Ээж нарын баяраар МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид ээжүүддээ захидал бичицгээжээ
ТАНЫ ЭНГЭРТ БИ ЗОВЛОН ҮЗЭЭГҮЙ ӨССӨӨН, ЭЭЖ ЭЭ
Дунд сургуульд байхад манай ангийнхан “Гантуяагийн ээжээс хамгийн их айдаг” гэж ирээд л ярьдаг байж билээ. “Юунаас нь айдаг юм бэ” гэж асуухаар “Мэдэхгүй ээ, зүгээр их ууртай харагддаг” гэж хариулна. Их сургуульд ч ороод нэг бус найзаасаа энэ үгийг сонсож байлаа. Харин тэр бүрт нь би “Өдөр бүр хамт байгаад үзсэн бол ингэж хэлэхгүй” гэж итгэлтэй хариулдаг байсан юм.
Үнэндээ миний ээж 16-хан настайдаа ОХУ-ын Эрхүү хотын их сургуульд хуульч мэргэжил эзэмшихээр мордож байсан юм. Тэр үеэс хойш өдий тавь гаран насалтлаа хуулийн тогоонд “чанагдаж”, хуульч гэх бахархам хэрнээ хамгийн хүнд хүчир мэргэжлийг үүрч явна. Шүүгч, өмгөөлөгчөөр олон жил ажиллахдаа хүний хамгийн муу муухай, зовлон, хэрүүл маргааныг л сонсож, алдааг нь залруулж, амьдралд нь чиг зааж явсан юм.
Бусдын амьдрал, асуудлыг цэгцлэх гэж үзэлцэхийн хажуугаар үр хүүхэд, хань ижил, ар гэрээ өнгөтэй өөдтэй авч явах гэж зүтгэхийг хослуулан явахдаа ээж минь чамгүй их зүдэрсэн дээ.
Дунд сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөх болоход би ээждээ хуульч болох чин хүсэлтэй гэдгээ хэлж байсан юм. Угаас миний хар багын мөрөөдөл байв. Харин ээж “Хэзээ ч чамайг хуульч болгохгүй” гэж эрс хэлээд эмэгтэй хүнд ахдах хүчир хатуу ажил болохыг ойлгуулсан. Тэр бүү хэл эмэгтэй хуульч наснаасаа овортой харагддаг гээд л ярихад нь “Намайг хайрласан далд хайр”-ыг нь мэдэрч уяраад, дэндүү хүсч байсан ч мөрөөдлөө орхиод сэтгүүлч гэх “Хатуухан самар”-ыг атгасан.Тэр л их хүнд хэцүү хуульчийн ажил, амьдралын олон нугачаа л ээжийн минь инээд алдсан төрх, тормогор алаг нүдэнд нь “ууртай” гэх тодотголыг цагийн аясаар зүүж өгснийг гэж би одоо л ухаарч байнам. Хүмүүсийн хэлдэг тэр “ууртай” хүн чинь үнэндээ уян зөөлөн сэтгэл, уярал хайрыг гэрэл мэт цацрааж явдаг дэндүү тэнгэрлэг эмэгтэй юм шүү, миний хувьд.
Таны энгэрт би зовлон гэдгийг үзээгүй өссөөн ээж ээ. Таны гэрт би нэг ч удаа өлсөж, цангаж, айж, сандарч үзсэнгүй. Таны тэр их халамж, хайранд өлгийдүүлж, муу, мунхаг, муухай бүхнээс алс амьдарч ирснээ би хэний ч өмнө бардам хэлж чадна. Харин охин нь дэндүү их ганцаараа эрхэлчихэж. Эрхлээд ч бас ханачихгүй, элгийг чинь эмтлэн байж их л зовоож байсан даа таныг.
Ээж минь ажил, амьдрал үр хүүхдүүд ханийнхаа төлөө чадлаараа зүтгэж ирсэн жирийн л Монгол эмэгтэйчүүдийн нэг. Гэхдээ миний хувьд эмэгтэй хүнээс ямар их ухаан, хайр, тэсвэр тэвчээр гардгийг өөрийн амьдрал, аливаад хандах хандлагаараа төгс мэдрүүлсэн гайхамшигтай эмэгтэй бол ээж минь Та шүү. Охин нь өөр хэн шиг ч биш харин зөвхөн тан шиг эмэгтэй болж, танаас суралцаж энэ амьдралтай “үзэлцэнэ” гэж бахархан бодож явдаг юм шүү. Надад өгсөн бүхнээр чинь, намайг хайрласан хайраар чинь эргээд таныгаа элгэндээ наан эрхлүүлж жаргаах чин хүсэл зүрхэнд минь хором бүр цохилж байдаг юм аа, ээжээ.
Охин Н.Гантуяагаас /МОНЦАМЭ/
ОЛОНТОЙГОО ЯВСАН УРАН ЭЭЖ МИНЬ
Хүн болгон ээжээс төрсөн, ээжийн хайртай үр. Би ээжээсээ төрсөн долоон хүүхдийн тав дахь тархигүй банди нь юм шүү дээ. Ээж минь бурхан болоод 40 шахам жил болжээ. Тэр цагаас хойш ийм олон он жилүүд хулжин одсон ч нутгийн зон олон одоо ч ээжийг минь дурсан ярьдагт нь би вээр ээжээрээ бахархаж, ээжийгээ биширдэг.
Нэг. ОЛОНТОЙГОО ЯВСАН ЭЭЖ
Миний ээжийг Гаанжуурын.Диваа гэдэг. Нутгийнхан ээжийг минь Жаажаа гэж авгайлдаг. Юм л бол “Жаажаагийн гарай цай ууна” гэж манайд ирцгээнэ. Ээжийн гарын цай, хоол үнэхээр өвөрмөц амттай. Үүний зэргэцээ ээж минь хүнийг дээр, доор гэж үздэггүй, хөгшин залуу гэж ялгадаггүй, хэлэх гэсэн үгээ хэнд ч тоглоом шоглоомоор хэлнэ. Ялангуяа дүүмэд болон багачууд “Хүүр” гэдэг хараалын үг хэлбэл тулга тайруулан хөөнө, гарч зугтвал араас нь хөөж гүйцэж очоод аманд нь давс хийнэ. Хамгийн сүүлийн нэг жишээ хэлэхэд л саяхан болсон Говь-Алтайчуудын золголт, уулзалт бөхийн өргөөнд болоход манай нутгийн нэг эгч надад сүйд майд болж золгон үнсээд ээжийг минь дурсан ярьж байв. Түүний ээж, манай ээж хоёр үйсэн савтай ус үүрээд явж байж л дээ. Тэгээд нэгэн хадан дээр түр амарсан юм байж. Тэгтэл ээж минь наргиан наадам хийж нөгөөдөхөө шоглон, тоглоом тохуу хийсэн аж. Гэтэл түүний ээж ичиж, улайж, инээж наргиж байгаад савтай усаа алдаад өндөр мөргө рүү өнхрүүлчихэж. Ингэснээр усанд явсан хүнийг ус үгүй, сав ч үгүй гэрт нь хариулсан юм байжээ.
Хоёр. УРАН ГАРТАЙ ЭЭЖ
Миний ээж маш их уран хүн байсан. Жараад оны сүүлчээр сумын соёл урлагийн 3 хоног аймгийн төвд болох болов. Гэтэл уран сайханчдын залаатай тоорцог малгайг уран гурван ээж оёсны нэг нь миний ээж. Тэр малгай одоо ч сумын соёлын төвд буй. Мөн миний төрөлх нутаг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 50 жилийн ой болох үед наадмын төв асар болон зүүн, баруун асар, бөхийн майханг угалзтайгаар урлан оёход миний ээж манлайлон оролцож оёсон хүний нэг. Тэр асао 20 жилийн дараа ерээд онд байж л байсан. Мэдээж үр хүүхдүүдийнхээ дээл, хувцасыг оёно. Гэрийн цагаан бүрээсээ хүртэл оёдог байсан. Энэ мэтээр ээжийгээ юутай уран хүн байсан талаар олныг хэлж бичиж болно.
Бичил лурсамжийнхаа төгсгөлд нэг санаа хавчуулмаар санагдлаа. Миний ээж айлын тав дахь хүүхэд буюу 2 дахь охин. Манай өвөг эцгийн өвөө нь баян Т.Шанжмятав гэж гурван авгайтай хүн байсан гэдэг. Манай аав ээжийг 1939 онд эхнэрээ болгож авч л дээ. Тэр үед айлд бэр болж очихдоо ээж минь авгай хүний бүрэн хэрэглэл, хувцастай очиж байсан гэж миний нагац эгч Г.Насан дурсан ярьдаг байв. Шинэ цагийн бодлогоор хуучин юм гууль болж, шинэ юм зул болоход өнөөх авгай хүний хэрэглэлээ задалж мөнгөн хазаарын товруу, эмээлийн товх хийж, зарж борлуулахыг нь борлуулж зүйл дуусгажээ. Гэхдээ зулай дээрээ зургаан ахтай миний отгон охин дүү Д.Намуударь минь ээжийн дээлийн шүрэн товчийг одоо ч нандигнан хадгалж явдагт би баяртай байдаг юм. Тэр товч нь ээжийн хэрэглэж явсан авгай хүний гоёлоос авч үлдсэн шүр билээ.
Би шүлгээ уншдаггүй ч, бичдэг шүлэгч хүн. Ээждээ олон шүлэг бичсэн. Энэ бүхнээс нэгийг нь уншигч танаа толилуулъя.
ОЛОНТОЙГОО ЯВСАН ЭЭЖ
Айлын дүрсгүй хүүхэд хараал хэлбэл
Аманд нь давс хийнэ гэж хөөж л гүйцдэг
Айлуудын саалийн ямаа хотноосоо захалбал
Алга болчихно гэж араас нь явж буцаадаг
Цайлган сэтгэлтэй сайхан ээжийгээ
Цаг мөч бүхэнд санаж л явна даа
Цаашлан одох он жилүүдийн араас
Цацлын шүлгээ өргөж л сууна даа
Сумын наадмын угалзан хээтэй майханг
Сууж босох зуураа оёж л харагддаг
Сумаас зарласан болзолт уралдаанд
Сугарч гаран шалгарч л байдаг
Алсын алсад явчихсан ээжийгээ
Агшин, эгшин болгонд бодож л байдаг даа
Алаг үрсээ тээж түрүүлэн хүн болгосон
Ач гавъяаг тань эгнэгт мартах уу даа
Ээжийн гарын цайны амтанд орсон
Эмээ, өвөө нар манайхаар хөлтэйсэн
Жаажаагийн хийсэн хорхой ааруул гэж
Жалга, довын багачуул магтаал үгтэйсэн
Хорвоод байхгүй болсон ээжийг минь
Хотол олноороо одоо ч дурсан ярьдаг даа
Холдон одсон он жилүүдийг наашлуулж
Хонгор хүүтэй нь үе үе уулзуулдаг даа.
