“Маск продакшн”-ын жүжигчин Г.Золзаяатай ярилцлаа.
Сүүлийн үеийн сонин сайхан, уран бүтээлийнхээ талаар яриач. Маск продакшн-д хэвээрээ байгаа юу?
Маск продакшн-д хэвээрээ байгаа. Маск продакшн маань хаврын тоглолтоо хийж дуусаад хөдөө орон нутгаар дээрээс нь Хөх хотын Улаан театрт аялан тоглолтоо хийж ирээд удаагүй байна. Яг одоогоор бол хүүхдийн жүжгийн бэлтгэлд орчихсон 5 сарын 31, 6 сарын 1-нд “Үзэсгэлэн гоо ба Жонон” гэдэг хүүхдийн жүжгийг тавихаар бэлтгэл ажил ерөнхийдөө зуун хувь хангагдчихсан байна. Өчигдөр гэхэд рекламны зураг авалт дуусаад одоо зөвхөн тайзны бэлтгэл, үзэгч хүүхдүүддээ хүргэх л дутуу байна даа.
Дэлгэцийн уран бүтээлийн хувьд оны сүүлд DOZ entertaiment-ийн “Гурван хүслээ хэл” гэдэг уран бүтээлд орсон байгаа. Одоогоор Боловсрол суваг телевизийн “Гэрлэн дохио” гэдэг олон ангит киноны 2 ангид тоглоод зураг маань дундаа явж байгаа. Хоёр анги учраас өдөр болгон зураг авалттай байхгүй байгаа.
Урлагийн хүн гэдэг үүднээс одооны кино клипэнд 4 жил сураад төгссөн мэргэжлийн жүжигчид гэхээсээ илүү өөр мэргэжлийн хүмүүс тоглоод байгаа анзаарагддаг. Тэр тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
Хүн болгон амбицтай л даа. Хэн чадаж байгаа нь хийх ёстой гэж боддог. Гэхдээ эцсийн дүгнэлтийг бид биш үзэгчид гаргана.
Хувийн сонирхолынхоо талаар яриач.
Эмэгтэй л хүн юм хойно янз бүрийн юманд дуртай. Миний бодлоор хүн жоохон зав муутай болоод ирхээрээ нэг юманд хобби болгож түүндээ зуун хувь анхаарлаа хандуулж амждаггүй юм болов уу гэж анзаарсан. Аль болохоор янз бүрийн юм оролдож үзэж, сонирходог л доо.
Анх салон байгуулах санаа яаж төрсөн бэ?
Анх их олон зүйл хийх гэж судалгаа хийсэн надад илүү ойрхон бас Монголынхоо бүсгүйчүүдийг гоё сайхан байлгах юмсан гэдэг үүднээс салоны бизнест орсон. Мөн миний зорилго чанартай бүтээгдэхүүн байнга хэрэглэхийг хичээдэг. Чанартай бүтээгдэхүүнийг европын орнуудаас сайн гэснийг оруулж ирж Монголынхоо зах зээлийг хангахыг хичээдэг.
Эмэгтэй залуу бизнес эрхлэгчийн давуу тал болон сул тал юу байдаг вэ?
Давуу талын хувьд уран бүтээлч гэдэг үүднээс ямар нэгэн байгуулагатай харьцахад илүү таатай нээлттэй сайхан хүлээн авдаг. Энэ нь цаашдын хамтын ажилд сайнаар нөлөөлдөг юм шиг анзаарагдсан. Би энэ бизнесдээ суралцаж л яваа. Би өөрөө мэргэжлийн үсчин гоо сайханч хүн биш учраас асуудал их гардаг аль болох тухайн үед шийдвэрлээд явахыг хичээдэг. Анх бизнесээ эхлүүлэхдээ аливаа асуудалд шантрахгүй давна туулна гээд эхлүүлсэн учраас аль болох хичээж ажиллахыг хүсдэг.
