгээр ирээд буцдаггүй. Тэд олон сая хүний анхаарлыг татаж чадсаныхаа дараа ямар нэгэн мессежийг хүргэх ёстой байдаг мэт санагддаг. Дараагын хэсэгт бид Мерилин Монро бидэнд юу хэлж өгөхийн төлөө ирсэн бэ гэдэг сэдэв дээр нийтлэлээ үргэлжлүүлэн хүлээж авах болно.
Үргэлжлэл бий.
Нийтлэлийг бичсэн Судлаач, Б.Цэцэгмаа.