2000.12.24
Д.Сэрээтэр /МОНЦАМЭ/
ЭЭЖТЭЙГЭЭ ӨТЛӨХ САЙХАН ДАА
Ижийтэйгээ хамт өтлөх сайхан гэдэг үгийн утга, мөн чанарыг энэ жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр дэндүү сайн мэдэрсэн. Шинийн нэгний өглөө ургахын улаан нарнаас өрсөн эртлэн босч гэртээ золголтоо хийгээд л 82 насны сүүдэр зооглож байгаа ижийдээ золгохоор яаравчлан явлаа.
Ижийнхээ өргөөнд зочлоход төрсөн гурван эгч маань хүргэн ах нарын хамт үр хүүхдээ дагуулан аль хэдийнээ ирсэн байв. Эрэгтэй, эмэгтэй хоёр дүү минь ч үр хүүхэдтэйгээ хүрэлцэн иржээ. Хамгийн том эгч минь жаран нэгний жил нь тохиож байгаа, бас хоёр хүргэн ах минь ч 61 нас хүрч жил орж буй өвгөчүүл болжээ. Учир нь тэд бүгд үр хүүхэд, ач, зээ нараа тойруулсан өнөр өтгөн айл өрхийн эмээ, өвөө хэмээн дуудуулж, хүндлүүлсэн ахмадууд билээ. Шинийн нэгний уламжлалт Цагаан сарын баярын өдөр би ч тэдний адил ахмад настан болсноо дэндүү сайн ойлгож хүлээн авсан юм. Хоёр сайхан хүү минь жил дараалаад бүр намайг “Хошой өвөө” болгосон юм. Манайх гэдэг айл хоёр хүүтэй дөрвүүлээ байсан бол өдгөө хоёр дахин үржиж хоёр бэртэй, хоёр ач охинтой болж, охинтой болохыг мөрөөөддөг байсан эхнэр бид хоёр бүр дөрвийн дөрвөн охинтой өнөр өтгөн айл болсон доо. Энэ бүхнээс л эгч, ах дүүс бид зургаагийн хамгийн бага нь 40 нас хүрч үнэхээр бид чинь ижийтэйгээ хамт өтөлж яваа азтай хүмүүс гэдгээрээ бахархахаас аргагүй сайхан мэдрэмж “Баясгалант” хэмээх усан Луу жилийн шинийн нэгний өглөө төрж билээ. Тиймээ, Ээжтэйгээ өтлөх сайхан шүү…
Миний ээж зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол өдгөө тэднийхээ үр хүүхэд болох 15 ач, зээ, долоон ачинцар, зээнцэрийн буянтай буурай ээж нь болжээ. Загд овогтой Маам хэмээх миний сайхан ээж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул. Одоогоос 60 жилийн өмнө нийслэл хотод ирж улсдаа 31 жил хөдөлмөрлөөд гавьяаныхаа амралтаа эдэлсэн. Миний аав Д.Дэлгэрцогт 1968 онд Улаанбаатар хотын депутат байсан цэл залуухан насандаа ертөнцийн бусыг үзүүлж өнчин зургаан хүүхдээ ганцаараа өсгөж хүний зэрэгт хүргэх үүргийг ээж минь хүлээсэн юм. Ээж маань 1964-1983 онд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Савхин эдлэлийн үйлдвэрт монгол савхин дээл урлаж тухайн үед аж үйлдвэрийн салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, Ё.Норовсүрэн, Б.Гүнжинлхам нартай ажил хөдөлмөрөөрөө уралдсан “Анхны 13-ын” нэг болж төлөвлөгөө нормоо 180-200 хувиар давуулан биелүүлж явсан манлайлагч байсныг нь хүү нь дэндүү сайн мэднэ. Тухайн үеийн сонинд ээжийн минь амжилтын тухай мэдээ, мэдээлэл байнга л гарна. Миний ээж МАХН-ын гишүүн, ажил хэрэгч, хэлэх гэснээ хэний ч өмнө хэлчихдэг шударга нэгэн гэдгийг үеийнхэн нь анддаггүй юм.
Шинийн нэгний өглөө ээжийн минь хэлсэн чин сэтгэлийн үг энгийн атлаа утга төгөлдөр байсныг энд дурдахгүй байхын аргагүй. “Ээж нь үр хүүхдээ тойруулаад өнөр өтгөн сайхан байна. Төр засгийнхаа буян хишгийг ч чамгүй хүртсэн. Сайн үйлс бүхэн дэлгэрч, улс орон, монгол түмнийг минь буян заяа түшиж, амар амгалан, эрүүл энх, амжилт бүтээлийн аз, одоор дүүрэн байх болтугай” хэмээн хүсэн ерөөсөн юм. Хамгаас хайртай ижийдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр “Мартын 8”-ны баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Д.Өлзийсайхан /МОНЦАМЭ/
Ийжийтэйгээ анх үзсэн Улаанбаатар
Газ-51 машины тэвшин дээр ижийнхээ энгэрт хярсан туулай шиг “амьтан” Улаанбаатарын зүг довтолгож явсан балчирхан үе минь мартахын аргагүй.
Намуухан шөнө түг түмэн зулаа асаажээ… тэвшин дээрх ах эгч нарын дуулалдах тэр гоё дуу Улаанбаатарын алдарт вальс байжээ. Шар хөвийн дөрвөлжин дээр гараад ирэхэд хотод шөнө болдоггүй юм байна даа гэсэн бодол бяцхан тархинд минь хамгийн түрүүнд тусч билээ. Хүүхэд насны зөнч бодол зөв тааж дээ. Нээрэн Улаанбаатар минь үеийн үед гэрэл цацарсан мөнхийн гэрэлт хот юмдаа. Илчит тэрэгний дуу уянгалан цуурайтах нь ахтайгаа Булганы нуруунд явж байсан үеийг санагдуулаад л… нутгийн буга ижлээ дуудах шиг ямар сонсголонтой билээ. Бидний суусан машин өдөржин давхисаар шөнөдөж хотод ирэх нь надад бүр ч гоё санагддагсан.
Их хотынхоо гэрлийг алсаас харах гэсэндээ л тэр байж дээ. Тээврийн товчоо хэмээх намхан цагаан байшингийн үүдэнд буухад нагац ах маань тосч аван хөлсний унаагаар Гандангийн дэнжид гэртээ аваачдагсан. Нойр хулжин бушуухан өглөө болохыг хүсэмжлэн хөрвөөн хэвтэхэд ахын гэрийн тооноор харагдах зурагтын цамхагийн улаан гэрлүүд тэнгэрээс дүүжилчихсэн юм шиг нэн сонихон…
Ижийгээ сэрээгээд шөнөөр ч хамаагүй хот үзмээр санагдаад л…
d\ltrparТөдөлгүй хүслэнт өглөө болж ижий минь намайг дагуулан Ганданд очиж ном хурж буй лам нарт бүгдэд нь нэгтийн төгрөг өгүүлнэ. Лам нар эрхи, очир, судраар надад адис өгөхөд нь ижийгий минь царай яг л баярласан хүүхэд шиг олны дундаас содон харагддагсан. МУИС, Өндөр хоршоо, Урт цагаан, Маахуур толгой, Американ дэнж, Амгалан, Цагаан, Улаан хуаран, Арслантай гүүр гээд л ижий минь намайг анх хоттой танилцуулсан нэр. Ижий минь хот мэддэг байжээ. Төрийнхөө ордонг хүүдээ харуулж Сүх жанжны хөшөөг нар зөв тойруулах. Тэгж явахдаа яг л гандан хийдэд очсон шигээ төрийнхөөө ордонд залбирна. Бөмбөгөрдүү оройтой улаан автобус хүн татаагүй байхад хаалга нь өөрөө онгойж хаагдах нь надад тун ч сонин.
-Ээжээ манай нутгийн Ёндон мужаан гэрийн хаалгыг ингэж өөрөө онгойж хаагддагаар хийж чадах болов уу?
-Мэдэхгүй дээ, миний хүү очиж байгаад өөрөөс нь асуугаарай.
Төмөр туурайтай төрсөн юм шиг морьд цардмал зам дээр явах нь нэг л хөгжимлөг содон.
-Ээжээ энэ морьдын туурайнаас төмрийн дуу гараад байх юм.
-Тиймээ миний хүү туурайнд нь төмөр тах хадчихдаг юм.
-Манай хөдөөний морьдод хадаж болох болов уу?
-Хөдөө юм чинь тахны хэрэггүй дээ. Иш ш миний бор хүү мөн ч томоогүй юм асууна шүү.
Ээж бид хоёр ийнхүү дүнгэр дүнгэр ярилцан хотын гудамжаар алхана. Бороо зүсрэн шивэрч эхлэхэд дэгжин дэгжин ах эгч нар гоё гоё өнгө өнгийн хулсан болоод даавуун шүхэр дэрвийлгэн бариад явж байгаа нь норсон шинжгүй. Ээж минь барьж явсан тор саваа уудлан дотроос нь борооны дусал шиг өнгөтэй гялгар цуваа эвхээсээр нь нямбай задлан өмсөөд намайг хормойгоороо далдлан Гандангийн дэнжид ирдэгсэн.
