Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн өнөөгийн залууст зөв үлгэр дууриал болон хөдөлмөрлөсөөр яваа загвар өмсөгч Э.Энхболд өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, баярт мэдээ дуулгалаа. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард “Solid fashion model management agency”, “Asian fashion model association”-аас зохион байгуулж буй “International Fashion Super Model” тэмцээнд оролцох эрхээ авч, Хонконгт уг тэмцээний бэлтгэл ажил болон хэвлэлийн хуралд оролцоод ирсэн билээ.
Тэгвэл энэ сарын 8-12-нд Хонконгт болсон “International Fashion Super Model” тэмцээний эрэгтэй моделийн төрөлд загвар өмсөгч Э.Энхболд шилдгийн шилдгээр шалгаран “Гранпри” шагналын эзэн болж, Азид өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Тэрээр энэхүү тэмцээнээс шагналын хур буулгангурван номинацид шилдгээр шалгарч, Азийн кино компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан гээд олон баярт үйл явдал давхацсан юм.
Сонирхуулахад, тэрээр гурван сарын турш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уян хэн хүний сонирхлыг татаж чадсан “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцож байх үедээ энэхүү тэмцээнд оролцох урилгыг хүлээн авчээ. Мөн энэхүү тэмцээнд оролцохынхоо өмнө тун удахгүй нээлтээ хийх “Галзуу зугаалга” уран сайхны кинонд “Яг түүн шиг” шоуны оролцогч загвар өмсөгч С.Сарнайн хамт тоглосон билээ.
Түүнтэй шагналаа гардан аваад байх торгон мөчид нь фэйсбүүкээр холбогдон цөөн хором ярилцлаа.
-Гранпри шагналын эзэн болсонд баяр хүргэе!
-Баярлалаа. “Solid” fashion model management agency “Asian fashion model association”-аас зохион байгуулж буй “International Fashion Super Model” тэмцээний шилдгийн шилдэг буюу “Campion” шагналын эзэн болж, ялагчийн шагналыг болсондоо баяртай байна. Энэ шагнал бол миний зорилгодоо үнэнч, тууштай, хичээнгүй байсны үр шим юм болов уу.
Мөн “Most Voted Social Media” буюу сошиал ертөнцөд болсон уг тэмцээний олон нийтийн санал асуулгад тэргүүлсэн. Зөвхөн миний шагнал биш намайг дэмжсэн бүх монголчуудын шагнал гэж хэлмээр байна. Хоёр дахь шагнал нь “Most Photogenic”. Модель хүнд байх ёстой хамгийн гол зүйл бол зураг авалт. Хамгийн сайн зураг авалттай модель гэсэн шагналын эзэн болсон. Энэ шагнал нь өөрөө “Монгол модель” агентлагийн захирал, Азийн топ модель Д.Болормаа багш болон, “Говь кашмер” компанийн шагнал юм болов уу гэж бодож байгаа. Учир нь маш олон жил “Говь” компанийн дүр төрхөөр сонгогдон ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн ажиллах болохоор миний ажлын дадлага туршлага 100 хувь “Говь” компанитай хамааралтай гэж хэлж болно.
Сая болсон Азийн шалгаруулалтын шилдгээр шалгарсан моделиуд Лас Вегаст дараагийн тэмцээндээ оролцоно. Азийн шалгаруулалтын эмэгтэй моделийн шилдгээр Хонконгийн модель шалгарсан. Бид хоёрын хувьд ирэх арваннэгдүгээр сард дэлхийн олон улсын супер моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол хэмээн дуудуулах эрхэм хүндэт үүрэг хариуцлагыг авч байна.
-Олон Улсын тэмцээн, уралдааны дараа ажлын саналууд ирдэг шүү дээ. Өөрийн тань хувьд Хонконгийн кино компанитай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан гэж дуулсан. Тэр талаараа сонирхуулахгүй юу?
-Энэ шагналуудыг дагалдан ирсэн хамгийн том ажил бол “SMI Movie company” гээд Хонконг Хятадын кино компанитай хийсэн гэрээ. Дараагийн том алхам бол эргэлт буцалтгүй кино урлаг, тэр тусмаа олон улсад энэ салбарт хөл тавих нь тодорхой болж байгаа гэж хэлж болно.
-Наадмын дараах таны сэтгэгдэл?
-Энэ тэмцээний Гранпри шагналыг хүртээд учиргүй хөөрч баярлахаасаа илүү их хариуцлага ирж байгаа санагдаж байна. Би хувьдаа алдар нэрэнд хүрэх амархан ч түүнийг хадгалж явах хэцүү гэж боддог. Тэр ч утгаараа энэ том шагналыг дагаад их хариуцлага ирж байгаа гэж бодож байна.
Энэхүү тэмцээнд “Монголмодель” агентлагын гурван загвар өмсөгч оролцсон загвар өмсөгч Б.Буджаргал “First Runner-up” номинацийн эзэн болсон.
Мөн загвар өмсөгч Ю.Балжидмаа “Second Runner-up” болон “Most Voted Social Media” номинацийн эзэн болсон юм.
Eagle.mn