Архи ба гэр бүл сэдвээр “Аз жаргалын эхлэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа бэлдлээ.
Архи гэдэг бол хүний сэтгэцийг өөрчилдөг, өөрөөр хэлбэл сэтгэцэд эхлээд мансууруулах үйлчилгээ үзүүлдэг, улмаар донтуулдаг.
Ингээд нэг хэсэг хугацаанд архи хэрэглэсний дараагаар архийг хэрэглэхгүй байж чадахгүй байдалд ордог.
Архи хэрэглэсэн хүмүүс тодорхой хугацааны дараа маш их зан төрхийн өөрчлөлтөд ордог. Зан төрхийн өөрчлөлтийн илрэл хүн болгонд харилцан адилгүй байдаг.
Тухайн хүний дээд мэдрэлийн системийн үйл ажиллагааны хэв загвараас их хамаардаг. Үүнээс гадна архинд донтох өвчин бол угаасаа хувь хүний өвчин биш гэр бүлийн өвчин байдаг.
Өнөөдөр эрдэмтдийн хийсэн нэг архинд донтох өвчнөөр өвчилсөн хүний ар талд ойрын хүрээллийн 4-8 хүн, холын хүрээлэлдээ бол 100-200 хүртэл хүмүүс сэтгэлзүйн болоод бие махбодийн эмгэгт байдалд өртсөн байдаг гэсэн судалгаа байдаг.
Архи хүний хамгийн гол эрхтэн болох тархи сэтгэцийг өвчлүүлдэг учраас тархи сэтгэцийг эмчлэхгүйгээр, сэтгэлзүйн эмчилгээ хийхгүйгээр архинд донтох өвчин эдгэрдэггүй. Манайхан энэ өвчнөөс салах хөнгөн аргыг хайж янз бүрийн эм уудаг. Дан ганц эмийн эмчилгээ нь үр дүнд хүрэхгүй. Ер нь бол архины эмчилгээ цогцоор явах ёстой юм байна.
Ингээд та бүхэн архины хор нөлөө, гэр бүлд ямар айдас дагуулдаг, мөн архинд донтох өвчнөөс хэрхэн салах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг энэ удаагийн дугаараас хүлээн авч үзээрэй.