Удахгүй нутгийн зүг явах болоход ах эгч нараар үдүүлэн өнөөх л тээврийн товчоо хэмээх цагаан байшингийнхаа үүднээс Газ-51 машины тэвшин дээр сууж хорин хоёрын товчоогоор өнгөрөн Шар хөвийн дөрөлжний овоонд чулуу нэмэрлэн одох бүлгээ. Ижийгий минь мэддэг их хот Улаанбаатарын шил толь болсон цонхны гялбаа нарны гэрэлд туяаран солонгороод Ачуутын маань адгийн цэнхэр зэрэглээ шиг өндөлзөн даган хоцроход сэтгэл хорогдоод төдөлгүй ах эгч нарын дуулалдах дуунд тайтгараад унтчихдагсан.
Их хөгжлийн цараа тэлж нар ургасан Улаанбаатар минь өнөөдөр ээж бид хоёрын сонирхож явсан тэр үеэс улам ч гоёмсогоор зүг зүгийн уулс руу хаяагаа тэлж, гүрэн гүрний хотуудын жишигт хүрчээ. Төрийн ордны маань дээр мандсан алтан соёмбот далбаа үл хазайхын учиргүй үеийн үед намирах ижий-Улаанбаатар минь ээ. Бишрэлт таныхаа өмнөөс эх орныхоо нийслэлд залбирму.
Б.Цэрэнжамц /МОНЦАМЭ/
МИНИЙ САЙХАН ЭЭЖ
Би амьд яваа насандаа ээжийн тухай хоёр сайхан дуу дуулдагсан. Нэг нь манай нутгийн зохиолч, сэтгүүлч А.Дандий-Ядамын шүлэг, Миний нутгийн хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн хөгжим “Миний ээж сайхан ээжий”
Мяндас зөөлөн уяхан ээжий
Буруу хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий гэж дуулсан бол Монгол ардын суут Дашдоржийн Нацагдорж:
“Монголын үзэсгэлэнт Сарангуа”
Намайг төрүүлсэн ээжий
Яруу сайхан эгшигээрээ
Бөн бөн бүүвэйлсэн ижий гэж дуулсан билээ. Ээжийнхээ тухай дуулаагүй, шүлэг бичээгүй яруу найрагч нэгээхэн ч үгүй билээ. Миний ээж намхан нуруутай навтгар хамартай жирийн л нэг эх хүн байсан. Гэхдээ тэр Өүлэн эх шиг том хүн байсан. Миний муу аав, ээж хоёр бүх хүүхдүүдээ Улсын нийслэл Улаанбаатар хотод оруулж, их дээд сургуульд элсүүлж, мэргэжилтэй, боловсролтой хүмүүн болгосон. Миний аав далан хэдэн нас сүүдрийг зооглосон бол ээж минь бараг наян нас сүүдрийг зооглосон. Миний сайхан ээж хэдэн хүүхдээ амьдралын дөрөөнд дөрөөлүүлсэн, ажлын амтанд оруулсан. Ийм л ачтай ээж юм сан.
Ч.Содномдорж /МОНЦАМЭ/
ДУУНД МӨНХӨРСӨН МИНИЙ ИЖИЙ
ХҮҮ НЬ ОЛОНТОЙГОО ЯВАА ЭЭЖ ЭЭ…
Увс аймгийн Зүүнговь сумын харьяат. Арван баядын Борлууд овгийн Жутааны ТУЯА. Энэ бол миний ээжийн нэр. Зүрхэн дотор минь лянхуа мэт дэлгэрч, зүүд совинг минь наран мэт гэрэлтүүлсэн шидэт үг. Ээж минь намайг амьдрал туршид минь эрхлүүлж байгаа хүн. Ямар сайндаа өөрийнхөө ангид авч анхны “А” үсгийг минь заахав дээ. Бичиг үсэг гэдэг миний амьдралд ус агаар мэт үүрэг гүйцэтгэж, үгийн урлагт шунан дурлах болсны шалтгаан нь чухамдаа ээж минь юм. “Биеийг нь төрүүлэвч ухааныг нь төрүүлдэггүй” гэх үг бий. Ээж минь миний биеийг ч төрүүлсэн, ухааныг ч төрүүлсэн юм.
Багадаа эмээгээс минь нуугдаж байгаад уран зохиолын ном хэдэн цагаар уншаад хэвтчихдэг хүүхэд байснаа ээж минь дандаа л дурсаж ярьна. Эд баялаг, эрх мэдэлд шунах биш, эрдэм ухаан, цэцэн мэргэнийг шүтэх хүмүүжлийг ээж минь сүүтэйгээ хамт хөхүүлж өсгөжээ надад. Энэ бол хувь тавилан, эгшиглэнт хувь тавилан гэж би сүслэн боддог.
Их сургуулийн оюутан болохоор их хотыг зорин гарахын цагт “Олон хүнтэй машин байна. Дунд нь сууж яваарай!” гэж эжий минь захиж билээ. Олны дунд омголон ганц тоо байхын, бас олонтойгоо явахын үлгэр дууриал болсон эцэгтэй минь хорвоогийн жаргал зовлонг нэгэн хүн мэт туулж ирсэн энэ бүсгүйн өмнө л би бүхнээс илүү бардам эрэмгий байж чаддаг. Асан дүрэлзэхийн, зовхи өөдөө амьдрахын уг шалтгаан нь эжий минь юм. Эжийдээ эрхлэхгүй юм бол өөр хэнд эрхэлхийм.
Эмээ минь мөнх бусыг үзүүлсний дараа ээжтэйгээ ярьж чадахгүй халгаад хэд хонож билээ. Утасны цаанаас ээжийнхээ дууг сонссон тэр мөчдөө л би ээждээ даруйхан очих ёстой гэдгээ ойлгосон юм. Орон гэртээ сар шинийг угтсан тэр л өдрүүдэд би огт өөр хүн болсон юм. Том болсон.
Уг нь одоо гараад л нутгийн зүг, гэрийнхээ зүг, эжий аав руугаа, эрх шар дүүрүүгээ явчихмаар л байна. Гэхдээ маргааш уулзах гэж өнөөдөр салдаг, үүрд хамт байх гэж маргааш уулздаг гэж үг бий. Арга билгийн хоёр эхлэл минь үүрд надтай хамт байх болно. Энэ бол намайг эгэл олны минь дунд хүн шиг хүн байлгадаг хамгийн хүчирхэг хүчин зүйл.
Хүү нь олонтойгоо явна. Хүү нь хөхөөн дууны эхэн сардаа очоод золгоно.
Я.Баяраа /МОНЦАМЭ/
СҮҮТЭЙ БУРХАН, СҮҮДЭРТЭЭ Ч БҮДРЭЭГҮЙ ЭЭЖ МИНЬ
Номын их багш Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн ах маань ээжтэй хүн бүхний хамрыг шархируулам, нулимсаа барьж үл барам нэгэн сайхан үг хэлсэн байдаг даа. “Ээжийтэй байхад би баян” гэж. Энүүн шиг гайхам үгийг одоо хэр нь түүнээс давж хэлсэн нь алга даа. Аяа, би ч бас ижийгээ хэзээ ч ядуу, чадуу гэж хэлж чадахгүй. Энэ дэлхийд ээжтэйгээ байгаа би хамгийн баян, энхэр долоон үрээ тойруулаад сууж байгаа ижий минь ч баянаас баян. Жилээс жилд жижгэрч бус жилээс жилд үрсээрээ баяжиж суугаа ижий минь энэ дэлхийн тэрбумтнуудаас ч баян. Ээжий минь өнөөдөр долоон бурхан шиг долоон үрээсээ салаалан ургаж, садран асгарсан сүүн сэтгэлтэй хоёр ач, долоон зээгээ эрхлүүлээд суухаараа бүүр баян харагддагийг нь яана гээч. Бас зээ хүүгийнхээ зээнцэр охиныг биднээс харамлахаараа хачин “харамч баян”.
Ардын хүүхдэд “А” үсэг заасан багш юм болохоороо /Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуульд 40 гаруй жил тасралтгүй бага ангийн багшаар ажиллаад тэтгэвэртээ гарсан/ үзэг цааснаас салахгүй тэмдэглэл хөтөлж, шүлэг, сургаалт өгүүллэг биччихсэн сууна. Гэрийнхээ багшийн ажлыг гарынхаа дэргэдэх гурван зээ охиндоо зааж сургасаар явааг нь шинэ жил, цагаан сар, наадмын золголт, нийллэгээс бэлээхэн харчихнаа, бид. Зээ охин Ган-Оюу, Наранзул, Саранзулдаа дуу бүжиг зааж өгөөд ах дүү нарт нь “концерт” үзүүлж, өөртөө дүн авна. Ээж минь дандаа “Онц” авна. Заримдаа “хов” зааж өгч “Онцмуу” авчих гээд байхаас бус. Гэхдээ ээжийн минь хов гэж юу байхав. Төрсөн охидоосоо “Хүргэдээ” өмөөрөөд сүйд. Зургаан охиныхоо зургаан хүргэнд хир хүртээхгүй санаатай. Ганц хүүгээсээ болохоор “Газар дээр ганц бэрээ” өмөөрөөд янзтай. Эмч бэрдээ эвтэйхэн долигоноод эм тариа, гутал хувцасхан, дээлийн торгоор шагнуулахаараа хөөрөх нь дэндүү, хөөрхий. “Газар дээр ганц хүүг минь архинаас салгаж өгсөн газар дээр ганц Дарь эх шиг бэр минь” гэж ирээд л шүлэг биччих жишээтэй. Ээжийн минь бичсэн шүлэг, сургамжит өгүүллэг тав зургаан дэвтэр болчихсон байна лээ. Энэ жил ээжийнхээ тэр дэвтрүүдээс шүүгээд нэг хөөрхөн сургамжит өгүүллэгийн ном бэлдэж хэвлүүлээд бэлэглэчих санаатай байна. Ээж минь өөрийнхөө тэтгэврийн мөнгийг хуримтлуулаад номынхоо санхүүг босгочихсон надад өглөө. Ээж минь тандаа олон ч шүлэг бичиж, оюуны суварга босгож өгсөн хэрнээ таныхаа номыг хэвлүүлээд өгчихвөл үр бидний чинь хариулж үл барах нэгэн ач тусын өчүүхэн дусал болох болов уу даа.
Таныхаа төрөөс гуйж бус гуядаж авсан “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон дээр чинь “Багшийн гавьяа” одон зүүлгээд өгсөн чинь нэг их баярласан, хөөрхий. Тэгэвч таныхаа ачийг яаж гүйцээж хариулах вэ?
