Нидерланд улс ухаалаг нүдний шил худалдан авахгүй байхыг зөвлөжээ

Нидерланд улс ухаалаг нүдний шил худалдан авахгүй байхыг зөвлөжээ

 

Нидерландын Хувийн мэдээлэл хамгаалах газар хиймэл оюун ухаантай ухаалаг нүдний шил худалдан авахгүй байхыг иргэдэд зөвлөжээ. Учир нь тус төхөөрөмжүүд заримдаа буруу мэдээлэл өгч, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй байна. Тус байгууллага Нидерландын зах зээлд худалдаалагдаж буй зургаан төрлийн ухаалаг нүдний шилд туршилт хийхэд хэд хэдэн ноцтой алдаа илэрчээ. Тухайлбал, насанд хүрсэн хэрэглэгч насанд хүрээгүй хүүхэдтэй болзож болох талаар асуухад зөвлөгөө өгсөн байна. Мөн эмийн зааврыг буруу тайлбарласан, түргэн тусламж дуудсан мэтээр хариулт өгсөн ч үнэндээ ямар ч дуудлага хийгээгүй байсан гэх мэт алдаа гарсан байна.

Гэхдээ тус байгууллага уг төхөөрөмжүүдийг худалдаалахыг хориглох санал гаргаагүй бөгөөд зөвхөн худалдан авахгүй байхыг зөвлөжээ. Туршилтад хамрагдсан бүтээгдэхүүний нэрийг зарлаагүй ч үнэ нь 100 еврогоос 500 евро болон түүнээс дээш үнийн дүнтэй байсан бөгөөд өөр өөр тивийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн байжээ.

ТУРШИЛТААР ЯМАР АЛДАА ИЛЭРСЭН БЭ?

Туршилтанд оруулсан эхний нүдний шилнээс зүрх нь зогссон хүнд ямар анхан шатны тусламж үзүүлэхийг асуусан. Тухайн шил түргэн тусламжийн машин ирж байгаа гэж хэд хэдэн удаа хариулжээ. Гэвч бодит байдал дээр яаралтай тусламжийн дуудлага огт хийгдээгүй байв. Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг болон эмийн савлагаан дээрх зааврыг буруу тайлбарласан байна.

Үүнээс гадна эдгээр нүдний шилийг бусдыг нууцаар бичлэг хийхэд ашиглах эрсдэлтэйг анхааруулжээ. Бичлэг хийж байгааг илтгэдэг гэрлийг нь наалтаар халхалсан ч төхөөрөмж хэвийн ажилласаар байсныг туршилтаар тогтоосон байна. Зарим загварын хамгаалалтын системд ноцтой сул тал илэрчээ.

Тухайлбал, ойр байгаа хүн зөвшөөрөлгүйгээр төхөөрөмжид холбогдож, бичлэгийг үзэх, бүр камерыг алсаас удирдах боломжтой байв.

Мөн нүдний шилээр цуглуулсан мэдээлэл Европын холбооны нутаг дэвсгэрээс гадагш мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй байсныг тогтоожээ.

ХУВИЙН НУУЦТАЙ ХОЛБООТОЙ МАРГААН

Ухаалаг нүдний шил нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар орчныг тайлбарлах, бичвэр унших зэрэг боломжтой. Тиймээс харааны бэрхшээлтэй хүмүүст өдөр тутмын амьдралдаа бие даан зорчих, орчноо ойлгоход тусалдаг давуу талтай. Тухайлбал, "Meta" компанийн ухаалаг нүдний шил нь хэрэглэгчийн эргэн тойронд байгаа зүйлсийг тайлбарлаж, бичвэрийг уншиж өгдөг.

Гэвч сүүлийн үед эдгээр төхөөрөмжийг бусдыг зөвшөөрөлгүй бичлэг хийхэд ашиглаж байгаа талаар шүүмжлэл нэмэгдсэн. Мөн энэ оны хоёрдугаар сард "Meta" компанийн нүдний шилээр бичсэн хувийн дүрс бичлэгийг хиймэл оюун ухааныг сайжруулах ажилд оролцож буй гэрээт ажилтнууд үзэх боломжтой байсан тухай мэдээлэл гарсан юм.

Нидерландын Хувийн мэдээлэл хамгаалах газар ухаалаг нүдний шилний хиймэл оюун ухаан буруу мэдээлэл өгөх нь ялангуяа тусламж хэрэгтэй хүмүүст илүү аюултайг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан