Эртний монгол хатад болоод орчин цагийн монгол эмэгтэйчүүдийн хөргийг уран бүтээлдээ мөнхөлж үлдээсэн гадаадын зураачид мэр сэр байх ажээ.
Тэгэхдээ мэр сэр гэдэг нь олж цуглуулсан материалтай маань л холбоотой болохоос бус гадаадын зураачдын нүдэнд өртөж уран зурагт тусгалаа олсон монгол хүүхнүүд энд тэнд олноороо байгаа нь ойлгомжтой. Манай хатад эмс гадаадын зураачдын нүдэнд өртсөн хамгийн эртний уран зургийн дурсгал гэвэл Түмэдийн Алтан хаанаас Мин улсын хаанд явуулсан захидалын хавсралт зураг бөгөөд уг зурагт Түмэд нутгаас Бээжин орох замд тохиолдох хот орон, хэрэм гүүрийг урлахын сацуу Алтан хаан, түүний үзэсгэлэнт хатад эмсийг дүрслэн үзүүлсэн бүтээл юм. Энэхүү эртний зураг өдгөө Бээжин хотын номын санд хадгалагдаж байна. Гэхдээ зарим судлаач нар уг зургийг монгол зураач зурсан гэж үздэг юм байна. Үүнээс бүр өмнөх түүх сөхье гэвээс эдүгээ Тайваны нийслэл Тайпей хотын Үндэсний ордон музейн сан хөмрөгт хадгалагдан байгаа Юань улсын үеийн хаад, хатдын хөрөг зургийг дурдах хэрэг гарна.
Жишээ нь Хубилай хааны хатан Хаби, Шүнзун хааны хатан Таж, Үзун хааны хатан Сэнгэ гэх мэт арван таван хатны хөргийг торгон дээр урласан байдаг билээ. Уг хөргүүдэд дүн шинжилгээ хийсэн судлаачийн үгийг толилуулваас: “Эртний монгол хатдын хөрөг дээр хамгийн их анхаарал татаж буй нийтлэг зүйл бол бүгдийнх нь хөмсгийг ижилхэн хөндлөн зураасаар дүрсэлсэн, мөн бүгдээрээ эртний монгол хатдын бортгон малгай өмссөн байгаа явдал.
Малгай нь ихэвчлэн улаан өнгөтэй бөгөөд хоёр хэсгээс бүрдсэн байна. Оройн хэсгийн их биеийг гол төлөв хулсны ширхэг, хусны үйс, бургасны мөчрөөр зангидаж хийх ба доошлох тусам нарийсч юүлүүр хэлбэртэй болно. Мөн нүүрэн талыг нь уран гоё хатгамал, гялгар саагаар гоёсон байдаг. Хубилай хааны хатны малгайн дээрхи хээ нь монголчуудын үндэсний бэлгэдэл болох гүйлсний цэцгийг санагдуулна. Хатдын цээж¬ний өмсгөлийн байдлаас харвал бүгд өргөн ханцуйтай урт дээл өмссөн бололтой байна. Дээлийн захыг гурван янзын нэхмэл туузаар гоёмсоглуулан эмжиж гадна талын хамгийн өргөн эмжээрийг алт, мөнгөн саагаар урлажээ. Дотор талын нарийвтар хоёр эмжээр нь Юань улсын үед ихэд дээгүүр үнэлэгддэг байсан “нашиши” аргаар нэхсэн улаан, хар хээтэй алтлаг өнгийн бөс юм. Жинхэнэ алтан утсаар нэхдэг энэ арга нь Дундад Азиас гаралтай бөгөөд монголчууд Ази тивийн энэ хэсгийг эзэлсний дараагаар гар урчууд түүнийг Даду (Бээжин) дахь хааны ордонд нэвтрүүлжээ…” гэж өгүүлсэн байх аж. Эртний монгол хатдын бортгон малгай нь Чингис хааны эзэнт гүрний үед язгууртан монгол эмэгтэйчүүдийн хамгийн эрхэм нандин гоёл байжээ. Манай хатдыг ийнхүү төгс сайхнаар урлаж өнөөгийн бидний нүдийг баясгасан зураачид хэн байв гэвэл Юань гүрний ордны зураач Балбаас гаралтай Анигаа хэмээгч ажээ. Мөн Ли Сяао-Ян хэмээх хятад зураачийн нэр сонсогддог. Монгол хатны зургийг уран зурагт мөнхөлж үлдээсэн гадаадын өөр нэг зураач гэвэл Нобелийн шагналд нэр дэвшиж байсан алдарт зураач Николай Рерих юм. Октябрын хувьсгалын дараа Оросоос дүрвэж Америк руу гарсан герман гаралтай энэ зураач 1920-иод оны сүүл үед Ази тивд хийсэн экспедицийнхээ үеэр Монгол нутгаар зорчихдоо байгаль, түүхийн сэдэвтэй олон арван зураг зуржээ.