Таныхаа номыг би “Сүүтэй Бурханы сүүтэй үг” гэж нэрлээд байгаа шүү. Ээж минь таныгаа би 50 жил “гомдоосон” юм уу даа? 50 жил “эр дүү” төрүүлж өгсөнгүй гэж агсан тавиа юу даа? Тэгсэн бол уучлаарай. Та надад тав биш зургаан охин дүү төрүүлж өгч, одоо зургаан ханхар хүргэн дүүтэй болгоод өгчээ. Над шиг хүргэдээрээ баян хүн гэж алга даа. Тиймээс ч хүү чинь “Хүргэд минь, бэргэд минь” гэсэн нийтлэлийн брэнд ном тэрлэж сууна. Ном бүхний минь уран санаа, ухаалаг зохиомжийг ээж минь та надад өгдөг. Одоо бас “Сүүтэй бурхад” гэсэн сайхан ээжүүдийн хөрөг ном ширээн дээр минь мишээж байна. Номон суварга осгож өгсөн ээж таныхаа насны тоогоор номон суварга босгож чадах бол уу, би? Чадахын төлөө мэрийе.
Ээж минь Тантай би, гурван цагаан сараар архи үнэртүүлсэнгүй золголоо, Баярлуулах гээд тэр. Дахиад би гурав байтугай гучин жилийн цагаан сараар архи “сэнгэнүүлэхгүй” ээ, Таныхаа ач, гуч, зээнцэрийн дэргэд ч ганц “өвгөн хүү” чинь архи үнэртүүлэхгүй ээ. Бэр, хүргэдээс чинь архи нэхэхгүй ээ. Дандаа сүүтэй шүлгээ уншиж явья.
Ээж минь Таныхаа ээжийг бас дурсая. Аавыг минь төрүүлсэн ачит эмээгээ бас дурсая. Би чинь эмээгээрээ баян өссөн хүү шүү, тийм ээ ээж ээ. Эмэг ээж Дарьлхам маань таныг сүүгээрээ хөхүүлж өсгөчихөөд бас намайг сүүгээрээ хөхүүлж өсгөсөн ачтай буурай шүү. Ганц охин таныг эрхлүүлж өсгөчихөөд намайг бас эрхлүүлж өсгөсөн гавьяатай эмээ шүү. Өөрийнхөө таван хүүхдээс намайг л ганцхан өмөөрч өсгөсөн эмээ шүү. Аавын минь ээж Лхамжав гэж сүүгээр тасалдаггүй саальчин эмээ байлаа. Тэрхийн цагаан нуур шигээ хэдэн бор сарлагийнхаа тос хөвсөн цагаан сүүгээр биднийг дөрвөн улиралдаа таслаагүй эмээ минь. Хүн хүнээс илүү надад ганцхан зориулж мэхээрийн бор тос хольж гүзээ, олгой дүүрэн хийгээд өгдөг буянтай эмээ байлаа. Ээжийн минь ээж, аавын минь ээж энэ хоёр эмээдээ сүнсийг нь баярлатал шүлэг бичих юм хуна даа.
Ээждээ, эмээдээ, орчлонгийн бүх эхчүүддээ зориулж бичсэн “Дарь эхийн тарни” дууныхаа нэгэн бадгийг дахилттай нь шүншиг болгон өргөе. …Сүсэгтэйхэн бурхадын ээж нь болсон
Сүүн тахилтай Цагаан, Ногоон Дарь эх мину
Сүжрэлтэйхэн хайрын дээжээр мялаасан
Сүндэр овооноос өндөр хоймортой ээжүүд, ээжүүд мину
Ум даарий, дүд даарий, дүүрий суухаа
Үргэлж мөнхийн амьдрал минь аз жаргалаар бялхаарай
Ум даарий, дүд даарий, дүүрий суухаа
Үрсүүд минь урт насалж удаан жаргаарай…
Ж.Батсайхан /МОНЦАМЭ/
САНАЖ ОЧООД СААТАН ТУХАЛНА БИ….
Ээж ээ… загнуулахаас залхдаг, залхуугаа дуудуулах огтхон ч дургүй, “өө сэвгүй” охин тань Танд зав гаргаад захиа бичиж байна гэвэл итгэх үү. Оюутан болж таныхаа дэргэдээс холдсоноос хойш хааяахан очиж, очихоороо нөхөр хүүхдийн хамт нэг л их дайлуулж цайлуулан зочин шиг аяглаж, бэлгэдлийн төдий зүс царайгаа харуулсан болж явсаар олон жил өнгөрчээ.
Таныхаа дэргэд хоёр хоног боловч өнжиж, яг л жаахан байсан шигээ оровч гаравч даган, нарийн ширийнийг хүүрнэн, хууч хөөрөн саатъя гэж хааяа бодох ч нэг л болж өгөхгүй юм. Охиноо улам сайн яваасай гэсэндээ юухан хээхнийг анзааран шүүмжилж байгаа чинь тээртэй санагдаж, “өөрөө төгс юм шиг хүн өөлөөд байх юм, явлаа…” гэж ирээд л мөн ч олон удаа толгой хаялан гарсансан. Утсаар ярихдаа хүртэл яарч төвөгшөөгөөд л “За…., тэгээд …, нуршилгүй гол юмаа ярь” гэж ч байх шиг. Эхээс төрөөгүй эрэгнээс унасан аятай таныгаа үгүйсгээд л, би ч буруу сэхэж байна даа. Өнөөдрийн минь ахуй болж бүтээд, бусдаас илүүрхэхгүй ч дутах юмгүй яваа болохоор л ингэж омголонтож байгаа байх. Өнгөт амьдрал гэрэл шигээ алаглах энэ их хөлийн газар цаг гэдэг алтнаас үнэтэй ч ижийдээ арав таван хором зарцуулчих завгүй, амин чухал ажил гэж юу байхав дээ.
Айлын охидууд шиг ээждээ эрхэлж нялхарч өсөөгүй л дээ, би. Ээж рүүгээ ухаан зулаггүй яарч, эрх нялхамсуу үгс сав л хийвэл урсгадаг хүмүүсийг бүр гайхдаг гээч. Хамгийн сүүлд хэзээ тандаа үнсүүлснээ ч үнэндээ санахгүй байна, Цагаан сарыг эс тооцвол. Гараасаа хөтөлж өсгөсөн ганц охин чинь эрчүүдээсээ дор, ийм хахир хатуу, хуурай газрын сайр шиг хөшүүн хадмал хүн болж хүмүүжнэ гэж та бодоо ч үгүй байх. Чухам юу намайг ийм болгосныг би мэдэхгүй ээ.
Магад ганц охин гээд аавдаа илүү амь татуу явсанынх биз. Аав маань бурхан болсоор удаж, саяхан цайны ханьтай болсноос тань хойш Тандаа очих нь бүр ч цөөрч, ханхай гэртээ хань татах сэтгэлийг нь ч бодолгүй хүнийрхэн өндөлздөгөө өөрөө ч мэдрэхээ больж. Насны эцэст цайгаа хувааж уух хүнтэй болсон ч охиноороо дутаж, үгүйлэн харуулдагийг чинь уг нь би мэднээ. Хааяхан илүүчлэх хэд гурван төгрөг, ховорхон илгээдэг бэлэг сэлтхэн охиных нь сэтгэлийн галыг орлохгүй гэдгийг ч бас гадарладаг. Амьдад нь шальтай баярлуулаагүй атлаа алаг орчлонгоос яваад өгсөн хойно нь нэг их сайн охин байсан юм шиг энэлж шаналан, элгээ эвхэн харамсан уйлахаа ч бүр сайн мэдэж байна.
Гэхдээ та минь надаас хэзээ ч илүүг шаарддаггүй, өөрийгөө болгоод, өрөөлд муу хэлүүлэхгүй явж байгаад минь сэтгэл ханаж, баярлаж явдаг дэндүү уужимхан сэтгэлтэй. Ерөөс эх хүн бүр ийм байдаг байх. Амьдралын атираа нугачаа, насныхаа тоогоор олж авсан ухаарал нь тэднийг ийм өр нимгэн болгодог биз. Магад би ч бас нэгэн цагт охиноо хүлээгээд л, ирэхээр нь туньсан сэтгэлээ дутагдлыг нь өөлж гарган, дургүйг нь хүргэх биз. Тэр цагт таныгаа сэтгэлийнхээ гүнд хүртэл ойлгох болохоор одоо ингээд гөлмөн төмөр шиг гөлгөр хүйтэн царайлаад явж байгаадаа гэмшивч, тэгтлээ өмрөхгүй л байна. Хэлж болдоггүй үгс, хэрэгжүүлж чаддаггүй ухаарал гэж байх юм.
Учиргүй өөрчлөгдөөд урд хождоосоо илүү сайн охин болно гэж би амлахгүй, угаасаа чадах ч үгүй байх. Сэтгэлийнхээ мухарт таныгаа бодож, хаа нэг цайныхаа дээжийг зүглүүлэн өргөж, их л болж Гандан зүглэж ижийдээ урт наслахын ерөөл уншуулахаас өөрөөр гийгүүлж базаахгүй биз дээ, охин чинь. Энэ бүхнийг засч залруулахгүй ч ойлгож ухаармар аядаж байгааг бодоход таны охин ч бас хорвоогийн жамаар хонгор насаа алсалж яваа бололтой.
Загнаад ч болов дэргэд минь байсан ч болоосой гэж харамсахаасаа өмнө заавал тандаа зорин очиж, хөөрөлхөн сонирхуулах жижиг сажиг зүйлсийг ч орхилгүй тогтож сонсон, хөлсөө гартал гарын тань цайг ууж саатнаа. Баруун айлын хүүхэн залуу хоёр том нохой тэжээдэг, зүүн талын хөршийнд хүмүүс цуглаж сүмийн дуулал дуулдаг, хаврын салхинд туугдаж ирээд тагтанд нь хөглөрөх цаасан дотор хийморийн дарцаг байсан, энүүхэн урдах замыг сумын захиргаа саяхан засмалдсан гээд танд минь ярих сонин мунддаггүй. Ач холбогдолгүй юм ярилаа гэж ахиж би тээршаахгүй ээ, түм буман дутагдлаа ч бас түүртэж ихэрхэлгүй хэлүүлнэ. Адайр охиноо ухаажихыг үзэх гэж аясхан цэнхэр, гуниг хүрэхгүй алсдаа та минь хүлээж л байгаарай.
