1856 онд Австрийн эзэнт гүрэнд төрж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд Франц, АНУ-д амьдран Америкийн иргэншилтэй болсон физикч, инженер, цахилгаан болон радио техникийн салбарын зохион бүтээгч Никола Теслаг мэдэхгүй хүн ховор биз. Тэрбээр XIX зууны сүүл ХХ зууны эхээр цахилгаан, соронзон орны шинж чанарыг судлан шинжлэх ухаанд хувьсгал хийсэн гэдгээрээ алдартай. Зарим хүмүүс түүнийг Александр Грэм Бэлл, Томас Эдисоноос илүү суут бүтээл зохион бүтээсэн гэж үздэг. Хэт авьяастай суут хүмүүсээс солиотой гэмээр авир гарах нь бишгүй. Тиймдээ ч Николагийн бүтээлүүд дунд хачирхалтай зүйлс олон бий. Харин санал асуулгаар хамгийн “утгагүй, солиотой ” хэмээн дүгнэгдсэн таван бүтээлийг сонирхуулъя.
ХОЛБОГЧ УТАСГҮЙГЭЭР ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ
1893 онд буюу одоогоос бараг 120 жилийн тэртээ Чикаго хотод болсон Олон улсын үзэсгэлэнгийн үеэр Никола Тесла цахилгаан динамик индукц хэмээн нэрлэсэн процесст хэд хэдэн фосфорын ламп асаан цахилгааныг утасгүйгээр дамжуулах төхөөрөмж хэмээн танилцуулсан юм.
Энэ технологи нь нэгэн сайхан өдөр тав тухтай амьдрахад шаардлагатай эрчим хүчийг алслагдсан бүсүүд рүү агаараар дамжуулан цахилгаан эрчим хүч түгээхэд тусална гэж мөрөөдөж байлаа.
РЕНТГЕН
Цахилгаан соронзон орны салбарт хийсэн Николагийн судалгаануд нь хүний биеийг судлах дэлхийн рентгенийн мэргэжилтнүүдэд ихээхэн тус хүргэсэн. Гэхдээ 1880-аад оны сүүлээр түүний энэ санаа нь ач тустай гэхээсээ илүүтэйгээр ухаангүй мэт санагдахуйц байв. Хэдийгээр рентгений нээлтийг 1895 онд Германы эрдэмтэн Вильгельм Рентген хийсэн гэгддэг ч чухамхүү Тесла Рентгенээс найман жилийн өмнө энэ технологийг ашиглаж байсны дээр хүн дээр цацрагийг хэрэглэх нь зарим талаараа аюултай гэдгийг анзаарсан байж.
ҮХЛИЙН ЦАЦРАГ
1930-аад онд Никола Тесла “үхлийн цацраг” хэмээн нэрлэсэн зэвсэг зохион бүтээжээ. Онол ёсоор бол энэхүү төхөөрөмж нь эрчим хүчний эрчтэй чиглэгдсэн урсгалыг үүсгэж чадах байж. Тиймээс энэ боломжийг дайсны онгоц, арми болон бусад зүйлсийг устгахад ашигтай хэмээн Тесла үзжээ. Хэдийгээр Тесла хэд хэдэн цэргийн байгууллагад төхөөрөмжөө зарах гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болоогүй гэдэг.
РОБОТ ТЕХНИК
Ирээдүйд маш олон тооны роботууд хүмүүсийн ажлыг аюулгүй, үр дүнтэй хийх болно гэж Тесла төсөөлдөг байв. 1898 онд тэрбээр радио холбоогоор удирддаг катер зохион бүтээснээ нийтэд үзүүлсэн бөгөөд олон хүн үүнийг “роботын үүсэл” хэмээн нэрлэдэг юм. Тухайн үедээ түүний энэ бүтээл ухаангүйд тооцогдож байсан ч Тесла тун удахгүй дэлхий ухаалаг машин, робот, автоном системээр дүүрнэ гэж зөгнөсөн байдаг.
ГАЗАР ХӨДЛӨЛТ ҮҮСГЭХ МАШИН
Робот техникийн өвгийг бүтээсэн тэр жилдээ буюу 1898 онд Тесла барилга болон түүний ойр орчимд байгаа бүхий л зүйлийг чичирхийлүүлж чаддаг хэлбэлзлийн генератор зохион бүтээсэн хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү төхөөрөмж нь нэг килограмм орчим жинтэй ч чичирхийлэлт бүр барилгын давалгааны нугаралтад илүү их эрчим хүч нэмж байхуйц үелзэл дээр хэлбэлзлийн хугацааг тохируулж чадсан байна. Ийм чичирхийлэлт тоо ёсоороо гарвал том барилгыг ч хэдэн хэсэг нураах чадвартай байж. Бүтээл нь онцгой аюултай гэдгийг ухаарсан Никола генератороо алхаар цохин эвдэлж, ямар нэг зүйл болбол нэн даруй мэдэгдээрэй хэмээн ажилтнууддаа даалгаж байжээ.