Нөхөр бид хоёр хуримаа хийж эхнэр нөхөр бололцоод тэдний гэрийн нэг өрөөнд айл болж байсан цаг саяхан. Эхнэр, нөхөр бололцсон анхны тэр жилийн төрсөн өдрийн бэлэг миний сэтгэлд тэр л цаг үеийн бие биенийгээ гэсэн сэтгэл, хайр, хүндлэлийн түүхийг өөртөө яахын аргаггүй хадгалжээ. Яг тэр мөчийг би өчигдөрхөн юм шиг санаж байна.
Тэр маань намайг өрөөндөө дуудлаа. Яваад очтол ардаа нэг юм нуучихаж. Тэгснээ нэг л баясгалантай инээснээ ” бэлэг” гэж гялгар цаасаар ороосон хайруулын таваг сарвайж байж билээ. Унтлагын жижэгхээн өрөөнд байгаа хэд гурван юмыг эс тооцвол эд хогшил гэх юмгүй бидний хувьд энэ хайруулын таваг гал тогооны маань хэрэгслүүдийн хамгийн анхных нь… Хичнээн нандин бэлэг байсан гээч. Намайгаа хоол сайн хийж өгдөг байгаасай гэж тэр маань эхнэртээ ийм бэлэг сонгосон бололтой.
Энэ хайруулын таваг тостой холилдож, жинхэнэ утгаараа хайруулын таваг болтлоо унтлагын тэр жижэг өрөөний хувцасны шкафан дээр 3 жил тоосонд дарагдсан. Харин өнөөдөр бид дөрвүүлээ болчихож. Сайн хүү,сайхан охины ээж аав бололцон, ажил алба гэж завгүй гүйсээр нэг л мэдэхнээ 5 жилийг ардаа орхижээ. Ямар хурдан юм бэ? Хүүхдүүдээ унтуулчихаад аяга тавгаа угааж зогсохдоо сая хайруулын тавгаа нэлээдгүй элэгдсэн байгааг анзаарлаа. Сэтгэлд өчигдөрхөн мэт санагдаж байсан ч элэгдэж, хуучирсан хайруулын маань таваг цаг хугацааг элээсээн гэсний баталгааг харуулахдаа амьтай байсан бол надтай хичнээн олон зүйлийг дурсан ярих байсан бол доо гэж өөрийн эрхгүй бодлоо.
Одоо бол бид өөрсдийн гэсэн орон байртай болж, жилээс жилд бага багаар бидний гэх юмс нэмэгдсээр л. Хэдий тийм боловч бидний анхны гэх бүхий л сайхан дурсамжуудыг өөртөө хадгалсан хайруулын таваг минь юутай ч зүйрлэшгүй нандин юм.
М. Оюунболор