-Нөхөрт гарчихсан юм уу. 19 настайдаа юу? Од больё гэж байгаа бол нөхөртэй гэдгээ болж өгвөл хүнд битгий хэлээрэй хэмээн захисан “туслах” нь Оливиад сэтгүүлд зургаа авахуулах, ярилцлага өгөх ёстойг нь ч бас сануулаадхав. “Доктор Хаус”-д бүтээсэн түүний дүр, Хью Лорид талтай, эсэх гэх мэт нэг нэгнээсээ ялгагдах юмгүй 30, 40, магадгүй 100 асуултад тэр хариулсан. “Оны хамгийн тачаангуй бүсгүй байх нь надад таалагддаг уу гэж үү.
Эсвэл Америкийн залуус яагаад ийм идэвхгүй болчихсон талаар надаас асуух хэрэгтэй юү. Үгүй ээ, аль нь ч надад сонирхолтой санагдахгүй байна. Би зүгээр л өөрийнхөө хүссэн зүйлийн тухай яримаар байна…” гэж Оливиа бодож болох юм. Гэхдээ ингэж хэлэх эрх түүнд байхгүй. Хүмүүс түүний хагас нүцгэн бие, дур булаам төрхийг харахын тулд мөнгө төлдөг. Түүнээс биш тэр хүн яг үнэндээ юу хүсэж мөрөөдөж явдгийг төдий л сонирхохгүй байж мэднэ.
Холливудын дүрэм тэр. Хаалга тогшсон бол тогло. Алдар нэрд хүрсэн хэн ч түүнийгээ хадгалахын төлөө бүхнийг хийнэ. Холливудад “амьд үлдэх”-ийн тулд дүрмийг зөрчих ёсгүй, тэр тусмаа тоглоомоос гарч болохгүй гэдгийг Оливиа Уайльд сайн ойлгож авчээ. Мэрил Стрипийг тэрбээр шүтэн биширдэг байв. Яг л түүн шиг жүжигчин болохыг хүссэн ч…
-Нөхөр чинь юу хийдэг вэ, найруулагч юм уу?
-Тэр арт-хаус кино хийдэг, бас гэрэл зураг…
-Тао байхдаа яахав дээ, хятад юм уу?
-… Ийм л товчхон яриа. Алдарт хүрэхийг хүсвэл, жинхэнэ жүжигчин болохын тулд тэрбээр илүү дутуу “ачаа”-гаа хөнгөлөх ёстой гэдгийг энэ ярианаас Оливиа ойлгов. Ачаа гэдэг нь нөхөр нь. Жүжигчин болохыг хүссэн мянга мянган хар, шаргал, хүрэн үстнүүдийн дөнгөж нэг хувь нь л зорьсондоо хүрдэг. Гэхдээ өөртөө байсан бүхнээ түүний төлөө золиослодог гэдэг ч Холливудын дүрэм. Жүжигчин Жули Кристигийн нөхөр Оливиаг анх Тао Располитай танилцуулжээ. Тэр итали хүн. Эцэг эх нь буддын шашинтай болохоор хүүдээ итали хүнд зохимооргүй ийм нэр өгсөн хэрэг. Язгууртан гаралтай, Италид өөрийн гэсэн цайзтай залуу уранхай жинсэн өмд өмсчихөөд Калифорнид аялж явахдаа Оливиа Уайльдтай танилцжээ.
Продюссер Лесли Кобёрн, сэтгүүлч Эндрю нарын гэр бүлд мэндэлсэн Оливиа урлагт, уран бүтээлд ойр өссөн гэдэг. Вашингтонд дунд сургуулиа төгссөний дараа Массачусетсийн Филиппийн академид суралцаж, хожмоо Ирландын Дублин хотод жүжигчний сургуулийг дүүргэжээ. Оливиа, Тао хоёр автобусанд гэрлэсэн гэдэг. Таогийн амьдардаг байсан, тохь тухгүй, хуучин автобусанд хэдэн нөхдөө уриад л хуримаа хийчихсэн аж. Хуримаа хийсэн, нөхөртэйгээ хамт бал сарын аяллаа ч өнгөрүүлсэн хуучин автобусныхаа талаар Оливиа олон ярилцлагад дурссан нь бий. Дараа нь Оливиа “Доктор Хаус” олон ангит киноны дүрийг бүтээж, Холливудын хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн тоонд багтсан хойноо Таотай дахин хурим хийсэн билээ.
