Дуучин, хөгжимчин, жүжигчин, дуу зохиогч, продюсер Фил Коллинз, “Iron Maiden”, “Oasis” хамтлаг, “Wu Tang” бүлэг нар 2026 онд Рок-н-роллын алдрын танхимд залагдах уран бүтээлчдийн жагсаалтад багтсан тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ. Жагсаалтыг даваа гарагийн үдэш “American Idol” телевизийн шоуг шууд дамжуулах үеэр зарласан байна.
Эцсийн жагсаалтад анхны арилжааны бичлэг нь дор хаяж 25 жилийн өмнө гарсан уран бүтээлчид багтсан ба нэр дэвшигчдийг 1200 гаруй уран бүтээлч, хөгжмийн түүхч, салбарын төлөөлөгчдийн саналаар шалгаруулжээ.


Фил Коллинз өмнө нь “Genesis” хамтлагийн гишүүний хувиар Алдрын танхимд багтаж байсан бол энэ удаад бие даасан уран бүтээлчийн хувиар анх нэр дэвшсэн жилдээ шууд шалгарсан байна. Мөн өмнө нь хоёр удаа нэр дэвшиж байсан “Iron Maiden” хамтлаг, анх удаа нэр дэвшсэн “Wu-Tang” бүлэг, соул-жазз дуучин Sade, түүнчлэн цомог 25 сая гаруй хувиар борлогдсон Лютер Вандросс нар жагсаалтад оржээ.









