Ээж З.Буянхишигтээ охин Э.Адъяасүрэнгээс…. /МОНЦАМЭ/
Үрээ өмөөрдөггүй ч өөрөөсөө “харамладаг” ээжийн ухааныг гүйцэхгүй нь үнэн
Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод цэцэглэдгийн адил зургаан сайхан хүүхдээ өдий зэрэгтэй өсгөж, 10 ач, зээгээ тойруулан суугаа Ээж минь та энэ орчлонгийн эрхэм ачтан билээ.
Миний ээжийг Оюун гэдэг. Булган аймгийн Могод сумын уугуул айлын ууган охин. Ээж чинь залуудаа их сайхан урт хар гэзэгтэй, хөөрхөн хүүхэн байсан шүү хэмээн өдгөө 90 насны сүүдэр дөхөж яваа эмээ минь хааяа бидэнд хуучилдаг юм. Нэг удаа ээжтэйгээ найз дээрээ очтол чи ээжээсээ царай муутай юм байна, ээж чинь сайхан эмэгтэй байна шүү гэж билээ. Ээж минь царай зүс сайхан шигээ сэтгэл сайтай, уужуу ухаантай, хүнд буруу өгдөггүй, хүний буруу зөрүү хэлсэн үгийг хүртэл зөөлрүүлж, зөв талаас нь хардаг хүн. Ээжийнхээ тэр л нандин сайхан чанарыг эрхэмлэж, өөрийнхөө хоёр охиндоо ч гэсэн хэлж захиж байдаг даа.
Бид бага байхдаа айлын хүүхэдтэй муудалцаад уйлж унжаад ороод ирнэ. Аминдаа аав ээжээрээ аргадуулж, айлын хүүхдийг загнуулна гэж бодно. Тэгэхэд харин ч эсрэгээрээ дээрээс нь нэмж аашлуулаад “Чи өөрөө зүгээр байсан юм уу, хүнд битгий буруу тохоод бай, хүнтэй аятайхан тоглож чадахгүй бол битгий гадаа гарч бай, гэртээ хичээлээ хийгээд дүү нараа хар” гэж хэлдэг байсан нь одоо ч сэтгэлд тодхон. Заримдаа хажууд нь хүүхдээ загнахаар их уурлана аа. Та нар ерөөсөө уурлахаа л түрүүнд тавих юм. Одооны хүүхдүүдийн бодож сэтгэж, хэлж ярьж байгаа өөр шүү. Жаахан хүлээцтэй, тэвчээртэй, юмыг уужуу ухаанаар бодож байгаач гэдэг юм. Дараа нь нээрээ л бодож байхад ээж минь ямар их ухаантай, холч хараатай, бидний үнэнч зөвлөх юм бэ? гэж боддог.
Ганцхан байшингийн цаана байгаа ижийгээ ойрхон байгаа юм чинь, тэгж байгаад л нэг оръё гэж хойш тавина. Тэр болгон утсаар биеийг нь асууж ярьчихгүй хэрнээ өөрөө харин ээжийгээ яагаад ярихгүй байгаа юм, юу хийгээд яваад байна гэж шалгаана. Хүүхэд сургуулиас нь авчихгүй, ажилтай хүн шиг л гараад явчих юм гэж аашилна. Дараа нь муу ижийгээ юу гэж “загнав даа” гэж бодоод шанална, тэрийгээ цайруулах гэж байгаа юм шиг чихэр жимс авч орно. /Манай ээж чихэрт их дуртай/ Тэр болгонд баярлаад л хоол цай болно.
Чихэр жимсхэнээр ээжийгээ баярлуулна ч гэж юу байхав. Үр нь болсон бид хазгай муруй гишгэлгүй, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлээд, ажил амьдралаа зөв авч явбал л ижий минь хамгаас их баярладаг байх даа.
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой, намайг ухаажихыг үзэх гэж ижий минь урт наслаарай.
Хайрт ээждээ удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярын халуун мэндийг хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе. Үр хүүхэд бидэнтэйгээ он удаан жил амьдраарай.
А.Саранцэцэг /МОНЦАМЭ/
НАСААРАА ЭРХЭЛМЭЭР ЭЭЖ МИНЬ
Хайрт ээж Түдэвийн Өлзийбадрах тандаа
“Ээж” гэдэг бидний хамгийн дотно, хамгийн хайртай, хамгийн ачтан байдаг болохоор бүхэнд илхэн бөгөөд ээнэгшин ээлтэйхэн сонсогддог.
Дүү нар шигээ ижийдээ эрхлэж, нялхарч “нялуурч үзээгүй” айлын том охин ч гэлээ сэтгэлдээ би тандаа үргэлж эрхлэж, дээдэлж явдаг шүү, ээжээ.
Цагаан халатыг дэрвэлзүүлэн өмссөн эмч ээж минь түмэн олны төлөө ажил хөдөлмөрөө зориулан улсад гучаад жил ажиллаж, одоо ач зээгээ хараад амрах завгүй л явна.
… Ижийгээ тойрон эргэлдэх бидний амьдрал жаргалтай, ижийдээ ирж буцан инээж хөөрч, ижийнхээ хийсэн гарын хоолыг идэж, сардаа нэг цугларах ахан дүүс минь таныгаа хэрхэн баярлуулахаа ярилцаж л суудаг даа.
Ээжтэйгээ хамтдаа байх энэхэн мөч бол үр бидэндээ бүхнээс илүү аз жаргалтай, дурсамтай мөчийн нэг ээ. Ийм л болоод хүмүүс бид “Ижийтэйгээ өтлөх сайхан” гэж дуулдаг байх аа.
Б.Долгорсүрэн /МОНЦАМЭ/
Ижийдээ бичсэн захидал
Сайн байна уу, хорвоогийн эрхэм хүмүүн ээж минь ээ.
Таны бие сайн, тавтай сайхан хаваржиж байна уу. Хүү чинь хотоос, хоног тоолон хүлээж суугаа тандаан захидал бичиж байна. За тэгээд та нар маань шинэ ондоон даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, ботго бөхтэй, борлон хэрсэнтэй сүрэг мал тарган тавтай орж, сайхан шинэлсэн биз дээ.
Сая, сар шинийн үеэр хэд хоног ажлын чөлөө гарсан ч унаа унашны боломжгүйгээс тандаан энэ жил очиж хамт цагаалж, хацраан үнэрлүүлж амжсангүй, уучлаарай ээж ээ. Та минь, бас дүү нар маань битүүхэндээн зөндөөн л харсан байх даа.
Хавар болж, энгэр ээврийн цас ханзраад, нар дээшилж, өдөр сунан, эсгий гутлын ул цасны шавхайд шалбайгаад, хүйтний хувцас хүнддээд ч байх шиг, бас тэнгэр тогтворгүйтэн хуйсганаж, үе үехэн жиндүү хавсарга үүгээд нутагт минь хавар зэвэр даан ирж байгаа биз дээ. Нэгэн найрагчийн шүлгэнд байдаг шиг яг одоо:
Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа
Хөшигтэй цэнхэр Алтай нутагт минь
Хүний нүд сүүмийсэн хавар болж байгаа
Тийм ээ. Жаахан бэлгэгүй ч юм бичив үү дээ. Гэвч үнэндээн нутгийн минь хавар ингэж л айлчилдаг хойно доо. Түүнийг мэддэг хүн нь атал, үнэнийг элдэв үгээр далдалбал, хаврыг дан сайхнаар хоосон магтвал, хөдөөнийхөн маань магад дургүйцнэ ээ. Яагаад вэ гэвэл, энэ нь малчин хүнд хавар хатуу хөтүү тусдгийг ойлгоогүйтэй утга нэгэн болно.
Миний бие сайн, ажилдаан явж, сониноон гаргаж, хичээлээн заасаар л байна. Шинэ оны өмнөхөн, дүүгээр явуулсан таны захиаг амтархан уншиж, нандигнан хадгалж байна аа. Тэгээд одоо л хариуг нь бичиж байгаадаан бас уучлал хүсье, ээж минь.
Улаанбаатарынхан “Мартын 8” болно гээд бөөн сүйд. Малчин хүнд юун маарттай мантай, одоо мал төллөх дөхсөн гурван сарын шинэд. Ижий, том ах, дүү, та нарын минь цөмийнх нь ид завгүй цаг гэдгийг сайн ойлгож байвч очоод тусалж чадахгүй яваадаан үе үе баахан гэмшихээс хэтрэхгүй л юм даа.
Аймагт, танд ойрхон байдгаараан Цэцэгмаа эгч минь л байн байн сум руу явж, танд минь гарын үзүүр болж байх юм даа.
Аав ээжийн хүүхдүүд адил ч ачлалт үрийн хувь буян гэж өөр юм байдаг ажээ. Тэр эгч маань тийм хүн ажээ. Бид гэж нэг их гавъяа байгуулсан хүмүүс шиг, санаж байгаа, санаа зовж байгаагаан л “өмнөө барьсан” улс хотод суурьшин сууж, “шигдэн шимэгдэх”.
Та минь эцэг өвгөдийнхөөн халуун голомтын галыг манаж, баян алтайнхаан уул ус, ургамал хөрстэй харилцаж, тэнгэр дэлхийгээн аргадаж явах.
“Гар гар”… Гар утас байхад бүхнийг болгоно оо гэлцэх юм, хотод. Бүр “Ертөнцийг танд атгуулна аа” гээд л ээж таны хүртэл жаахан амсхийхээрээн хардаг зурагтын чинь сувгаар чих толгой амраахгүй яншаад л байгаа биз дээ.
Хотын бидэнд гар утас гэдэг шидийн зүйл үнэхээр байна аа. Дэлхийн нөгөө бөөрөнд байгаа хүнтэй хүртэл нүүр нүүрээн харж байгаад л шуудхан залгаад ярьчих, золгоод хуучилчих түүнийг үнэхээрийн шидийн гэхээс өөр яах вэ. Гэтэл… гэтэл. Манай нутагт л лав гар утасны дуугүй, миний ээжийн гэрт мессежний чимээгүй. Бүр та нар маань Залаажинст хайрхан дээрээн гарлаа ч бас л “шонгүй”.