Үүний дотор морь унасан монгол хатны зураг ч байх аж. Мөн Оросын зураач М.Я.Будкеев 18-р зууны үеийн монгол хатны хөргийг тун ч тод томруун дүрсэлжээ. Түүнчлэн Өвөр Монголын зураач Шун Мэн Хо эртний монгол хатад, баатар эрсийг яг л фото зураг лугаа урласан бол 500 гаруй эмэгтэйн хөрөг зургийг бүтээсэн Хятадын зураач Хуе Мо хэмээх эмэгтэй эртний монгол, буриад хатад болон орчин цагийн монгол хүүхнүүдийг нүдэнд бодитойгоор харагдах мэт дүрсэлсэн байх аж. Mou-Sien Tseng хэмээх гадаадын нэгэн зураач Монголыг маань ихэд тоож, зөвхөн монгол зургаар “амьсгалж”, эртний монголчуудын аж амьдрал, баатар жанжид, хатад эмсийн олон арван зургийг усан будгаар урлаж, үүгээрээ гадаадад үзэсгэлэн гаргасан байх жишээтэй. Гадны нэг зураач монголчуудыг ийнхүү дэлхийд таниулж буй нь бахархууштай. За тэгээд, Дундад Азид By.Gambargin хэмээх нэрээр алдаршаад буй нэгэн зураач дайн тулаан удирдаж буй эртний хатад, гүнж нарын цуврал зураг урласан нь аргагүй л нүдэнд тусч байх шиг. Учир нь ихэнх зураачид хатад эмсийг голдуу гоё ганган хувцастай, хаан эзэд, баатар жанжидынхаа түшиг тулгуур маягтай дүрсэлдэг. Харин энэ зураачийн хатад эмс болбоос зэр зэвсэг агссан, гартаа сэлэм атгасан, нум сум харвасан, бусдыг удирдаж буй жанжин лугаа дайнч байдлаараа эрс ялгарч байгаа юм. Сүүлийн үед Халимагийн зураач Галина Котинова хэмээх эмэгтэй монгол хатдын цуврал зургуудаараа Дундад Азид ихэд алдаршаад байгаа юм байна. Түүний урлан бүтээсэн монгол хатдын хөрөг зургууд үнэхээр нүд, сэтгэл булаамаар юмаа. Сэтгүүлч, судлаач Ж.Нарангарав Галина Котиновагийн цуврал зургуудын өмнөтгөлд өгүүлэхдээ “…Хөнгөн гуниг төрүүлж хаврыг санагдуулам бүгэг хөх дэвсгэрийн энд тэнд хаа нэгтээ сөдлөг шаргал навчис, цэнхэр цэцэг байх.
