Тархины бүтэц, зохион байгуулалт, түүний үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар гүйцэд тогтоох яагаа ч үгүй байна. Хэдийгээр дэлхийн эрдэмтэд хүчээ нэгтгэн олон судалгаа, шинжилгээ хийж байгаа боловч, шинжлэх ухаан тийм хэмжээнд хараахан хөгжиж чадаагүй, хамгийн наад захын ойлголтуудыг л одоогийн байдлаар шинжлэх ухаан тогтоосон гэж хэлж болох юм. “Хүний толгойнд байгаа тархи хүнийг удирдаж байна уу, хүн нь тархиа удирдаж байна уу” гэсэн асуулт зүй ёсоор сонирхол татаж байна. “Тархи компьютераас юугаараа илүү, юугаараа дутуу” гэсэн асуулт ч бас байна. Тархийг бүрэн судлаж ойлгосноор ертөнцийн талаархи бидний ойлголт ч гэсэн өөрчлөгдөх учиртай.�Тархины бүтцийн 78 хувь нь ус, 15 хувь нь өөх, 7 хувь нь уураг, калий, давс зэргээс бүрддэг. Химийн бүтцийн хувьд нэг талаас ийм хялбархан хэдхэн бодисоос бүрддэг атлаа асар том үүргийг гүйцэтгэж чадаж байгааг гүйцэд тайлбарлахын аргагүй гэж дэлхийн том эрдэмтэд үзэж байна. Тархи бол бүхэл бүтэн биеэ даасан тусдаа ертөнц юм. Томруулдаг шилээр гаднаас нь хараад үйл ажиллагааг нь ойлгохын аргагүй. Хүний тархинд нэг трилион нейрон, тархины эс байдаг. Энэ нь тэнгэрт байгаа оддоос илүү олон гэж төсөөлж болох юм. Тархины үйл ажиллагаанаас гаргаж байгаа эрчим хүч нь ердийн хүнд 10 ватт, суут хүнд 30 ватт байдаг байна. Өөрөөр хэлбэл хөргөгчний чийдэнгийн хэмжээний эрчим хүч гардаг гэсэн үг. Том супер компьютерийг ажиллуулахын тулд жижигхэн хотыг цахилгаанаар хангах хэмжээний эрчим хүч шаардагддаг. Тэгэхэд хүний тархи бүхэл бүтэн дэлхий ертөнцийг, сансар огторгуйтай нь судлаад компьютерийг өөрийг нь бүтээсэн байж аравхан ватт ашигладаг байх нь. Өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй компьютер мөртлөө шүү дээ. Бид миний тархи гэж ярьдаг. Үнэн хэрэг дээрээ энэ тархи нь хэнийх гэдэг нь бас асуултын тэмдэг. Тэгвэл толгойнд байгаа тархи чинь миний биш бол хэнийх болж таарах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тархи бол өөрийнх нь эзэмшлийн юм гэсэн сонин хариулт ч байж болно. Тархи “чи буруу юм хий, зөв юм хий” гээд хүнийг аливаа үйлдэл хийхээс өмнө команд өгчихсөн байдаг гэвэл яах бол? Тэгэхлээр тархи албаар хүнийг буруу үйл хий гээд команд өгөөд хийлгүүлж байна гэж ойлгож болох талтай. Хүн өөрөө буруу юм хийж байгаагаа мэддэггүй. Тэгвэл, логикийн дагуу, амьдрал дээр хүн гэмт хэргийн чанартай үйлдэл хийчихээд би өөрөө санаатайгаар үйлдээгүй, тархи миний өмнөөс шийдвэр гаргаж намайг ийм юм хийлгэж, ийм юм руу түлхсэн гэсэн тайлбар гарч болно. АНУ-д нэгэн шүүх хурал дээр гэмт хэрэгтэн “Би энэ үйлдлийг хийгээгүй, тархи энэ гэмт хэргийг үйлдсэн” гэсэн тохиолдол гарч байсан. Ер нь хүн өөрөө чөлөөтэй, ухамсартайгаар шийдвэр гаргаж байгаа эсэх нь бас асуултанд орж байна. Тархи бидний өмнөөс түрүүлж бие дааж шийдвэр гаргаад бид нарт юу үзэх, юу хийхийг зааж өгдөг. Түүнээс, хүн өөрөө би тэгэх ёстой гээд шийдвэр гаргаад явж байгаа биш болж байна. Гарын хээ, нүдний торон бүрхүүл хүн болгонд давтагдашгүйгээр ондоо заяадаг. Тархи бол тэрнээс нарийн эрхтэн, хэзээ ч адилхан байна, давтагдана гэж байхгүй. Хүмүүс бидний харсан юм болгон бүгд тархинд бичигддэг. Хүссэн хүсээгүй сонсгол, харах, үнэртэх, өвдөлт бүх мэдрэмжээр орж байгаа бүхий л мэдээлэл