Ээж минь гар утастай бол шууд залгаад шинийн нэгэнд утсаар “шинэлэх сэн” гэж их адгах юм. “Маарт” дөхөөд ирэхээр, ээжтэйгээн утсаараан шууд яриад яваа хүмүүсийг хараад бяцхан атаархах юм. Манай тэнд гар утас гээч юм үнэхээр байх биш, байлаа ч гэсэн газрын алсуурт ямар барих ч биш. Барьдаг сан бол одоо ч гэсэн, барс сардаан амжиж ээжтэйгээн яримаар, золгомоор л байх юм.
… Уучлаарай, гадаа хөрлөсөн цасан дээр зусаг ямааны ишиг нялзрай дуугаар цанхийхэд гал уургийг нь амдуулах, өвсөнд орж буй хургандаан хивэг тэжээл тавих гээд цайгаа ч бүлээн уух завгүй байхад гар утас мутас гэж, “байхгүй, болдоггүй” юмны тухай яриад, урт сунжруу захиа бичээд таныгаан бухимдуулчихав уу даа.
Гэхдээ ижий минь хүүгээ ойлгоно оо. Хэзээ ч бухимдахгүй. Яагаад билээ. Холд яваа үрсээн үгүйлэх, санан эгээрэх, ирэхгүй удвал уулсаан дэнж болгол харуулдан бэтгэрэх жаргалтай шаналан эх хүнд завсарлагын цаггүй заяасан байдаг болохоор тэр юм. Харин удах бол удахгүй уулзахын зах нь билээ л.
Тийм болохоор ээж таны минь хүлээлт жаргалтай юм аа.
… Хааяа таныг төв орж ирээд сумын холбооноос залгахад зүйргүй баярладаг шүү, ээж ээ. Үгүй энэ чинь юу билээ, ээж миний “гар”-луу залгаж байх чинь, манай тэнд арай гар утас… Гэтэл үгүй л байдаг.
Хааяа ээж минь аймгийн төвд ирчихээд над руу залгуулж байдаг. Гэхдээн хорвоогийн эрхэм хүн танаасаан захиа ирэх, хааяа боловч утсаар ярихад чинь үнэхээр сэтгэл цэлмэн оюун амирладаг шүү.
Сэтгэлийн амгалан бол энэ ертөнцийн хүмүүний жаргалангийн дээд билээ л. Ижий минь тэгэхээр миний амгалан жаргалангийн эх булаг аа.
Малчин хүнд баяр тэмдэглэх цаг гэж байдаггүй билээ. Мал нь сайн, тэнгэр хангай нь сайхан, хур нар нь тэгш, өвс ус нь өег, үрс хойчсынхоон мэнд сайн яваа сураг сонсох л ээж таны минь дээдийн дээд баяр жаргал бүлгээ.
Ижий минь та, алтаар ч арилжимгүй эрдэнэ тунамал нутагтаан эзэн сууж, манхан цэнхэр тэнгэрээн харж, мал буянаан аясруулан гилж, солонго татах зунаар сэрмүүн алтайнхаан өнгөний нь сайхныг мэдрэн баясаж, хиргүй хас цаснаар нь сэтгэлийнхээн цагааныг өвлөөсөөн таньж тайтгарч, нуруу тэнийх зуныг даллан айсуй хаврын хөтүүг ажрахгүй туулж, уулсаан алслан ажиж ухаанаан холчилж явдаг билээ.
Хүмүүн заяанд төрөгсдийн дийлэнх нь дэлхий ээжийнхээн хэвлийг ухаж төнхөж, оюунт хүмүүн бөгөөтөл “ухаангүй” ухаанаар амьдарч, нөгөө миний гайхуулаад бичээд байгаа гар утас, ганган машин мэт “төмөрлөг эрин”-д хэт “дэв”-тэж, сэтгэл оюунаан ч суурин соёлын сульдаанд тавьж тууж буй эдүгээ цагт ээж минь харин уугуул суугуул хөдөөдөөн “зэрлэгээрээн цэнгэл хийн” жаргалаар амьдарч явна гэдэгтээн итгээрэй. Итгээрэй гэдэг энэ надаас гарахад томдох үгийг, та минь аль эртийн мэддэг учраас тийнхүү жирийн атлаа агуу амьдарч яваа буй заа. Тан шигээн сэтгэлийн хаттай, гар утасны сүлжээ мүлжээ мэтийн багахан зүйлээр хөгжлийг, монгол хүмүүн монголоороон амьдрах ухааныг хэмждэггүй алсын бэлчиртэй удмын хүү болж төрсөндөөн одоо би багахан бахархана.
Уучлаарай, ээж ээ. Баахан ойлгомжгүй, “нийгэмжсэн”, “гүн ухаанжсан” юм нуршчихав уу даа.Тандаан нэг захиа бичсэн биш бас баахан л уучлал “бөөндөх” шив дээ.
Гэхдээн энэ захиа хүүгийн чинь сэтгэлийн толио, зүрхний ховдлоос гарсан үнэн үг болохоор үг нь нуршуу, утга нь баахан “гүнзгий” байсан ч ээжийн минь сэтгэлд сэтгэлээс минь шууд хүрнэ. Та минь энэ өдөр малчин хүн тэмдэглэх сөхөөгүй нөгөө “Мартын 8”-нд очсон хотын хүүхнүүдтэй ч зүйрлэхээргүй баяр хөөрт умбана. Хүүгийнхээн захидлыг үдшийн намуунд, хонь мал айвуу хивж налайх халуун хотондоон, одод мяралзсан тунгалаг тэнгэрийнхээн дор нэг зав гаргаж ээ байгаад тухлан унших нь гарцаагүй.
Жирийн ээж таны минь эгэл амьдрал, монгол хүний, монголын сайхан ижий нарын нийтлэг агаад утга баялаг төрх нь юм шүү дээ. Тан шиг жирийн сайхан ээжийн хүүхдүүд л хилээн манаж, эрдмийн ганзгаан зузаалан, сансарт нисэж, сүлд дууллаан эгшиглүүлж, төрийн сайд, улсын ерөнхийлөгчид хүрсэн байдаг аа.
Тиймээс хүү нь танаараан насад бахархана. Ухааны тань гүнийг улам улам богцлохыг бодож, нэр төрийг тань мөрөн дээрээн санаж явдаг билээ.
Үдэш орой болж, захиа маань ч сунжирлаа. Малчин хүнд амрах өдөр, “маартлах” өдөр гэж байдаггүйтэй адилхан унтаж амрах цаг ч барагтайхан буюу. Тиймээс урт захиа маань таны амрах цагаас хороож байх шиг байна.
Шөнө дүл, шүлэг нойрын цагаар гадаа нялх төлийн дуу чясхийвэл ээж минь бас л үрсээн хайрлах сэтгэлийнхээн зөөлнөөр сэрвэлзэж, босч гадаалан, хавирга нэвт хаврын жавраас нөмөр нөөлөг бараадуулна. Өглөө эрт босч амлуулахгүй бол ээжийн нь ангир уураг дэлэндээн хатуурчихна. Ингэж ээж хүн, малчин хүн буянт малаан хүн шиг, хүүхэд шигээн хайрлаж, өсгөн үржүүлдэг юм. Таргийн тавтай, борвийн богтой нь тэр хэдийгээн цөөн гэж чамлахгүй бөөцийлж гэмээнэ, нүүдэлчин монголын сүрэг өсөж, нүнжиг буян арвиждаг ажгуу.
За ингээд захидал минь өндөрлөж байна. Түрүүн би нутгийнхаан хаврыг баахан “муулчихсан” бол ээж минь Та уучлаарай. За, миний энэ “уучлаарай” ч дуусахгүй нь дээ янз нь. Хаварт би дургүй биш юм байна. Харин малчин ээжид минь илүү зүдэргээтэй байдгаас л ижийгээн өрөвдөхийн мөрт тийн хэлжээ. Түүнээс биш, хавар гэдэг ижий хүү хоёрт жаргалын зуныг нь аргадан айлшуулан авчирдаг урин, урилган, уриалгахан улирал бас мөн юм шүү дээ. Тиймээс хаварт би дургүй хүн биш байна.
Хаврын хойно зун ирнэ. Зуны зунд би амралтаан авна. Амралтаан авуут нутгаан зорино. Ижий тандаан, хөлөөн олж тэнцсэн, хөрвөөсөн нутгаа үгүйлж гүйсэн хүлэг мэт хүрээд л очно.
Газрын хязгаарт, гар утас ч үгүй юу ч үгүй, атар сэрмүүн нутагт хүний хүү ээждээн буй биеэрээн золгодоог. Тэр цагт хорвоогийн нэгэн жаргал ивлэж, хотын хүн надад, ээжийн хүү бидэнд сүлжээтэй байлаа ч “гар”-ны хэрэггүй болж, гар утас мэтэс ноёлсон төмөрлөг эринг түр ч болов мартагнадаг юм.
… Захиагаан уншаад сайхан амраарай, ээж ээ. Удахгүй уулзталаан түр баяртай.
Надтай хамт ижийдээн захидал бичиж, ижийгээн цуг хайрлан мэдэрч, ижий бидний сэтгэлийн үл давтагдах ертөнцөөр хамтдаан аялсан уншигч Танд бас баярлалаа.
Хүү Б. Элбэгзаяагаас чинь. /МОНЦАМЭ/
ОН ЖИЛҮҮДИЙН ЖИМЭЭР ҮРГЭЛЖ ХАМТДАА АЛХАХСАН
Ээжээ. Таныг хаашаа ч явсан дагаж уйлдаг жаахан шар охин чинь одоо ээж болчихоод өөрийг нь дагаж уйлдаг хүүхдүүдээ саатуулах гэж өглөө бүр сэрээдэг болсонд уучлаарай гэж энэхүү захиагаа эхэлье. Одоо л нэг жаргаая даа гэж онож хааяа бодовч сэтгэлийг тань чилээхээ үл ялигхан ч болов багасгаж амжаагүй л явна.
