Сүүлийн үед найруулагч Ж.Сэнгэдоржийн найруулсан Франц-Бельгийн жүжгийн зохиолч Эрик Эмунауель Шварцын зохиолоор тавьсан “Хоёр ертөнцийн буудал“ жүжиг шиг сайн жүжиг бараг үзээгүй санагдлаа. “Х ТҮЦ”-ийнхэн тоглосон хятадын сонгодог зохиолоор бүтсэн өмнө нь “Алтан цэцгийн хараал” кино болсон “Аянгын бороо” жүжгийг л үзэж байхад үүн шиг сэтгэгдэл төрж байсан санагдана. Энэ жүжгийн зохиолч франц хүн атлаа өгүүлж байгаа жүжгийн гол санаа нь өрнийн гэхээсээ дорнын өнгө аястай байсан нь их гайхал төрүүлэв. Буддын шашинд ийм дундын орныг Бардо гэж нэрлэдэг бөгөөд хүн үхэхдээ ч ийм дундын орныг заавал дамжиж байж үхлийн оронд очдог гэж үздэг. Энэ тухай бүр тухайлан бичсэн “Бардо тоодол” буюу “Сонсгоод” гэж судар байдаг.
Гэтэл энэ жүжигт яг тиймэрхүү дундын оронд түр байгаа хүмүүсийн амьдралыг харуулсан нь хийсвэрлэл гэхээсээ одоо бидний амьдарч байгаа энэ орон ч бас л түр зуурын буудал шүү дээ гэсэн санааг давхар харуулжээ. Жүжиг гэдэг драм буюу зөрчлийг үзүүлдэг тэгвэл энэ жүжиг эхлэхээсээ дуусах хүртлээ тэр чигээрээ драм болсон нь гайхамшигтай. Бие засмаар болоод байсан ч тэссээр байгаад дуусгасанаа хэлье. Тэгэхээр нэг үзээд эхэлсэн хүн босч чадахгүй болж байна гэсэн үг. Иймэрхүү үхлийн тухай зохиол, жүжиг, их хар ойлгоход их хэцүү философи давамгайлсан байдаг. Гэтэл энэ жүжигт тэгж цэцэрхээд байгаа юм огтоос алга. Тайз засал хувцаслалт маш энгийн.
Үхлийг голдуу л хадуур барьсан хар нөмрөгтэй хүнээр үзүүлдэг бол энд харин ч цав цагаан хувцас цагаан тайзтай байх юм. Аргагүй л Ж.Сэнгэдорж найруулагч хүүхэд залуучуудын театрт олон жил ажилласан болоод жүжиг тавихдаа бараг киноноосоо илүү тавих янзтай юм байна. Түүний бусад найруулагчдаас давуу нэг тал байдаг нь жүжигчидтэй их аятайхан ажилладаг мөн дүрийн сонголт хийхдээ сайн юм билээ. Миний зохиолоор бүтсэн “Бодлын хулгайч” кинонд хамт ажиллаж байхдаа энэ чанарыг нь анх олж харсан билээ. Эхлэл пролог хэсэг дуусмагц баахан цагаан хувцастай хүмүүс гарч ирсэн цагаас энэ бол үхлийн өмнөх хүлээлгийн өрөө гэсэн санаа тодорч эхлэнэ.
Гэрэл тавилт нэг их гял цал олон өнгөтэй биш улаан цагаан шар гурван өнгийг учрыг нь яг олоод тавих ёстой газар нь тавьчихжээ. Жүжигчдийн тоглолт их энгийн атлаа хүчтэй байлаа. Манай театрынхан хэт тоглолтонд их дуртай байдаг. Зориудаар хашгирах зэргээр overact их гаргадаг. Гэтэл энэ жүжиг тэгсэнгүй. Мөн бас нэг том гамшиг бол үзэгчид хошин шог үзсээр байгаад инээд муутай болчихсон болохоороо хэрэгтэй хэрэггүй зүйлд инээх гээд байдаг аймаар зантай болсон. Тэгээд өнөөх тв коктейлийнхэн тоглож байгааг ч хэлэх үү. Эхэндээ үзэгчид инээх л өө хайгаад байснаа сүүлдээ энэ чинь инээдэм биш ханиадам юм байна гэдгээ ойлгоод харин ч бүр алга ташин баяр хүргэж жинхэнэ үзэгч шиг байлаа.
Ерөнхийлөгч байсан хүн тэндээс ухаарал өвөртлөөд дэлхий рүүгээ буцаж байхад цэвэрлэгч байсан хүүхэн үхэл рүү шууд явчихаж ч байх шиг. Жүжигчид маш чамбай хэлэх үг санаагаа хүнд хүргэх тал дээр гайхалтай байлаа. Бүгдээрээ л хошин шогийн жүжигчид гэхэд жинхэнэ сонгодог жүжигт тоглохдоо марзагнаад байсан юм огт алга байлаа. Эрик Эмунауэль Шварц бол 2008 он хүртэл Брюсельд амьдарч олон жүжиг ном эссэ гаргасан сайн зохиолч. 1960 онд төрсөн харьцангуй залуу ч хүн. Тэрээр олон шашныг судлаж зохиол бүтээл туурвиж байсан бөгөөд тэгээд ч энэ зохиолдоо нилээд өрнийн философи барьсан юм байна. Эцэст нь хэлэхэд ийм жүжиг дандаа гардаг бол дандаа л үзмээр байна. Одоо бид оросын хэдэн зохиолчдоос холдох цаг хэдийнээ болсон. Энэ мэт сайн сонголтыг хийсэн продюсер найруулагч нартаа баяраллаа.
Сэтгүүлч Д.ТӨРМӨНХ /Chuhal.mn/