Цалингаас цалингийн хооронд амьдрахаас залхаж байна уу? Бүсгүйчүүд бидэнд ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой болох боломж бий. Дараах таван арга замаас аль нэгийг нь сонгоорой.
1. Форекс
Валютын зөрүүнээс ашиг олж болох тухай дуулж байсан уу? Мөнгөн тэмдэгт бол зөвхөн эрчүүдийн оролдох ёстой зүйл биш. Японд эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү форексын бизнесээс ашиг олж байна. “Кимонотой арилжаачид”-аас монгол бүсгүйчүүд маань юугаараа дутах билээ? Хэрэв чамд санхүүгийн тодорхой хэмжээний мэдлэг байгаа бол, үнэт цаасны өсөлт уналтын үелзэлийг урьдчилан тооцоолж, түүнээсээ ашиг олох боломж нээлттэй бий. Гэртээ интернэттэй байхад л чи форексын зах руу нэвтэрч чадна. Монголд Форексын сургалт явуулдаг “Ашигтай арилжаа” (http://ashigtaiariljaa.mn), Forex (forexmn.com) зэрэг компаниуд үйл ажиллагаа эрхэлж байгаа.
2. Хувьцаа
Ямар нэгэн өсөх ирээдүйтэй компанийн хувьцаа эзэмшигч болсноор, чи жил бүрийн тодорхой өдөр өөрөөсөө тийм ч их хичээл зүтгэл гаргалгүйгээр орлого олоод байх боломжтой. Наймдугаар сарын нэгнээс өмнө “Эх орны хишиг”-ээ хувьцаа хэлбэрээр авах хүсэлтээ гаргасан уу? Тэгвэл маш сайн байна. Бэлэн мөнгөнөөс илүү, хувьцаа нь дараа нь эргэлдэх, буцааж зарах мэтээр яаж ч ашиглаж болох жинхэнэ хөрөнгө юм. Заавал Оюу Толгойн хувьцаа ч гэлтгүй, өөр ямар ч ХХК-н хувьцааг худалдаж авч болох юм. Гол нь эрсдэлгүй наймаа хийхийн тулд бүсгүй чи санхүүгийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.
3. Бизнесийн төлөөлөгч болох
Энэ бол эмэгтэйчүүдийн нэг гайхамшигт чанар болох “хуваалцах” чанар дээр суурилсан бизнесийн арга юм. Хэрэв чи ярианы ур чадвар сайтай, “нүүрний буян”-тай бас наймааны одтой бол “сүлжээний бизнес”-т үзээд алдахад юу нь болохгүй билээ? Гол нь найдвартай, олон улсын зэрэгтэй компанид элсэх нь чухал юм. Гэхдээ энэ нь зөвхөн ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох боломж болохоос, тогтвортой цалин өгөх эх үүсвэр биш гэдгийг санаарай.
4. Хоббигоороо мөнгө хийх
Олон бүсгүйчүүд өнөөдөр өөрийнхөө хоббиг орлогын эх үүсвэр болгон ажиллаж байна. шүр сувсаар эдлэл хийх, гэрийн нөхцөлд саван хийж худалдаалах, өөрийн гэсэн хоолны сургалт эрхлэх, гэрийн тэжээвэр амьтан асрах гэх мэтээр. Чи ямар хоббитой вэ? Хобби болгонд тохирсон бизнес хаа нэгтээ байж л байдаг. Багаасаа мөрөөддөг байсан зүйлээ ч одооноос хийж эхлүүлж болно шүү дээ. Чадахгүйн зовлон үгүй. Одоо үед хүн юуг л бол юуг дорхноо сурчихаж чаддаг болсон. Хэрэв чамд өөрөө сурах зав гарахгүй гэвэл, чамтай санаа нийлдэг, ижилхэн зорилготой бүсгүйчүүдийг олж хамтран бизнес хийж болно. Гол нь энэ нь чамд амьдралын баяр баясгалан өгөхөөс гадна, санхүүшийн бэрхшээлд чинь жаахан ч атугай тус болно.
5. Онлайн дэлгүүр нээх
Онлайн хувцасны дэлгүүр бол бүсгүйчүүдэд хамгийн ээлтэй жижиг хэлбэрийн бизнес юм. Хэрэв нөөц хөрөнгө байгаа бол, онлайн биш бодитоор дэлгүүр нээх ч боломжтой. Гэхдээ энэ нь эхний ээлжинд эрсдэлтэй учраас, интернэт дэлгүүрийг туршаад үзэхийг зөвлөж байна. Хамгийн түрүүнд зах зээлээ судалж, хэдээс хэдэн насны, ямар хэрэглэгчдэд зориулсан бараа худалдаалахаа тодорхойлох хэрэгтэй. Үүнийг эхлүүлэхдээ бизнесийн болон маркетингийн мэдлэгтэй найзаасаа тусламж хүсээрэй. Амжилт хүсье, зоригтой бүсгүй минь!
Goolingoo.mn