БНСУ-ын залуу одууд болон Ази тивийн шинэ залуу, авьяаслаг уран бүтээлчдийн дунд нэгэн сонирхолтой, хөгжилтэй, өрсөлдөөнтэй тэмцээн зохиогддог нь “Dream team” билээ. “KBS world ” телевизээс санаачлан зохион байгуулдаг тус тэмцээнд хамтлаг, дуучдыг
хооронд нь өрсөлдүүлж, авхаалж самбааг нь сорьдог юм. Өнгөрсөн жилийн наадамд манай улсаас “Universe best songs” тэмцээний шилдэг оролцогч залуу дуучин Д. Ану, Э. Мишээл нар оролцсон бол энэ удаа залуу дуучин Мино, Амараа нар уригджээ. “Dream team ” нэвтрүүлэгт нь тухайн улсад шинээр төрөн гарч буй авьяаслаг уран бүтээлчдийг урьдаг оролцуулдаг бөгөөд “Сансар КАТВ” залуу уран бүтээлчдийг ийн сонгох ажлыг гардан хийсэн байна. Нэвтрүүлгийн журмаар Солонгосын хамтлаг, дуучид нэг баг, Азийн бусад орноос ирсэн хамтлаг, дуучид нэг баг болон өрсөлддөг. Телевизийн энэхүү нэвтрүүлэгт өмнө нь Солонгосын хамтлаг, дуучдын баг тогтмол түрүүлдэг байсан бол энэ удаад оролцогчдынхоо спорт, бүжиг, дуу зэрэг бүхий л авьяасыг нь сорьсон нь өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгожээ. Энэ өрсөлдөөнд Монгол, Сингапур, Хятад, Япон, Тайландын уран бүтээлчид нэг баг болсон Монголыг төлөөлөн оролцсон Мино, Амараа нарыг солонгосчууд тун элэгсэг, дотноор хүлээн авсан бөгөөд Азийн орнуудын оролцогчдоос хамгийн стильтэй дуучнаар Миног тодруулсан аж. Манай хоёр уран бүтээлчийг “Хатариш” дуугаа дуулахад нь бүх оролцогчид “хатариш, хатариш… ” хэмээн хамтдаа дуулсан гэнэ билээ. Дашрамд дуулгахад Мино “Romance” нэртэй дуундаа клип хийлгэсэн бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэнэ.