Хоёрдугаар сарын 12-нд таалал төгссөн алдарт дуучин Уитни Хьюстоныг ирэх баасан гарагт Нью-Жерси муж улсын Ньюарк гэдэг төрөлх хотод нь оршуулахаар болсон тухай Ассошиэйтед Пресс агентлаг Хьюстоны гэр бүлд ойр хүмүүсийн мэдээллийг иш татан дамжуулжээ.
Дуучны цогцсыг өчигдөр Лос-Анжелесаас тус хотод онгоцоор авчирсан байна.
Хьюстоны ах дүүс поп хөгжмийн одтой салах ёс гүйцэтгэх ёслолыг Нью Йорк хотын 18 мянган үзэгчийн суудалтай «Prudential Center» гэдэг спорт цогцолборт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Уитни ням гарагийн шөнө Беверли-Хиллз дэхь «Beverly Hilton» зочид буудлын өрөөнд 48 насандаа нас нөгчсөн юм. Түүний үхлийн шалтгааны талаар одоог хүртэл албан ёсны мэдээ алга байна.
Дуучныг угаалгын өрөөндөө нас барсан байхыг эгч Мэри Жонс нь анх олж харжээ. Тэрбээр Уитнид үдшийн даашинзыг нь бэлдэж өгч байсан бөгөөд угаалгын өрөөнөөс гарч ирэхийг нь хүлээж байсан гэнэ. Гэвч гарч ирэхгүй болохоор нь угаалгын өрөөнд ортол онгоц дотор ухаангүй байхыг нь хараад эмнэлгийн тусламж үзүүлжээ. Алдарт дуучин усан дотор удаан байсны улмаас нас нөгчсөн гэж «TMZ» гэдэг цахим хуудсанд мөрдөн байцаагчид болон дуучны төрөл төрөгсдийн ярьснаас иш татан бичсэн байна. Түүнийг согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа «Ксанакс» гэдэг мэдрэлд үйлчилдэг эм ууснаас нас барсан гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
Алдарт дуучныг нас барсан тухай эмгэнэлт мэдээ тарсны дараа төрөлх хотынх нь иргэд хүүхэд байхдаа дуулж байсан сүмийн гадна цэцэг өргөж, лаа асааж байгаа гэнэ. Попын хатан хаан гэгддэг Уитни Хьюстон 11 настайдаа сүмд дуулж эхэлснээс хойш уран бүтээл туурвих хугацаандаа «Грэмми» шагналыг зургаан удаа, «Billboard Music Awards» шагналыг 15 удаа, «American Music Awards» шагналыг 21 удаа, «Emmy»-г хоёр удаа мөн өөр олон шагнал хүртэж байсан бөгөөд хамгийн олон шагнал авсан уран бүтээлч хэмээн Гиннессийн дээд амжилтын номд бичигджээ.
Д.Жаргал /niigem.mn/