Хөвд шаргал хөрстийг голлуулан гурван Монгол хатан хуучир хөгжим эгшиглүүлэн байх нь магадгүй улирлын сайхныг, Монголын хязгааргүй тал нутгийг магтан дуулсан аялгуу ч урсгаж байгаа мэт санагдана. Хатдын малгай, өмссөн зүүсэн бүхнийг ажвал яалт ч үгүй Монгол гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Залуу нас, гоо үзэсгэлэнт гурван хатны өмссөн малгай, дээлийн өнгө час улаан намуу цэцгийн өнгөтэй. Үүн дээр малгайн орой дээр хатгасан цэцэг, монгол хэв маягийн ээмэг тэргүүтэн чимж өгчээ. Мансууруулагч намуу цэцгийн өнгө нь Монгол хатдын гоо үзэсгэлэнг харсан хэн ч “мансуурмаар сайхан” гэх далд утгыг илэрхийлээ биз ээ гэж бодогдмоор. Хаа холын Халимаг, Казакстан цустай гэр бүлийн “төрүүлсэн” Монгол хатдын бүтээлүүдийн гол онцлог таних тэмдэг нь Монгол эхнэрийн толгойн боолт. Үүнийг нь хараад өөрийн эрхгүй “Монгол хатдын зураг ” хэмээн уулга алдмаар сэтгэлд нэг л дотно. Элэг урсана гэж тэр биз ээ. Халимагууд туурга нэгт ахан дүүс, амраг саднаа санахаараа “Элэг урслаа” гэж хэлдэг аж. Тиймдээ ч туурга тусгаар Монгол улсын түүхийг товчоолон Монгол хатад, Монгол баатрын зургийг бийр зотон нийлүүлэн зурдаг байх гэх бодол өөрийн эрхгүй төрлөө…” хэмээжээ.
Энэ мэтээр монгол туургатан, монгол цустай Дундад Азийн бага ястанууд монгол хатад, баатар жанжидаа зурж мөнхлөн ёстой л “элэг нь урсаж” Монгол руугаа тэмүүлж байна бус уу. Үүн лүгээ Европын алдартай сүм хийдүүдийг чимэглэж нэрд гарсан, Герман, Итали, Францын алдарт зураач, монгол цустай Федор Халимаг нэгэнтээ “Намайг харь нутагт шингэчихлээ гэж миний төлөө хэзээ ч, хэн ч бүү гашууд.
Би Монгол нутаг, бурхадынхаа зүг нүүж явна аа” гэж дуу алдаж байсан түүхтэй. 1970-аад оны үед бүтээгдсэн Зөвлөлт Холбоот Улсын төрийн шагналт, зураач Александр Лопуховын “Улиастайн бүсгүй” хэмээх зургийг олж үзлээ. Мөнхүү зургийн эзэн бол Дуурийн театрын анхны контрбассч Очирбатын Ичинхорлоо юм. Тэрбээр 15-хан насандаа урлагийн ертөнцөд хөл тавьжээ. Их хуурийн аялгуут утсыг хөндөж ядан байсан тэр бяцхан охины цээжинд урлаг руу тэмүүлсэн их хүслэн хуралдан байж, хожмоо дуурийн урлагт өөрийн гэсэн цээл яруу хоолой, гайхамшигт дуунуудаараа нэгэн гэрэлт мөр болон үлджээ. Тэртээ жараад онд 16-хан настай жаахан охин Болгар улсын хөгжмийн дээд сургуульд дуулаачийн мэргэжлээр суралцаж эхэлсэн нь Монгол улсад дуурийн театр байгуулагдахаар анхныхаа боловсон хүчнийг бэлтгэж байсны гэрч юм. 1971 онд зураач Александр Лопухов Монголд айлчилжээ. Тэр үед тухайн үеийн сайхан бүсгүй, сайн дуучин Ичинхорлоо алдарт зураач Лопуховын нүдэнд өөрийн эрхгүй туссанаар мань зураачийг бийр янтай шүүрч авахад хүргэсэн байна. Тэрхүү зураг нь хожим “Улиастайн бүсгүй” нэртэйгээр Оросын “Үүрийн туяа” сэтгүүлд нийтлэгджээ.
