УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий, “Оргио” брэндийг үүсгэн байгуулагч хатагтай Э.Туул жил орчмын өмнө Mom center группээс зохион байгуулсан ээжүүдийн уулзалтад оролцсон тухай яриа хэсэгтээ намдаагүй. Тэрбээр танхимд орж ирэнгүүтээ уур амьсгалыг өөрчилж, халуун дулаан орчин үүсгэн, дотно яриа өрнүүлсэн. Энэ үедээ ээж хүний үүрэг, чин сэтгэл, талархаж сурах зэрэг олон асуудлыг дэвшүүлж байв. Цугласан бүх ээжүүд хүслээ бичиж хийсэн хайрцагнаас хоёрыг сугалж, биелүүлж өгөхөө амласан юм. Түүний оролцсон эвент, байгаа орчин ийм хүнлэг уур амьсгалтай болдог учраас бүсгүйчүүд хамрагдахыг маш их хүсдэг юм. Э.Туул хүмүүнлэгийн үйлс болон мэдлэг боловсролоороо гайхуулдаг нэгэн. Тэрбээр эдийн засгийн ухааны магистр, одоо докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй. Мөн үүний зэрэгцээ дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх”-ийн одонт эзэгтэй. Түүнийг аялагч гэдгээр нь инстрам хэрэглэгчид андахгүй мэднэ. Аялсан газар, орон бүрийнх нь талаар өргөн мэдээлэл авсаар ирсэн билээ. Тэгвэл нийгэмд түгээдэг эерэг энергиэрээ олны таашаал хүлээдэг эрхэмсэг хатагтай өөрийгөө чамлаж, “муу муухай зангаасаа салах сан” гэж дотоод сэтгэлээ илэрхийлжээ.
Эдгээр өдрүүдэд Э.Туул Бутаны хаант улсаар аялж байна. Тэрбээр бутанчуудын аз жаргалыг бахдаж, бурхны шашны төвүүдээр зочлон, бясалгаж яваа бололтой. Түүний анхны сэтгэгдэл нь “Муу муухай зангаасаа салах юмсан… Нэн түргэн” гэсэн бодрол байв. Бутаны хаант улсыг хамгийн аз жаргалтай орон хэмээн тодорхойлоод, ёс заншил, өв уламжлалаа орчин үед шингээн авч яваа туршлагыг нь бахдан бичжээ. Эмнэлгийн салбарт л гэхэд 800 мянган бутан иргэн дэлхий даяар суралцан ирж, улсынхаа үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээнд хувь нэмрээ оруулдгийг тодотгосон. Эрүүл мэнд, боловсролын салбарт улсаас үнэгүй өгдөг үйлчилгээнүүд, иргэд нь өвөг дээдсийнхээ заншлыг бидэн шиг “сармагчлан” дуурайлгүй, орчин цагтаа уялдуулан авч явж чаддаг нь аялагчийн сэтгэлийг хөдөлгөжээ. Монголын нийгэмд үлгэр дуурайл болсон бүсгүйд өөрийгөө чамлаж, зан аалиа засах сан гэх сэтгэгдэл төрүүлтэл хөглөж чадсан Бутан улсын гайхамшиг үүгээр дуусахгүй. Хааны зарлигаар аялал жуулчлалын салбарт өндөр босго тогтоодог. Тухайлбал, жилд 200 мянгаас хэтрэхгүй жуулчин авдаг. Гэхдээ нэг хүн хоногт дор хаяж 250 ам.доллар зарцуулна. Ингэхдээ үндэсний брэнд хэрэглэж, дотоодын үйлчилгээгээр үйлчлүүлнэ гэх мэтээр хязгаар тавьдаг. Энэ шалгуурыг хангахуйц чинээлэг аялагчдад л Бутан улс үүдээ нээдэг юм. Э.Туул зөвхөн аялсан газрын сонин сайхнаар хязгаарлагдах хүн биш. Ядуурлын эсрэг санг өөрийн нэрээр байгуулж, үе үехэн чимээгүйхэн өглөг, дэмжлэг үзүүлсээр ирдэг буяны үйлстэн. Мөн гоо сайхан, эрүүл амьдрахуйн эвентүүдэд зочноор оролцож, өөрийн сайн сайхан яваа нууцаа харамгүй хуваалцдаг. Нийгэмд эерэг энерги түгээж, үлгэр дуурайл болох нь лидерүүдийн гэр бүлд эрхэм үүрэг гэдэгтэй санал нэгдэж, үйл ажиллагаагаа ч энэ чигт хандуулдаг Э.Туулын дагагчид дараагийн аяллын сонин сайхныг нь хүлээн суугаа биз.
ЗГМ