Эльва Польшийн жижиг хотод эрэгтэй хүйстэй төрсөн бөгөөд олон жилийн турш өөрийн гадаад төрхдөө сэтгэл дундуур явжээ. Тэрээр хэдэн жилийн өмнөөс хар захын гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авч туршиж эхэлсэн байна. Эхэндээ нүүрний өөх хайлуулах зориулалттай тариаг долоо хоногт хоёр удаа өөртөө хийдэг байсан бөгөөд үүний улмаас нүүр нь хэт туранхай болжээ.
Үүний дараа тэр нүүрнийхээ хэлбэрийг “нөхөх” зорилгоор интернетээс худалдаж авсан тарилгын силикон болон липолизийн бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн байна.
Гэвч баталгаагүй бүтээгдэхүүнийг өндөр хэмжээгээр хэрэглэж, мэргэжлийн мэдлэггүйгээр нүүрэндээ тарьсан нь ноцтой үр дагаварт хүргэсэн байна. Одоо түүний нүүр бүхэлдээ хавдаж, сорвижсон бөгөөд нүд нь хүртэл бараг аниастай мэт харагдах болжээ.
Гоо заслын эмч доктор Марек Василукын хэлснээр Эльвагийн хэрэглэсэн бүтээгдэхүүнүүд нь ямар ч баталгаагүй аж.
Эльва өөрийн төрхөөс болж хүмүүсийн гайхсан харц, таагүй сэтгэгдэлтэй өдөр бүр тулгардаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүний ээж хүртэл охиныхоо эрүүл мэндэд санаа зовдог ч Эльва өөрийн асуудлыг “зөвхөн гоо сайхны асуудал” хэмээн тайлбарласаар байгаа аж.
Сэтгэлзүйч Паулина Межейевскагийн үзэж байгаагаар Эльва “биеийн дүр төрхийн эмгэг” буюу body dysmorphia гэх ноцтой сэтгэлзүйн асуудалтай байж болзошгүй гэнэ. Энэ нь хүн өөрийн төрхөндөө хэт дургүй болж, бодит бус төгс дүр төрхөд хүрэхийн тулд эрсдэл үл харгалзан туйлширдаг эмгэг юм.
Эмч нарын үзэж байгаагаар Эльва хэвийн төрх, эрүүл мэндээ сэргээхэд маш урт хугацааны эмчилгээ шаардлагатай бөгөөд бүрэн эдгэрэх боломж байгаа эсэх нь ч тодорхойгүй байна. Эхний ээлжид түүнд сэтгэлзүйн зөвлөгөө болон MRI шинжилгээ шаардлагатай аж.
Энэхүү хэрэг Польш улсад “хар захын” гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, өөрсдөө тарилга хийх үзэгдэл хэр аюултай талаар томоохон маргаан өрнүүлэхэд хүргээд байна.
https://www.caak.mn/post/view/43948











