Хамгийн гайхалтай нь Ичинхорлоо Завхан аймгийн хүн бөгөөд үүнийг нь тухайн үед огт мэдээгүй зураач Лопухов түүний хөргийг “Улиастайн бүсгүй” гэж нэрэлэсэн байгаа юм. Ийнхүү Оросын алдарт зураачийн зурсан монгол бүсгүйн нэгэн хөрөг далаад оны үед хилийн чанадад олны танил болж байсан сайхан түүх бас байх юм. Сүүлийн үед манай олны танил хүүхнүүдийг гадаадын зарим зураачид бүтээлдээ мөнхлөх болсон байна. Жишээ нь Польшийн зураач М.Гнатюк, Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков нар Төрийн шагналт жүжигчин Н.Сувд, Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, Гавъяат жүжигчин Т.Ариунаа, УИХ-ын гишүүн С.Оюун нарын хөргийг урласан байхыг олж үзлээ. Ер нь эрт цагт ч тэр, орчин цагт ч тэр, эмэгтэй хүн уран зураачдын голлох сэдэв болж байсан, болсоор байгааг дэлхий дахин харуулж байна. Сүүлийн үед гадаадын зураачид бүсгүй хүнийг өвөрмөц аргаар янз бүрийн технологи ашиглан зурж урладаг болжээ. Жишээ нь өнгөрсөн жил Хятадын зураач Хан Шиаомин хэлээ бэхэнд дүрээд цаасан дээр хэлээрээ зурах буюу амандаа бийр зуугаад будагны оронд загас болон хүнсний ногоо ашиглаж бүсгүй хүний гоо сайхныг дүрсэлжээ.
Тэгэхдээ манай гоц авъяастан зураач Л.Өнөрчимэгийн хажууд бол жижигдэнэ. Өнөрчимэг хөлөөрөө, дөрвөн мөчөөрөө, амаараа, усан дотор зураг зурж аль хэдийн од болчихсоныг санагтун. Америкийн зураач Натали Айриш хэмээх бүсгүй сонгодог бүтээлээ уруулынхаа тусламжтайгаар зурдаг аж. Тэрбээр уруулаа тод өнгөөр будаж зургийн цаасаа үнсэж эхлэх бөгөөд зураг хэдийд бэлэн болно тэр болтол хэдэн мянган удаа үнсэх жишээтэй. Хамгийн сүүлд тэрбээр Америкийн гоо үзэсгэлэн Мэрилин Монрогийн хөргийг уруулаараа бүтээжээ. Үүнээс санаа авсан ч юмуу, саяхан “Манжуурын гоо бүсгүй” тэмцээнд оролцсон манай Н.Ану хэмээх бүсгүй тэмцээнд авъяасаа үзүүлэхдээ урууландаа будаг түрхэн үнсээд Мэрилин Монрог зурсан байгаа юм даа. Саяханаас Америкийн уран зургийн ертөнцөд Алекса Миэйд хэмээх зураач бүсгүй цахиур хагалж эхлээд байна. Тэрбээр бодит хүмүүсийг ярьдаг, явдаг, ажилладаг урлагийн бүтээл болгон хувиргажээ. Зэрвэс харахад хоёр хэмжээст зурмал зураг шиг харагдах боловч сайтар ажиглавал гурван хэмжээст урлагийн бүтээл гэлтэй амьд зургууд Лос-Анжелос хотоор хэсүүчлэх болсон байна. Энэ нь ямар учиртай вэ гэвэл хүний нүцгэн биен дээр янз бүрийн зураг зурах бөгөөд мэдээж цаад хүн нь гудамжаар явахад яг л зурсан зураг өөрөө амилаад явж буй мэт харагдана. Тэгэхдээ энэхүү санааг одоогоос хэдэн жилийн өмнө манай дизайнер “Донж”-ийн Төгөлдөр агсан улсын начин Оргилболдын нүцгэн биеийг элдвээр будаж эрээлэн гадаадын тэмцээнд оролцоод аль хэдийнэ “дархалж” орхисон билээ. Мөн Кристиан Рэмос хэмээх зураач эрвээхэйний далавчин дээр ертөнцийн сайхан хүүхнүүдийг урласан бол Солонгосын зураач Хонг Юү 1500 ширхэг лаагаар дуучин Аделийн хөргийг бүтээжээ.
