1. Мисс А.Баярцэцэг: Түүхэнд анх удаа Монгол бүсгүй Дэлхийн миссийн тэмцээнд 11 дүгээр байрт шалгарсан нь миссүүдийн зэрэг зиндааг шинэчлэн тогтоов. Мисс А.Баярцэцэг хэлний мэдлэг, мисс хүнд байх ёстой бүхий л чанарыг өв тэгш цогцлоосон бүсгүй. Түүнээс гадна гадаад найз залуутай, олон жилийн турш үерхсэн нь нэр хүндтэй хамт сайн муугаар хэлүүлэх нэг шалтгаан болсон. Тэр утгаараа хамгийн их дуулиантай, өндөр рейтингтэй мисс болсноор оны онцлох хүний нэгээр тодроод байгаа.
2. Шилдэг жүдоч Г.Отгонцэцэг: “Рио-1016” олимпийн хүрэл медальт энэ бүсгүй Казакстан улсын нэрийн өмнөөс барилдан энэхүү өндөр амжилтыг гаргасан юм. Женко Х.Баттулга барилдуулахгүй гэж хөөсөн, жинд нь монголын нөлөө бүхий жүдоч гарах болсон учир жийгдсэн гэхчлэн ямартай ч гадуурхагдсан тамирчин гэх бор шувуу нисэж байв. Гэвч цаг нь ирсэн байж. Бүсгүй Казакстан улсын иргэн болж өндөр шагнал, шан харамж авсан ч элэг нь эх орон руугаа тэмүүлдэг гэлтэй. Саяхан “Өнөр бүл” хүүхэд асрахын багачуудад шинэ жилийн бэлэг өгч, мөнгөн туслалцаа үзүүлсэн байна билээ. Өөрийнх нь өрсөлддөг жинд Монголын тамирчин М.Уранцэцэг №1 тул түүнд мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тухайн үед өөр сонголт байгаагүй. Нэгэн сонирхолтой түүхийн эзэн юм даа.
3. Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа: “Рио 2016” олимпийн наадамд элэг нэгтнүүдээ огшоосон жүдоч Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Чадварлаг тамирчнаас гадна эмэгтэй хүний хувьд топ Э.Одгэрэлтэй тун төстэй тэрбээр тэр даруйдаа брэндийн рекламны нүүр царай болсон. Түүнд зориулсан, амьдралаас нь сэдэвлэсэн “Цагаан хадаг” кино төд удалгүй олны хүртээл болсон юм. Олимпод явахаас нь өмнө кино багийнхан ажилдаа орсон байсан нь билэгшээлтэй хэрэг. Тэр чадварлаг тамирчнаас гадна фото моделийн карьер хөөсөн ч хол хоцрохгүй нь содон шүү.
4. Топ Д.Пүрэвсүрэн: Анх “Найм дахь гариг” хамтлагийн “Арван жилийн дурсамж” дууны клипээр олны танил болж байсан бүсгүй тэр үеэс дуулиан шуугиантай амьдарсан. Арван найман насандаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж харин салахдаа Топ модель шагналыг авсан гэдэг. СУИС төгссөн бүсгүй кино урлагт цөөнгүй кинонд тоглон карьераа тунхагласан. Өдгөө гурван хүүхдийн ээж болсон тэрбээр энэ жил дахин загварын тайзнаа гарахгүй гэдгээ мэдэгдэж зодог тайлсанаа албан ёсоор зарласан. Гэхдээ санаа зоволтгүй, фото моделийн карьераа хөөнө гэсэн шүү.
5. Хийлч, нугараач Б.Золбоо: Нугарангаа хийл тоглодог энэ бүсгүй “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа гарснаар хормын дотор од болсон. Улмаар үнэхээр нугарангаа хийл тоглож байгаа үзүүлбэрээ клипжүүлж шоунаас хасагдсан даруйдаа цацсан нь цагаа олсон үйлдэл байлаа. 2016 оны шинэ од, шинэ трэндийг тэр тогтоов.
6. Хийлч, шүүгч Г.Дэлгэрцэцэг: “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч болсноор олонд нээгдсэн хийлч Дээгий энэ оны содон хүн яах аргагүй мөн. Түүний үг, үйлдэл болгон дуулиан сенсааци дагуулж байдаг. Олон нийт хамгийн халуухан бүсгүйгээр Дээгийг нэрлэдэг. Бүр ямар ч эргэлзээгээгүйгээр.
7. “Гацуурт”-ын Ч.Номин: “Mongol HD” телевизийн захирал Ч.Номин дэлхийд нэртэй шоуг амжилттай зохион явуулснаараа олны танил боллоо. Тэр сэтгүүлч, сэтгүүлзүйн салбарын хүн биш. Гэхдээ цор ганц хаалтын гэрээгүй телевизийг хөл дээр нь босгож жинхэнэ чанартай контент гэж юу болохыг утгаар нь илэрхийлсэн. Түүнийг аав Л.Чинбатыгаа “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа гарган үг хэлүүлснээс болж шинэ хардлага үүссэн. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд эрхэм захирлыг санаархаж байна гэх шуум дэгдсэн. Тэр утгаараа гэр бүлээрээ оны онцлох, олны хараанд байгаа шүү, эднийхэн.
8. Дуучин Э.Чулуунчимэг: Нийтийн дууны ертөнцөд тэсрэлт хийж шинэ уран бүтээлээр бөмбөгдөх шиг болж байгаа хүн бол дуучин Э.Чулуунчимэг. Энэ жил бие даасан уран бүтээлдээ орж, шинэ сингл цомгоо гарган шинэ клипээр ч бөмбөгдөж байгаа. Үеийнхнээсээ уран бүтээлийн олз омгийн хувьд хол тасархай яваа бүсгүй нийтийн дууны ертөнцийн шинэ хатан хаан тодотголд энэ жил хүрээд байгаа. Энэ салбар нэн шинэ дүр төрхтэй болсон нь түүний имиж бүрдүүлэлтээс илхэн харагдаж байгаа билээ.
9. “Монсоник”-ийн Б.Баярмаа: Баян айлын охид дундаас онцгойрон фэшн гүнж болсон Б.Баярмаа энэ жил хурганы арьсан дээлийг моодонд оруулсан нь онцлог байв. 15-20 хүртэлх сая төгрөгийн хурган дээл нь энэ өвлийн трэнд болж баячууд хуйлран авч өмсөж байгаа. Ганган байх нэг хэрэг. Шинэ трэнд үүсгэж зах зээл эзлэх өөр хэрэг. Тэр утгаараа Б.Баярмаа мэргэжлийн дизайнеруудаас хол тасархай эрэлттэй болоод байна.
10. Хөтлөгч, багш П.Анужин: “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөс буусан ч гандан буурахгүй яваа хүн бол П.Анужин. Энэ бүсгүйг УИХ-д нэр дэвшинэ гэж төсөөлж байсан хүмүүсийн таамаг ёсоор болсон. Ялагдал хүлээсэн, шинэ хүнээ өлгийдөн авсан, богино хугацаанд эргэн олон нийтийн анхааралд орж ирсэн гэхчлэн олон чухал үйл явдлын ард П.Анужин гарлаа. Анх гэр бүлтэй, тэгш амьдралтай бүсгүй олны өмнө гарч ирж байсан бол өдгөө ганц бие ээж болжээ. Гурван хүүхэдтэй ч карьер хэрхэн хөөх, эмэгтэй хүн хэрхэн гэрт орж эм гадаа гарч эр болж энэ нийгмийн шуургыг сөрөхийг тэр утгаар нь харуулж байгаа.
Эх сурвалж: Zuv.mn