БИ “ЗЭРЛЭГ” БИШ
“Манай гэрт дандаа л маргаан өрнөж байдагсан. Гэхдээ энэ хэрүүл биш л дээ. Улс төр, урлаг, кино, амьдралын талаар ээж, аав хоёр маргаж, тэр дундаас нь би өөрийн гэсэн төлөвшлийг олж авсан юм” хэмээн Оливиа хожим нь ярьжээ. Мик Жаггер, Ричард Холбрук гээд тэр үеийн алдартнуудын яриаг чагнаж өссөн Оливиа Холливудын дүрэмд захирагдсан ч өөрийнхөө зарчмыг алдалгүй яваа гэж кино шүүмжлэгчид үздэг. Оливиа Уайльд 13 настайдаа гэрээсээ оргож, хэрмэл хөгжимчидтэй хамт амьдарчээ. Дараа нь үсээ хусаж, пирсинг, шивээс хийлгэж, рэп сонсож ч үзэв. Мисс Располи болсон хойноо ч тэрбээр хааяа нэг зүггүйтэж байсан. Гэхдээ тэр гэр бүлтэй гэдгээ Холливудын гярхай гэрэл зурагчид, хаанаас ч юуг ч олоод сонсчихдог сэтгүүлчдээс санасныг бодоход удаан нууж чаджээ.
Оливиа хайртай зохиолчийн овгоор “хоч нэр”-ээ Уайльд хэмээн сонгов. “Зэрлэг Оливиа бүхнийг чадна” гэсэн гарчиг бүхий нийтлэлүүд сонинд гарахын өмнөхөн тэрбээр “Orange County” олон ангит кинонд охинтой үнсэлцэж үзсэн аж. Миша Бартоныг үнссэн азтай Оливиа ч тэр дороо нэрд гарч, зар сурталчилгаа, нэвтрүүлэг, олон ангит кинонд тоглох болов. Жорж Клуни түүнийг анх хараад “Чи жинхэнэ од болох ёстой” хэмээн уулга алдсан тухай тэр үед хэвлэлээр шуугиж байлаа. Тайз, дэлгэцэнд яахаас ч буцахгүй бүсгүй байж чаддаг Оливиа амьдралд хэнд ч, юунд ч баригдаж, захирагдахыг хүсдэггүй, өөрийнхөө хүссэнээрээ амьдардаг мисс Тао хэвээрээ байсан аж.
13-ДАХЬ
Тэр үлгэрт итгэдэггүй. “Доктор Хаус”-ыг бүтээгчид кино ертөнцөд “бөмбөг тэслэх” зорилготой байлаа. Тийм ч учраас олон ангит кино, зар сурталчилгааны “од” Оливиаг сонгон шалгаруулалтын үеэр онцолж харсангүй. Зураг авалтын эхний өдрөөс л Оливиа зүгээр л нэг царайлаг бүсгүй биш, бас чамгүй жүжигчин гэдгээ мэдрүүлэхийг хичээж байв. “Доктор Хаус”-ын бусад дүрийг бүтээсэн жүжигчидтэй бас найзлаад амжжээ. Компьютерийн тоглоомоор бүхнийг хэмжиж, хачиртай талх “чихсэн” залууст Америкийн хувь заяа тэднээс л шалтгаална гэдгийг ухуулах амаргүй ажилд “Доктор Хаус”- ын баг зүтгэсэн. Үүнийх нь төлөө Ерөнхийлөгч Барак Обама түүн рүү утас цохиж баяр хүргэсэн удаа бий.
“Доктор Хаус”-ын 13 дахь. Түүнийг хүмүүс ингэж нэрлэдэг. Шинэ үеийн Лара Крофт хэмээн бүтээсэн дүрийг нь үнэлж байхад ч Оливиа мөнөөх л 13 дахь хэвээр байна. “Оскарын хараал”. Вивьен Ли Ларри Оливьегээс, Одри Хепберн Мэл Феррерээс, Кейт Уинслет Сэм Мендесээс “Оскар”-ын шагнал авсныхаа дараа салсан. Хараал биш ч байж мэднэ. Гэрэл зурагчид, инээмсэглэл, хаа сайгүй угтах алга ташилт, их мөнгө, алдар нэр заримдаа хүмүүсийн харилцаанд сэв суулгадаг. Оливиа Тао хоёр өнгөрсөн онд хоёр тийшээ болсноо зарласан. …Хувийн амьдралаа олны өмнө дэлгэж тавихгүй гэсэн Хью Лоригийн үгийг Оливиа одоо давтдаг болов. Холливудад, гэхдээ өөрийнхөө дүрмээр амьдарч чадах хүртлээ тэр “өсөж” том болжээ. Милитари загварын цамц, төмөр бугуйвч, жинсээр гоёсон Оливиа далайн эрэгт суугаад, үеийнхнээсээ хамаагүй хэрсүү төлөвлөгөө боловсруулж суугаа ч байж мэднэ.
Х.ОД
unuudur