Монгол Улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр дагнасан телевиз нээгдэх гэж байгаа. Дэлхийд алдартай “F TV”-ийн захирал Мишел Адам өнгөрсөн жил манай улсад ирэх үеэрээ загварын суваг байгуулбал хамтран ажиллах боломжтой гэсэн юм.
Тиймээс “Монголын загварын суваг” нэртэй суваг Харилцаа холбооны зохицуулах хорооноос цацалтын албан ёсны тусгай зөвшөөрөл, гэрчилгээгээ авсан байна. Харин тус телевизийн албан ёсны нээлтийн ажиллагаа өчигдөр орой “Нүхт” цогцолборт болжээ.
Нээлтийн ажиллагааны үеэр эх орондоо төдийгүй олон улсад өөрийн бүтээлээрээ танигдсан загвар зохион бүтээгчид бүтээлээсээ сонирхуулсан гэнэ. Мөн Монголын хамгийн том өндөр өсгийтийг танилцуулжээ.
Энэхүү аварга бүтээл нь дөрвөн метр урттай байсан бөгөөд гуталтай хослох бусад хэрэглэлийг ч том хэмжээтэй урласан гэнэ. “Монголын загварын суваг” нь загварын ертөнцөд хамаарах 20 гаруй булантай байх бөгөөд эх орныхоо төдийгүй дэлхийн загварын ертөнцийн мэдээ мэдээлэл, бүх төрлийн контентийг 24 цагийн турш тасралтгүй хүргэх ажээ.
С.АЛТАНЦЭЦЭГ /Medee.mn/