Алдарт Christian Dior-н ахлах загвар зохион бүтээгч, загварын ертөнцийн хүндэт эрхэм болох John Galliano 1960 онд Гибралтар улсад мэндэлжээ. Гибралтар аавтай Испани ээжтэй тэрээр 1966 онд Лондон хот руу гэр бүлийн хамт нүүн суурьшсан байна.
Түүний авьяас эртнээс танигдаж олны анхааралд өртсөн гэдэг. 24 насандаа Saint Martin-ий урлагийн сургуулийн төгсөлтөөр өөрийн загвараа олонд толилуулсан нь өндөр үнэлгээ авч ихэд сайшаагдаж байжээ. Ингээд л түүний хүчирхэг, шинэлэг загварын цуглуулгууд ар араасаа цувран гарч эхэлсэн юм.
Анхны цуглуулгаараа л олны таашаалд хүрч, Лондонгийн дэлгүүрүүдээр түүний загварууд худалдаалагдах боллоо. Энэхүү амжилтынхаа дараа тэрээр өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргахаар Лондонд студи түрээсэлсэн нь төдийлэн амжилттай болсонгүй. 1989 онд Galliano Парисын загварын долоо хоногоор өөрийн загвараа танилцуулсан байна.
Харин 1991 онд Galliano Парис хотыг зорьсон явдал бол түүний өнөөдрийн их амжилтын үүд хаалгыг нээсэн гэж хэлж болно. Улмаар 1995-1996 онуудад тэрээр Givenchy брэндийн эмэгтэй бэлэн хувцас загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлсэн юм.
Үүний зэрэгцээ Galliano-гийн өөрийн нэрийн бүтээлүүд улам бүр хүчирхэг, шинэлэг гоёмсог болж байлаа. Харин 1997 оноос Galliano та бидний сайн мэдэх Christian Dior брэндийн шинэхэн дизайнераар ажиллаж эхэлсэн билээ. Christian Dior-ийн загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлснээс хойш даруй 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Galliano Dior-ийн нэрийн өмнөөс загваруудаа гаргахын зэрэгцээ өөрийн нэрийн цуглуулгуудаа ч гаргасаар байна. Ижил хүйстэн загвар зохион бүтээгч тэрээр өөрийн загвартаа өвөрмөц содон өнгө төрхийг шингээж чаддагаараа ихээхэн алдартай бөгөөд өнөө цагийн дэлхийн загварын ертөнцийн нөлөө бүхий хүн юм.