тархинд бичигдэж, хадгалагдана. Хүн бичигдсэн тэр их зүйлсийн өчүүхэн хэсгийг нь санадаг. Тэгсэн мөртлөө ялангуяа хүчтэй үнэр нь хүчтэй дурсамжийг санагдахад нөлөөлдөг. Тархи цензурын үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь, хамгийн эвгүй, сөрөг дурсамжуудыг сануулахгүй байхыг тархи зохицуулдаг. Хэрэв тийм цензур байхгүй байсан бол хүн байнгын стресс, депрессэнд байж, амиа хорлолтын тохиодол ч их байх байсан байх. Хүн өөрөө удирдаж байгаа юм биш, харин тархи нь бид нарын оролцоогүйгээр цензурын үүргийг гүйцэтгэж, биднийг сэтгэл санааны дарамтаас зохих хэмжээнд хамгаалдаг гэж ойлгож болох юм. Эмэгтэй хүний тархинд саарал бодис эрэгтэй хүнийхээс харьцангуй их байдаг. Тийм учир эмэгтэй хүний тархи олон зүйлийг нэгэн доор бодож, үйлдэл хийх илүү чадамжтай байдаг байна.�Даяаршлын ардчилсан гэгдэх энэ нийгэмд орчин үеийн соёлжсон хүн бүр тэгш эрхтэй гэсэн зарчмыг дээдлэж, тэр зарчимдаа хүрэх гэж мэрийж байна. Яагаад гэвэл хүн бүр үндсэн хуулиараа ижил тэгш эрхтэй, үүнд хүйсийн ялгаа байх учиргүй гэж заагдсан байдаг хэдий ч, үнэн хэрэг дээрээ энэхүү зарчим нь төгс байдлаар хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи ондоо байдагт байж болох юм. Нөгөөтэйгүүр, хүн бүр адил эрхтэй гэсэн мөртлөө амьдралдаа тэр тэгш эрхээ өөрийн тархины үйл ажиллагааны онцлогоос болоод эдлэж чадахгүй байна. Жишээ нь, балетчин болох хүсэл, мөрөөдөлтэй бяцхан охины хүслийг үл харгалзан мэргэжлийн багш нар “чи чадахгүй чамд тийм авьяас байхгүй” гэж хэлээд урмыг нь хугалдаг. Энэ тохиолдолд тэр охины балетчин болж бусаддтай адил эрхээ эдлэх эрх нь нэг ёсны зөрчигдөж байна. Тэгэхээр хүн бүр тэгш эрхтэй гэж хэлэхэд нэг талаас учир дутагдалтай болж байна.�Социализмын үед хүүхэд бүрийн ерөнхий танин мэдэхүйн мэдлэгийг /кругозор/ сайн хөгжүүлнэ гэсэн бодлогын үүднээс хүүхэд бүрт бүрэн дунд боловсролыг тэгш, заавал эзэмшүүлэх үүднээс бүх хичээлийг ижил түвшинд заавал орох хатуу шаардлага тавьдаг байсан. Барууны сургалтын систем тодорхой анги хүртэл хүүхэд бүрийг чөлөөтэй сэтгэх чадварт суулгах, өөрийн чадамжаа тодорхойлох боломжийг олгож, хөгжүүлэх арга барилаар явдаг. Тодорхой ангид ороход нь тусгай шалгуурааар шүүж, цаашид хүүхдийн авьяас, дур сонирхол дээр нь үндэслэн хөгжүүлэх замаар ирээдүйн мэргэжлийг нь сонгоход чиглүүлж, хөтлөж өгдөг. Ингэснээр хүүхэд өөрийн амьдралын зорилгыг тодорхойлж тэр зорилгодоо хүрэхийн тулд хүч, цаг зав, энергээ сааруулалгүй зориулах тодорхой чиглэлээр амжилтанд хүрэх боломж бүрддэг байна. Энэ нь тухайн хүүхдийн тархины онцлогт суурилан хөгжүүлэх хандлага юм. Манай хүүхдүүд бүгд жигд олон талын авяастай юм шиг боловч тодорхой юмыг төгс хийж чадахгүй байгаа нь харагддаг. Аль чиглэлээр явбал амжилтанд хүрэх вэ гэсэн сонгох, шалгаруулах тогтолцоо байхгүй байна. Генийн хувьд бид хүний төрлийг олж төрснөөрөө тэгш эрхтэй гэгдэх боловч хүн бүр чадвартай, чадваргүй ухаантай, бага ухаантай, авьяастай, авьяасгүй гээд давтагдашгүй төрдөг учир цаад агуулгаараа тэгш эрхтэй гэсэн зарчим мөрдөгдөхгүй байна. Компьютер маш хурдтайгаар тоо бодох тооны үйлдэл хийж, тооцоо гаргах талаараа тархинаас хамаагүй илүү үзүүлэлттэй. Нөгөөтэйгүүр ямар ч компьютер “Энэ бол сайн дарс байна” гэдгийг тодорхойлж чадахгүй. Эсвэл