Филиппиний уран зураач Жордан Манг томруулдаг шилээр нарны гэрлийг ашиглан модон самбар дээр тусгаж маш халуун цэгээр шарж зурдаг бол Малайзын зураач Ред хэмээх бүсгүй кофений аягаар багс хийж, кофегоор будаг хийж алдар цуутай хүмүүсийн хөргийг бүтээх болжээ. Гэвч үүнийг 2012 онд манай модернист зураач Ё.Далх-Очир, “Хөх нар” төвийн зураач Б.Энхтуая нар амьдрал дээр хэрэгжүүлж Монголын уран зургийн галерейд “Эртний өгүүлэмжийг Nestle-гээр” хэмээх үзэсгэлэн гаргаж байсан юм. Тэд Швейцарийн “Nestle” брэндийн хоёр авдар хар кофе, нэг авдар кофены сүү ашиглаж, Далх-Очир нь 30-40 мянган жилийн өмнөх хадны сүг зургийг өнөөгийн бидний өдөр тутам хэрэглэж буй мессэжний товчлуурууд болон компьютерийн тэмдэгтүүдтэй харьцуулж зурсан бол Б.Энхтуяа нь гурваас дөрвөн мянган жилийн өмнөх Түрэг, Уйгарын үеийн эмэгтэйчүүдийг өнөө цагийн гэрэл зурагтай харьцуулж, холимог техникийн аргаар дүрсэлж байлаа. Холимог технологийн хувьд энэ бол гайхамшиг.
Мөн 2014 оны 11-р сард график зураач Б.Ганбат, Л.Ганболд нар “SAMSUNG GALAXY NOTE-4” гар утсаар Халхын нэг сайхан хүүхнийг, Халхын нэг сайн эрийг дүрсэлж олны талархал хүлээж байлаа. Түүнчлэн Өүлэн эхээс Мандухай хатан хүртэлх 24 хатны хөргийг далны ясан дээр сийлж урласан зураач, сийлбэрч Т.Баттогтохын авъяас чадал, нөр их хөдөлмөрийг үнэлэхгүй байхын аргагүй. 1980-аад оны үед Мандухай сэцэн хатны хөргийг бүтээж байсан маркийн зураач Д.Уртнасан эртний монгол зургийн мартагдаж үгүй болсон “Нахтан” хэмээх төрлийг сэргээж бүтээлээ туурвих болжээ. Эрт цагт усан болон тосон будаг, зургийн цаас гэж гараагүй байх үед монголчууд малын тархийг тогооны хөөтэй хольж, хус модны үйсэн дээр зурж, бичдэг байсан нь “Нахтан” төрлийн үүсэл бөгөөд яваандаа харин байгалийн шороон будаг ашиглах болжээ. 13-р зууны Монголын уран зохиолын ховорхон дурсгал болох “Алтан ордны үйсэн дээрхи бичиг” хэмээгч нь одоо бодоход энэ “Нахтан” гэдэг нь байж шүү. Тас хар дэвсгэр дээр есөн эрдэнийн есөн өнгөөр зурж бичдэг энэхүү эртний арга барилыг өдгөө эзэмшсэн ганц хүн байгаа нь зураач Д.Уртнасан юмсанж. Манай авъяас билэгт зураачид ийнхүү эртний болоод орчин цагийн элдэв сонин арга барил, холимог технологи ашиглан ертөнц дахинтай эн зэрэгцэж, магадгүй зарим арга барил, сонин содон технологийг дэлхий дахинаас түрүүлж сэтгэх маягаар уран бүтээлээ туурвиж буй нь нэн сайшаалтай.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