Монголд бизнес эрхлэхийн давуу болон сул талыг юу гэж харж байна вэ?
Миний мэргэжил олны нүдэн дээр байдаг учраас танилын хүрээ найз нөхдийн туслалцаатай салоны үйл ажиллагаа сайхан явагддаг. Тэр миний давуу тал юм байна гэж боддог. Сул талын тухайд би өөрөө мэргэжилийн үсчин гоо сайхан ч биш учраас зарим үйлчлүүлэгч маань чи өөрөө гоо сайханчаа хийдэг үү гэх асуулт их асуудаг. Миний хувьд ажил их ихтэй хийх ёстой мэргэжлийн хүмүүс л хийх ёстой гэж боддог.
Монгол үсчин гоо сайхны салон их байна шүү дээ. Орц болгонд байх нь холгүй харагддаг. Танай салоны ялгарах онцлог юу вэ?
Тиймээ, их байдаг чанартай чанаргүй гээд их харагддаг үйлчлүүлэгч өөрсдөө сонголтоо хийнэ дээ гэж боддог. Манай салон тэднээс ялгарах онцлог нь Нэгдүгээрт манайх чанартай бүтээгдэхүүнээр үйлчилдэг би өөрөө энүүгээрээ их бахархдаг. Хэн ч сайн чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг учраас хэрвээ би байсан бол гэдэг зүйлийг үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс авч үзэн чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэхийг хүсдэг. Хоёрдугаарт манайх 24 цагаар ажиллах боломжтой байдаг. Би өөрөө урлагийн хүн учраас өглөө эрт ч юм уу шөнө зураг авалттай тохиолдолд make up, үсчин хэрэгтэй болдог тэр үед ихэнх газрууд хаачихсан байдаг. Манай салоны үүд хаалга үргэлж 24 цаг нээлттэй байдаг. Заримдаа шөнийн гурван цаг хүртэл ажилтай, өглөө үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр эрт онгойх зэрэг цагийн хувьд уян хатан байдаг нь манай үйлчлүүлэгчдэд их таалагддаг.
Салон ажиллуулж явдаг хүний хувьд эмзэглэж явдаг зүйл юу байдаг вэ? 45 хоногийн курст суугаад л үсчин болдог нөгөөтэйгүүр чанаргүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг газрууд их санагддаг.
Тэр тал дээр үйлчлүүлэгчид маань одоо хэнд хаана үйлчлүүлэх вэ гэдгээ харьцангүй мэддэг болсон учраас сонголт ихтэй болсон байна.
Энэ зун ямар үс засалтууд моданд орж байна вэ?
Анзаараад байхад манайхан холливуудын оддыг даган дууриах ч юм уу гадаадын олны танил хүмүүсээс үлгэр жишээ авдаг. Энэ жил миний харснаар тайрмал үс моданд орж байгаа бас тэрний дагуу үйлчлүүлэгчид маань болон миний ойр дотны тайрмал үстэй байж үзээгүй хүмүүс хүртэл үсээ тайрч тайрмал үстэй болсон. Тэгэж тайруулсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ жил тайрмал үс болон саарал үс моданд орж байна даа.
Салоны бизнес эрхлээд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Шинээр байгуулах гэж байгаа хүмүүст юуг анхаарах талаар туршлагаасаа хуваалцаач. Хүний нөөц эсвэл тоног төхөөрөмж гээд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Хүний нөөц, тоног төхөөрөмж гээд аль аль талыг бодох хэрэгтэй. Би одоо хүнд зөвлөгөө өгөхөөр олон жил ажиллуулаагүй байна. Сайлон маань нээгдээд хоёр жил болж байна тиймээс өдөр бүр л суралцаж байна. Хүнийг дээрээс хараад зааж сургах цаг маань арай болоогүй юм шиг санагдаж байна. Гэхдээ хийж бүтээе гэсэн залуучууд маань олон болсон учраас үнэхээр миний туслалцаа хэрэг болоод бодол санаагаа хуваалцаач гэвэл тусалж болно. Өнгөрсөн жил манай найз охин салон байгуулсан тэгэхэд нь хаанаас бүтээгдэхүүнээ захиалдаг хаана яаж хандах гэх зэрэг өөрийнхөө мэддэг бүхий л зүйлээ л хэлж өгсөн.