Ижийгээ санаж бэтгэрдэггүй хэн байх билээ. Гэхдээ л би бага байхдаа, гэрээс хол явахдаа таныгаа ямар их санадаг байсан гээч. Өвөө эмээгийндээ туслахаар очдог зуны амралтын гурван сарын турш ижийгээ зүүдлэн зүүдлэн, зүүдэндээ уйлан уйлан санадагсан. Намар болж гэртээ ирэх шиг, ээжтэйгээ уулзах шиг сайхан зүйл үгүй.
Цэвээн даргын цэмцгэр ганган охин бага сургуульд орсон балчир үеийн дурсамжийг, бага эмч болоод нутагтаа ирсэн 70-аад оны дурсамжийг, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, бэдэрч зүтгэн амьдарсан түүхийг нь, сумын яслиас гэрээ хүртэл жим гартал алхсан тэр он жилүүдийн бичээсийг нь тэртээ Алтайн уулс, Бигэрийн гол хадгалан суугаа. Одоо санчигандаа буурал хяруутай болчихоод, хааяахан аав, ээжийгээ, нутаг усаа дурсан нулимсаа барьж ядан суух тань миний бага насандаа аав, ээжийгээ, гэр орноо тийм их санадаг байсантай яаж зүйрлэх.
Тантай нэг өдөр уулзалгүй, утсаар ярилгүй өнжвөл тэр өдөр нэг юм дутуу хийсэн юм шиг, ямар нэгэн ажлаа мартсан юм шиг санагдаад сэтгэл нэг л эзгүйрчихдэг. Тэгсэн атлаа хажууд байхад ер анзаарахгүй, асуусан асуултанд нь алдаг оног хариулсан болчихоод зурагт ширтэн, эсвэл хүүхдүүдтэйгээ тоглон хэнэггүйтэхийг та анзаардаггүй. Анзаарсан ч ингэх л учиртай гэж уужуу боддог болохоор нь улам даварч “миний хүүхдэд ямар хоол хийж өгсөн бэ, хэдэн цагт салхилуулсан бэ, ханиалгаагүй биз” гэх мэтээр “шалгалт авна”. Мэдээж миний шалгалтанд ээж минь онц авах нь тодорхой. Тэгэх тусам нь давардаг тэнэглэлийг минь өршөөж, өөгшүүлж суудаг ижийтэйдээ сэтгэл амарлин явна.
Би таныг ажилдаа явсан ч, айлд орсон ч, ер хаашаа л явна хормойдон дагах дуртай жаал байсныг та ярих дуртай шүү дээ. Яагаад ч юм намайг орхиод хаа нэг тийш явж байгаа тань надад огтхон ч таалагддагүйсэн… Тийм болохоор эр чадлаараа хашгичин уйлж байгаад дийлж, их хэрэг бүтээсэн аятай додигорхон хамтдаа алхах минь ямар сайхан байдаг байсан гээч… Одоо харин тантайгаа он жилийн уртад, амьдралын их замд олон оныг үдэн хамтдаа бардамхан алхахсан, ээж ээ.
Ээж Ц.Жавзанжавтаа охин Г.Урантуяагаас /МОНЦАМЭ/
ХАТУУ ЗӨӨЛНИЙ ДЭНС
Би ээжийн дөрвөн охины хоёр дахь нь. Хамгийн их нойргүй хонуулж зовоож өсгөсөн нь намайг гэдэг. Хүн болсон цагаас хойш ээжийгээ хичнээн баярлуулж, хичнээн гомдоосноо сайн мэдэхгүй юм.
…Намайг анхны хүүгээ 1997 оны өвөл төрүүлэхэд аав ээж хоёр минь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хэдэн амьжиргааны малаа малладаг байлаа. Тухайн үед гар утас дөнгөж гарч байсан үе. Хүргэн ах, дүү охин хоёр минь хөдөө гэрлүү машинтай хэл хүргэхээр явлаа. Гэрт очоод аав ээж хоёрт намайг 4.200 жинтэй хүү гаргасан гэхэд ээж минь “Хүүтэй боллоо” гэж их баярласан гэдэг. Манай гэрийн анхны хүү болохоор тэр үү ээж ч хот руу явмаар санагдаж, аав ч дотроо бас бодсон л байх.
Би гэртээ хүүгээ хараад ах дүү хоёроо ээжийг дагуулаад ирэх байх гэж битүүхэндээ хараад сууж байтал аав ороод ирлээ. Надад ч ялгаа юу байхав дээ. Аав минь хүүг хараад баярлаж байгаа гэж жигтэйхэн. … Сүүлд би ээжээсээ та яагаад аавыг түрүүлж явуулсан юм бэ? гэхэд ээж минь “Аав нь надаас илүү хүүгээ харахыг хүссэн ч нуугаад гаргах биш, ээж нь явмаар байсан ч аавыг нь харахаар надаас илүү тэр агшныг хүлээсэн дээ гэж бодохоор сэтгэл өвдөөд аавыг нь явуулсан ” гэж байсан. Тэр үед л би ээжийнхээ уужуу сэтгэлтэй, ухааны тэвчээртэй, аавд өөрөөсөө илүү хайртайг нь мэдэрсэн юм.
Хүн болгон ээжийгээ ажилсаг хичээнгүй гэх байх. Миний ээж юу г ч гэсэн өөрөө оролдож хийх чин хүсэлтэй, өөрөө хичээж сурснаа хүнд зааж сургах зорилготой хичээнгүй зантай нэгэн. Ээж минь насаараа багшийн ажил хийж түмний олон хүүхдийг хүмүүжүүлсэн ачтан.
Миний ээжийг Зандарын Цэрэнчунт гэдэг. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул. ээжийн минь хатуу зөөлний дэнсийг зөв хослуулдаг ухаан нь одоо ч надад хэрэг болдог. Ээжийн ухаанд хүрэхгүй гологдох миний “тэнэг”-ийг гэж юү гэхэв.
зураг Сувдаагийн компютерийн дэсктоп дээр байгаа. Ээж З.Цэрэнчунт охин Ш.Тод-Одын хамт
С.Өлзиймаа /МОНЦАМЭ/
Энергийн тэнгэр ээж минь
“Шувууны дүрд хувилж яваад харцганд хөөгдсөн үрийнхээ амийг аврав” хэмээн Уулын эзэн савдаг хургачин охинд хэмжээлшгүй их талархсандаа өөрийн охины уянгалаг сайхан хоолойг авахыг ерөөгөөд солонго татуулан алга болсон тухай нэгэн домог байдаг. Түүнээс хойш тэр охин уул талаар цууриатуулан уянгалуулан дуулдаг болсон гэх “Эхийн бүүвэйн дуу” үүссэн тухай домог ч бий. Саяхан манай нэгэн нэртэй зохиолч “Дал гарсан ч би одоо, хааяа ч болов ээжээрээ бүүвэйлүүлмээр санагддаг” хэмээн шүүрс алдан бичсэнийг бас уншиж билээ. Ээж нь бүүвэйн дуу их аялж өгдөг байсан хүүхэд сонсгол маш сайтай болдог тухай ч судлаачид өгүүлдэг. Ингээд бодсон чинь би ч бас ээжийнхээ дуунд хамгийн их дуртай юм байна. Үнэхээр би ээжтэйгээ утсаар ч болов ярьж хөөрснийхөө дараа их тайвшрал, амгаланг мэдэрдгээ ухаарав.
Аав, ээжийн элбэг хайр, дулаан нөмрөөс анх гарч Улаанбаатар хотод оюутан болж ирснийхээ дараа ээжийгээ их санадагсан. Намайг гэсээр хөл мах, хөхүүрийн айраг, уут боорцог чирэн дааж ядсаар ирсэн ээжийгээ тосч авахдаа бөөн баяр болдог ч, хэд хоногийн дараа нь үдэн мордуулж бараа тасартал нь харж зогсохдоо ээжийгээ хачин их өрөвдөн хайрладаг байж билээ. Яг тэр үед “Сайн явж, ээжийгээ үнэхээр нэг баярлуулахсан” гэж өөртөө олонтоо шивнэдэгсэн. Үр хүүхэд бидэн эхийн ачийг цөм л дурсан санаж өргөж тээхсэн гэхээс нэг их хэтэрдэггүй нь үнэн. Гэхдээ ээжийнхээ даамай их хайранд умбаж өссөн бид есүүлээ өнгөтэй өөдтэй яваагаа ээжтэйгээ холбож, бүгд л сайн аав ээжийн буян гэдэг дээ.
Оюутан байхдаа Төв шуудан дээр жижүүрлэх шахан байж ээжтэйгээ утсаар ярьснаар хэдэн өдөр сэтгэл сэргэг болж, ажил төрөл, хичээл сурлага маань ч урамтай хөөрдөгсөн . Одоо бодоход ээжийнхээ дуунаас бүрэн энергижсэн шиг мэдрэмж төрдөг байж. Намуун тайвуу бүүвэйн дуунд нь тайвширч өссөн болохоор ээжийн минь дуу хоолойгоор дамжсан ухаан надад тэр их хүч энергийг одоо ч өгдөг.
Ээжийг минь Мядагийн Чимэдцэрэн гэдэг. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Гуч гаруй жил дунд сургуульд математикийн багшаар ажилласан, өрөөл бусдад бол цал буурал үстэй жирийн л нэгэн эмэгтэй харагддаг байх. Гэхдээ есөн хүүхдийнх нь хувьд маргах юмгүй эрхэм сайхан хүн. Ээж маань долоон хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн “тэнгэрлэг” эх. Долоон ахын маань нэг нь геологич бусад нь цэргийн хүмүүс буюу “дуунаас хурдан” цэргийн онгоцны нисгэгч, арын албаны дарга, тагнуулын төв газрын ажилтнууд. Отгон охин дүү маань бас геологич.