энэ зурсан зураг бол суут зураг байна гэдгийг зөвхөн тархи үнэлж чадна. Хүмүүс компьютерийн эрин зуунд юм уншихаа болиод өөрөө судалгаагаа хийхийн оронд википиди маягийн найдваргүй их сургалжаас олсон саарал мэдээллээ мэдлэг гэж тооцдог болсон. Энэ нь тархийг хөгжүүлэх сайн арга биш, тархи хөгжихөд ч сайнаар нөлөөлөхгүй. Хүн өөрийн гараар, үзгээр бичих үйлдэл нь тархийг хөгжүүлдэг, байнгын дасгал болж өгдөг. Компьютераар бол кнопканууд дээр дарах нэг хэмийн үйлдэл хийх нь тархинд сайн дасгал болохгүй нь ойлгомжтой. Гэтэл тархи мэдээллийг байнга хүсэмжилж, шаардаж байдаг. Ямар төрлийн мэдээллийг /сайн, муу, сөрөг, эерэг, зэрлэг, хүмүүнлэг, ёс зүйтэй, ёс зүйгүй/ давамгай олж авна, тэр мэдээлэл дээр үндэслээд тархи өөрөө биднээс хамарахгүйгээр урьдчилж шийдвэр гарган, үйлдлийг бид нараар хийлгэдэг. Өөрөөр хэлбэл тархи “за чи тэнэг юмаа хий хий, надад ч хэрэггүй тэр мэдээллээр ороод хий хий” гэж дапаалж байна гэж тайлбарлаж болох юм. Google-ийн эрин үеийн хүмүүсийн ой санамж түрүү үеийнхээс хэд дахин буурсан. Энэ байдал нь хүмүүс бидний дархлаа, амьдрах чадвар муудаж байгаад асар ихээр нөлөөлж буй муу үр дагавартай юм. Сүүлийн үеийн хүүхдүүд юмыг цээжлэхээс хойш суудаг болсон нь цээжлээд яах юм компьютер дээр байгаа юм чинь гэсэн хандлага бий болсонтой холбоотой. Тархины чадамжийг сайжруулахад хэл мэдэх асар их сайн нөлөөтэй. Хэдэн хэл мэднэ төдийн чинээ олон сувгаар олон мэдээлэл орж ирнэ гэсэн үг. Нэгээс илүү хэлтэй хүний тархины чадвар илүү сайн байна. Өөрөөр хэлбэл олон сувгаар мэдээлэл орж ирнэ. Олон хэл үзэхийн ашиг нь тэр.�Хүн тархиныхаа тав юмуу долоон хувийг ашигладаг гэдэг яриа ойлголт бидэнд өгдөг байсан. Энэ нь хүний физиологийн болон, анагаахын шинжлэх ухааны үүднээс зөвөөр тайлбарлагдахгүй зүйл юм. Хамгийн хялбархан юмыг шийдвэрлэх, бодож байх үед тархи 100 хувь л ажиллаж байдаг. Нэгэн зэрэг олон юманд санаа зовоод ажиллаж байдаг. Шинжилгээний үр дүнгээр ийм дүн гарсан. Гурван сая цаг видео үзэх тийм хэмжээний багтаамжтай мэдээлэл агуулах боломж хүний тархинд байдаг. Хүн өөрөө хичээж тархийг мэдээлллээр хангаж ой санамжаа тогтмол хөгжүүлж дасгал хийх нь тархи цэгцтэй байдлаар бие организмыг удирдахад сайн нөлөө үзүүлдэг. Тийм учраас илүү ухаантай хүн бол илүү их юм уншсан хүн. Олж авсан мэдээллийнхээ хэрээр эрүүл, байх, аливаа юмнаас болгомжлох, муу юманд өртөхгүй байх, сайн үйл хийх, тэр чинээгээрээ сэтгэл санаа нь амар тайван байх учир гэнэтийн осол, биенд нөлөөлөх зүйл байхгүй л бол илүү удаан амьдрах учиртай байдаг нь нотлогдсон. Тархийг илүү зөв мэдээллээр ихээхэн хангаж, цэгцтэй байлгавал зөв үйлдлүүдийг тархи нь хийлгэнэ. Тэгэхээр муу юм уншиж муу мэдээлэл сонсвол тэр нь тархинд бичигдээд муу үйлдэл хийлэгэхэд хүргэдэг гэж эрдэмтэд үзэж байна. Иймд бидний цөөхөн Монголчууд бие биендээ эерэг сайхан мэдээлэл өгч, урам зориг хайрлаж, өөрсдөө ч өөдрөг сайхан сэтгэлтэй байж сурцгаая. Хэдийгээр тархины гарал үүсэл, хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар олон судалгаа шинжилгээ хийгдсэн гэгдэх боловч дөнгөж анхдагч мэдээлэл ойлголттой байгаа бөгөөд шинжлэх ухаан бүрэн судлаж чадаагүй, эрдэмтдийн сонирхлыг татсан, гүнзгийрүүлж судлах шаардлагатай сэдэв юм.
Ж.ЦОЛМОН АУ-ны доктор, професор