Цаашдын зорилгынхоо талаар хуваалцаач.
Хүн болгонд маш том зорилго бий. Зорилгууд нь маш олон салаа байдаг. Миний хувьд бол мэргэжлээрээ цаашдаа улам илүү өөрийгөө хөгжүүлж ажиллана гэж бодож байгаа мөн дээрээс нь би ямарваа нэгэн юмны эхлэлийг харсан бол төгсгөл нь сайхан байх ёстой гэж боддог тийм ч учраас нэг эхлүүлсэн ажлаа цаашдаа өргөжүүлэн авч явна гэж бодож байгаа. Мөн төлөвлөсөн зүйлүүд зөндөө байгаа түүнийхээ төлөө өдөр болгон өглөө эртлэн босоод гараад явдаг.
Монголдоо шинэ тоног төхөөрөмж юмуу шинэ бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэх бодол байгаа юу?
Тэгэлгүй яахав. Өөрийнхөө салонд болон Монголын салонуудад чанартай бүтээгдэхүүн түгээх зорилготой ажиллаж байгаа тэрнийхээ бэлтгэл ажилд явж байгаа.
Салоноос өөр чиглэлд оръё гэсэн төлөвлөгөө байгаа юу?
Хүн шат алхах тусам доошоо биш дээшээ явахыг хүсдэг учраас бодсон бодлууд байгаа. Гэхдээ хүн ярих биш хийх гэдэг нь чухал болохоор би хийх гэж байгаа ажлаа бусдад гайхуулж ярих ч юмуу эсвэл болоогүй юмыг болсноор ой тоондоо байгаа юмыг амаараа гаргах дургүй. Яг хийсэн хойноо тэр ажлууд маань хүний нүдэнд харагдаж гарт баригдахуйц болсон хойноо би энийг хийчихлээ дээ гэж ярих дуртай.
Уран бүтээлийнхээ хажуугаар Салоноо байгуулаад явж байна. Эдгээр ажлуудыг яаж амжуулдаг вэ? Хэр төлөвлөгөөтэй вэ?
Ер нь бол өмнөх өдөр нь ч юм уу хоёр гурван өдрийн өмнөөс төлөвлөчихдөг. Хэрвээ гэнэтийн ажил гарч ирвэл аль болох ажлынхаа дундуур амжуулчихдаг. Залуу хүн чинь өглөө жоохон эрт л босчиход цайны цагаас өмнө ихэнх ажил амжчихдаг. Миний хувьд ажил амжихгүй өдрүүд байдаг лдаа гэхдээ амжуулна гээд өглөө гарахад бүх л ажил амждаг юм шиг санагддаг.
Өөрийг чинь шар хэвлэлийн байгууллагууд янз бүрээр бичдэг тэрийн яаж хүлээж авдаг вэ?
Би шар хэвлэлүүдээр бичүүлээд олон жил болж байна. Эхэндээ их эмзэг хүлээж авдан байсан чулуу шидсэн хүн рүү чулуу шидээд яахав гэж бодоод чимээгүй байдаг байсан. Цаг хугацаа, хүний юу хийж байгаа үйлдэл хоёр л хүнийг нотолж харуулдаг юм болов уу гэж ойлгосон. Одоо бол шар хэвлэлүүд намайг онцолж бичих нь харьцангуй багассан. Нэгдүгээрт цаг хугацаа хоёрдугаарт хүний хийж байгаа үйлдэл.
Баярлалаа, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Баярлалаа.
Ярилцсан: Г.Амарзаяа, Э.Бумчин
khunnu.mn