Багшийгаа магтаж дээдэлдэггүй шавь гэж ховор байх л даа. Гэхдээ ээжийг минь Монголын математикийн багш нарын анхны олимпиадад түрүүг нь авч байсан нэгэн шавь нь “Миний багш шиг хүн ховор шүү. Жинхэнэ багш гэвэл М.Чимэдцэрэн багшийгаа л гэнэ” гэж нэр төртэй олон багш нарын өмнө жишээ татаж байж билээ. Ээж маань ч тэр шавиараа их бахархдаг. Нэгээс хоёр жилийн зайтай төрсөн ах нарыг минь төрүүлэх үедээ ээж маань сумын сургуульд багшлан “Түмний хүүхдийн хичээл тасарна” гэж “хэнхэглэн” амралтаа авч чадалгүй явсаар өглөө нь хичээлээ заагаад орой нь амаржсан гэдэг. Төрчихөөд мөн л хэдхэн хоноод л ажилдаа орж, жижүүр багшийн ээлж таарвал харуй бүрийгээр босч, дотуур байрны хүүхдүүдийг босгож хоолонд нь оруулчихаад эргэж гүйж хүүхдээ хөхүүлэн, мөн л хичээлдээ буцаад яаран гүйдэг сэн гээд л эмээ маань ээжийн тухай ярьдагсан. Мөн сумын эмэгтэйчүүдэд лекц, сонсгол хийх гээд ээжид маань ажил мунддаггүй байсан гэдэг.
Ээжийн минь үс харьцангуй эрт цал буурал болсон юм. Дүү бид хоёр ээжийнхээ үсийг будуулах гэж их ятганаа. Харин шавь нар, хамт ажиллаж байсан залуу багш нар нь “Ямар гоё юм бэ багш аа, ингэж жигд сайхан бууралтдаг хүн ховор шүү” хэмээн гайхаж магтахыг нь сонссоноос хойш дахиж үсчин рүү муу ээжийгээ шавдуулж гүйхээ больсон доо.
Ээж маань ном их уншина, кино үзэх их дуртай. Үзсэн кино болон уншсан зохиолуудаа их сайхан ярьж өгдөг хэмээн хичээл заадаг ангийн сурагчид нь надад сонин болгон ярих. Математикийн багш байж уран зохиолын багш шиг зохиолын үйл явдлыг нүдэнд ургатал дүрслэн ярьдаг хэмээн олон хүүхэд магтана.
Ээж маань өөрөө номыг ёстой инээж, уйлж уншина. Түүнийг нь аав маань хараад дооглон инээж суудагсан. Ер нь ээжийг эмнэлэгт хэвтэх, хөдөө гадаа ажлаар явсан хойно хүйт даан, нам гүмхэн байсан гэр маань ээжийг ирсэн өдөр гэрэлтэн гийж, дуу шуу инээдэм наадам болно. Хэд хоног дуу муутай байсан аав минь хүртэл дуу орчихсон инээж наргиж суудагсан.
Үнэхээрийн хайртай ижий минь та, зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд зүгээр л дэргэд минь байж урт наслаарай.хайрлаарай.
Ээж М.Чимэдцэрэндээ охин Хандмаагаас /МОНЦАМЭ/
ЭЭЖДЭЭ ОЧООД ЗОЛГОНО ДОО
Дуу хуурын нутаг Дундговьдоо уртын дуугаа аялангаа уран эсгүүрээ хийж суугаа ээж минь тандаа урин зуны гурван сардаа очоод золгоно доо. Луу жилийн цагаан сар сайхан гарсан болохоор манай Дундговийн зун сайхан болох байх. Тэжр үед нүүдлийн шувуутай уралдан таньдаа очиж золгоно доо.
Одоо ээж минь жаахан амсхийж суугаа бол уу? Цагаан сар дөхөхөөр ээжээр минь дээлээ оёулж гоёх гэсэн сумын төвийнхөн шавчихсан суудагсан. Энэ жил хэдэн хүний дээл хийж гоёулан гангаруулаа бол, ээж ээ? Сэтгүүлч ахыгаа ээжийн нэрийг асуухад “Сосорбарамын Гантуяа” гэж анх удаа хэлж, тэгээд ээжийнхээ тухай бичих гээд суухаар сайхан үг олдохгүй зовж суутал хажуугаас “Зүгээр л ээжийгээ байгаагаар нь биччих. Гоё ганган үг хэрэггүй. Ээжийн чинь хэлж ярих үг бүхэн гоё сайхан байдаг юм” гэж мөнөөх ах үг нэмэрлэлээ.
Нээрэн ээж минь зүгээр л байгаагаараа сайхан. Ээж минь сумынхаа хувийн үйлдвэрт ажил хийдэг. Аавыг, дүү нарыг минь цай хоолоор таслахгүй, бас завсар чөлөө бүхэндээ учиг таслахгүй оёдол хийдэг нь нүдэнд үзэгдэнэ. Дундговийн Говь-Угтаал сумын ээжүүд, бүсгүйчүүд бүгдээрээ уран. Бас найр наадамд дуутай хууртай. Тава нхүүхдээ хувцаслаж, хооллож, түрүүчээс нь хүний хүн болгохт гээд аав, ээж минь завгүй л ажиллаж амьдарч байна. Та хоёртоо чадах ядахаараа тус дэм болох гээд охин чинь Улаанбаатарт бас л цагтай уралдан явна. Мний хамт ажиллдаг МОНЦАМЭ агентлагийн ах эгч нар их сайха нхүмүүс байдаг юм. Саяхан хамт олноороо золгон шинэлж их сайхан байлаа. Одоо сэтгүүлч ах эгч нар маань ээжийн тухай сайхан нийтэл бичиж, би түүнийг сониндоо гоё сайхан гаргах гээд хичээж сууна. Ээж таныхаа зургийг эрж хайж гайгүй зура голох гээд би бас хэрдээ хичээж үзлээ. Ээжийнхээ зурагтай сониныг та нартаа явуулна гэхээр дотроо их баяртай, битүү “гижиг” хүрч байна. Ээж ээ, би таньдаа удахгүй очиж золгоно. Таныхаа хэлдэг үг сургаалыг өдөр бүр маань мэгзэм мэт бодож залбирч явдаг шүү. Ээжийн сургаал эрдэнэ гэж ямар үнэн бэ? Таны цайны амттайг юу гэхэв. Очоод цайг чинь уухсан. Царайг чинь санаж, цайг чинь ч үгүйлж явна. Ээжээ, эрүүл энх байж, өвдөлгүй байгаарай. Та өөрийгөө мартчихдаг шүү. Биеэ бодоорой ээж ээ.
Галбадрах /МОНЦАМЭ/
ЭЭЖ МИНЬ ТА МИНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ
Сайн байна уу, ээж ээ! Санаашрах, ганцаардах бүрийд ямагт Та минь л бодогддог. Сайхан бүхний гэгээн үлгэрлэл ижий бурхан та, хайр энэрлийн дагина, хорвоог гийгүүлэгч нарнаас илчтэй ачтан билээ. Эрх танхи охиноо өдий зэрэгт хүргэж, их сургууль төгсгөж өгчихөөд ажилтай болгож өгөх гээд үрчлээгээ нэмж, нойроо үргээж яваад чинь хичнээн их баярладаг гээч Алхам ч алдаа гаргуулахгүй гээд аашилж загнах чинь “Сүүтэй тарни” байдаг. Үглэх ганц үг чинь оюун тархинд “Сүхтэй сургаал” болж буудаг, ээж минь. Энхрийлж хайрласан өдрүүдийн чинь тоогоор эндэх алдах бүхнээ засч, сургасан үг бүхний чинь дагаж мөрдөж явья ээж минь. Бүүвэйлж аргадсан мөч бүхэн чинь бүдэрч унахаас хамгаалдаг бол, үглэж сургасан үг болгон чинь өдөр бүр түшиг болж байдгийг өнөөдөр л мэдэрлээ, ээж ээ. Охиноо гэсэн халуун сэтгэлийг чинь хөргөхгүй ээ. Өглөө бүр эрт босч таньдаа сүүтэй цай чанаж өгье. Өндөр Алтайнхаа оргил руу сүү өргөж, таньдаа урт наслахын авшгийг гуйя.
Хүний энэ орчлонгийн бурхан шиг шүтээн
Хүмүүн болсон наддаа буян хишгийн далай
Эжий минь таны сэтгэл тэнгэрийн өнгөнөөс ч цэлмэг
Эрүүл энх амьдралын түлхүүрийг таньдаа атгуулах миний тус шүү, ээж минь.
Миний ээж Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Айлын зургаан хүүгийн дунд сүү мэт төрсөн цорын ганц хайлан, амин ганц охин нь. Инээд алдсан төрх, торомгор алаг хар нүдтэй таныг минь сум, аймгаараа сайхан дуулдаг гэж магтдаг. Тиймдээ ч та Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэсэн төгөлдөр сайхан цол, чимэгтэй. Аавын минь сайхан хань. Миний аав Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртсэн нь холын тээвэрт гундаагүй, хоногийн цайгаар өлдөөгүй, уранхай цоорхой хувцас өмсөөгүй, улс орныхоо дунд ядраагүйн ач нь таных.
Эхээс би хоёулахнаа айлын бага нь ах минь надаас 18 насаар ах хэрнээ аав ээжээс минь илүүтэй намайг хайрладаг. Ах миньтаны хүний төлөө гэсэн сайхан сэтгэл үнэнч шудрага занг дуурайсан нь тэр биз ээ. Өнөөдөр ах маань гурван сайхан үртэй, ганц охин дүүдээ хань болгож өсгөж хүмүүжүүлсэн. Аав, ах, бид гурвыг юугаар ч дутаагаагүй ижий таныгаа би юугаар ч бас дутаахгүй юмсан даа.
Ээж таньдаа үнсүүлээд гэрээсээ гархад тэр өдрийн ажил үйлс минь өөдрөг, бүтэмжтэй байдаг. Таны сэтгэл замын минь чулууг түүж, залуу насны алдааг минь зөөллөж байгаа гэдэгт би итгэдэг. Би тань шигээ дуучин болж төрөөгүй ч дууны шүлэг бичдэг болохсон гэж их хүсдэг.
Ээж минь та миний мэдэхгүйг мэдүүлж, улам ихийг мэдүүлэхийг чармайдаг. Олны дунд охин үрээ ганцаардуулахгүй гэсэндээ, Алдуулахгүй гэсэндээ тэр. Бага наснаас минь эхлээд та минь миний нэвтэрхий толь байсан. Цаашид ч миний нэвтэрхий толь байсаар байх болно.
Хамгаас хайртай ээждээ хайртай шүү.
Хайрт ээж Л. Даш-Өлзийдээ охин Б. Баярцэцэгээс чинь.
2012.03.01