Рок, попын шинэ нүүр царай, залуу дуучин Ч.Цэлмүүний анхны цомгийн нээлт өчигдөр боллоо. Энэ үеэр дуучин цэлмүүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Урлагт хөл тавиад удаагүй ч хүмүүс Ч.Цэлмүүнийг хэдийнэ таньж мэддэг болсон. Дууны анхны цомгоо гаргажээ. Цомгоо сонирхуулахгүй юу?
-Бие даасан анхны цомогт маань 15 дуу орсон. Түүний дөрөв нь та бүхэнд хэзээний танил болсон дуунууд байгаа. Харин үлдсэн 11 дуу нь цоо шинэ уран бүтээлүүд юм. Миний эдгээр дуунуудын маань ихэнхийг аав Чинзориг болон Оки ах зохиосон.
-Цомгоо яагаад “Exodus” гэж нэрлэсэн бэ. Цомгийн дуунууд ямар нэг урсгалд баригдсан уу. Мөн цомгийн зураг их сонирхол татаж байна л даа. Ихэнх хамтлаг, дуучид цомгоо өөрсдийн зургаар чимдэг. Таны хувьд цомгоо хүүхэлдэйн зургаар гоёсон юм аа даа?
-“Exodus” гэдэг маань гэрлийн улирал гэсэн утгатай үг. Цомогт багтсан дуунуудын нэг “Гэрлийн улирал” юм. Тэр утгаар нь цомогтоо “Exodus” гэдэг нэр өгсөн. Миний дуунууд нэг урсгалд баригдаагүй. Өөрийн сонирхсон жанраар уран бүтээлээ туурвилаа. Цомогныхоо дизайныг би өөрөө гаргаж, улаан даашинзтай охины зургийг бас зурсан юм. Би өөрийгөө “Би” гэж тодотгох гэсэнгүй. Сонсогчид маань миний уран бүтээлийг үнэлээсэй, сонсоосой гэдэг үүднээс энэ зургийг сонгосон.
-Цомог гэдэг уран бүтээлчдийн хувьд асар их хөдөлмөриин үр шим байдаг. Цомгийн ивээн тэтгэгчдийн тухайд?
-Цомгийн продюссерээр миний аав ажилласан. Ерөнхий найруулгыг “Prosound” студийн Рагу хийсэн. Мөн “Скайтел” компанийн D20 брэнд хамтран ажилласан.
-Сүүлийн үед дуучин Ч.Цэлмүүнийг дахин уран бүтээл туурвихгүй гэсэн яриа гараад байгаа. Энэ цомог уран бүтээлийн чинь эхлэл бас төгсгөл гэдэг үнэн үү?
-Тийм яриа гарсан байсан. Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Миний хувьд мэргэжлийн дуучин биш. Өөр чиглэлээр сурдаг шүү дээ.
-Тэгэхээр цаашид уран бүтээл хийхгүй гэсэн үг үү?
-Бодсон зүйл бий. Энэ зун дахин цомог гаргах гээд ажиллаж байна. Энэ цомог уг нь миний нууц байсан юм / инээв/.
-“Exodus” цомог хэдэн төгрөгөөр худалдаалагдах вэ?
-Цомог маань 21 мянган төгрөгөөр худалдаалагдана.
Түүний “Exodus”цомгийн нээлтэд хөгжмийн зохиолч. МУСГЗ Л.Балхжав”, “UBS” телевизийн уран бүтээл хариуцсан дэд захирал Ж.Баяр, “Prosound” студийн продюссер Рагу Раман, ая зохиогч Оки, UBS телевизийн хөтлөгч, редактор П.Одгэрэл, “Скайтел” компанийн маркетингийн албаны дарга Н.Ууганболд нар болон дуучин бусгуйн үнэнч фэнүүд нь оролцсон.
Продюссер Рагу дуучин Ч.Цэлмүүнд “Монголын шинэ дива” хэмээх алдрыг хайрласан нь тэнд цугларсан фенүүдийнх нь сэтгэлийг догдлуулаад авсан юм.
Э.Цэрэнлхам
Эх сурвалж: “Нийслэл таймс”